Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“РОСАТОМ” УЗБЕКИСТАНЫ ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧНИЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ БЭЛТГЭХ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛЖ БАЙНА

Ч.Сансар

Санхүүжилтийн хүндрэл тулгарч байгаа хэдий ч Оросын цөмийн эрчим хүчний “Росатом” агентлаг Узбекистаны ирээдүйн атомын цахилгаан станцад ажиллах узбек мэргэжилтнүүдийг бэлтгэх тусгай сургалтын хөтөлбөр боловсруулж байна.

"Уг хөтөлбөрийн хүрээнд жижиг реакторуудын онцлогт тохирсон сургалтын материал боловсруулах, холбогдох салбарын мэдлэг нэгтгэх, практик сургалтыг бэхжүүлэх зэрэг ажлууд хэрэгжинэ" гэж Узбекистаны цөмийн эрчим хүчний агентлагийн нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.

Ташкентаас баруун өмнө зүгт 200 орчим км-ийн зайд орших Жиззах мужид атомын цахилгаан станцаа барихаар төлөвлөж буй бөгөөд хажууд нь сургалтын төв байгуулж, олон зуун узбек мэргэжилтэн бэлтгэх юм. Узбекистаны Цөмийн эрчим хүчний агентлагийн мэдээлснээр, уг хөтөлбөр нь боловсон хүчин бэлтгэх, тус улсын цөмийн эрчим хүчний салбарын хүний нөөцийг бэхжүүлэх зорилготой юм. Харин сургалт хэзээ эхлэх талаар тодорхой хугацаа дурдаагүй байна.

“Росатом”-ын санхүүгийн хүндрэл Узбекистаны цөмийн эрчим хүчний төсөл хойшлох вий гэсэн болгоомжлол төрүүлээд байна. Долдугаар сард “Росатом”-ын дарга Алексей Лихачёв “эдийн засгийн таагүй нөхцөл байдал”-ын улмаас зардлаа танахаар болсныг мэдэгдэж, зарим төслийг хойшлуулах эсвэл зогсоох бөгөөд 2030 он гэхэд ашигтай ажиллах магадлал өндөртэй төслүүдэд илүү анхаарал тавина гэжээ.

“Росатом” Узбекистаны төслийн санхүүжилтийн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна. Гэвч сургалтын төв байгуулахаар төлөвлөж байгаа нь Кремль уг төслийг геополитикийн өндөр ач холбогдолтой гэж үзэж байгааг харуулж байна.

Эх сурвалж: eurasianet.org