-Эдийн засгийн өсөлтийн талаас илүү хувийг олборлох салбар бүрдүүлж байна-

Б.Төгс
Үндэсний статистикийн хороо энэ оны эхний хагас жилийн байдлаар манай улсын эдийн засаг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.7%-иар өссөн болохыг (2026.08.18) мэдээллээ. Тодруулбал, дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ)-ий хэмжээ оны үнээр тооцвол, 2026 оны эхний хагас жилд 52.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 12.2 (30.4%) их наяд төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 7.0 (68.4%) их наяд төгрөг, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 3.1 (17.6%) их наяд төгрөгөөр тус тус өссөн нь нөлөөлсөн байна.
Харин ДНБ-ий хэмжээг 2015 оны зэрэгцүүлэх үнээр тооцвол, 2026 оны эхний хагас жилд 16.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (7.7%) их наяд төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 596.1 (31.5%) тэрбум төгрөгөөр, үйлчилгээний салбарынх 276.2 (3.8%) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
Улирлын дүнгээр авч үзвэл, энэ оны 2 дугаар улиралд улсын ДНБ-ий хэмжээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) өмнөх улирлаасаа 1.4%-иар өслөө. ДНБ-ий улирлын өсөлтийг харьцуулж авч үзвэл (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 оны эхний хагас жилд 5.7%, 2025 оны эхний хагас жилд 5.6%-иар өсөж байсан бөгөөд ийнхүү 2026 оны эхний хагас жилд даруй 7.7%-иар өсөөд байна.
ДНБ он гарсаар эхний хагас жилийн байдлаар 7.7%-иар өссөний 1.4 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 3.9 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0.5 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 1.8 нэгж хувийг үйлчилгээний салбар, 0.1 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар тус тус бүрдүүлсэн байна.