Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

АЛТНЫ ЗАХ ЗЭЭЛ: ҮНЭ БУУРЧ БАЙГАА Ч УРТ ХУГАЦААНДАА СЭРГЭНЭ

Т.Бямбанаран

Aлт, зэс зэрэг өнгөт метал нь зөвхөн дэлхийн зах зээл дээр өндөр үнэ цэнтэй стратегийн түүхий эд төдийгүй Монгол Улсын валютын орлого, төсвийн бүрдүүлэлт, хөрөнгө оруулалтын урсгалыг тодорхойлдог чухал ашигт малтмал юм.

Манай улсын экспортын бүтцэд эрдэс баялгийн эзлэх байр суурь улам бүр нэмэгдэж, 2024 онд уул уурхайн бүтээгдэхүүн нийт экспортын 90 гаруй хувийг бүрдүүлсэн байна. Үүний дотор нүүрс, зэсийн баяжмал, алт зэрэг голлох бүтээгдэхүүнүүд улсын эдийн засгийн гадаад орчныг тодорхойлох үндсэн хүчин зүйлс болж байгаа. Тиймээс дэлхийн зах зээл дээр алт, зэсийн үнэ хэрхэн өөрчлөгдөх, эрэлт нийлүүлэлтийн ерөнхий дүр зураг хаашаа чиглэж буй нь Монголын экспортын орлого, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа, цаашдын хөрөнгө оруулалтын шийдвэрүүдэд шууд нөлөөлөх стратегийн ач холбогдолтой асуудал юм.

Энэ оны 1 дүгээр сард нэг унц алт 5,600 ам.долларт ойртон дээд түвшинд хүрсэн. Гэхдээ АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) бодлогын чиглэлд өөрчлөлт орж, өндөр хүүгийн хэмжээ удаан үргэлжлэх хүлээлт нэмэгдсэн, ам.долларын ханш чангарсан, хөрөнгө оруулагчдын богино хугацааны эрэлт суларсан зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр алтны үнэ 4,100-4,300 ам.долларын түвшинд хүрч огцом буурсан.

Энэхүү нөхцөл байдлын улмаас дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банкууд болох JPMorgan, Goldman Sachs, HSBC нь алтны үнийн богино болон дунд хугацааны төсөөллөө бууруулаад байсан юм. Гэвч тэдний нийтлэг байр суурь нь алтны үнэ урт хугацаанд өсөх суурь хүчин зүйлс өөрчлөгдөөгүй, харин одоогийн нөхцөл байдал мөнгөний бодлого болон богино хугацааны зах зээлийн нөхцөлтэй холбоотой түр зуурын үзэгдэл гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Алтны үнэ буурахад хамгийн хүчтэй нөлөөлж буй зүйл нь АНУ-ын мөнгөний бодлогыг тойрсон хүлээлт байв. Учир нь алт тогтмол өгөөж өгдөггүй хөрөнгө тул бодлогын хүү өндөр байх үед хөрөнгө оруулагчид илүү өндөр өгөөжтэй бонд болон бусад санхүүгийн хэрэгслийг сонгох хандлагатай байдаг.

Goldman Sachs, HSBC болон JPMorgan зэрэг банк, санхүүгийн байгууллагууд бүгд алтны үнийн төсөөллөө бууруулсан гол шалтгаан нь энэ байв.

Goldman Sachs 2026 оны алтны үнийн эцсийн таамгаа 5,400 ам.доллароос 4,900 ам.доллар болгон буурууллаа. Хэрэв ХНС бодлогын хүүгээ нэмэх нөхцөл бүрдвэл уг металлын үнэ дахин 500 ам.доллароор багасах эрсдэлтэй гэж тооцоолжээ.

HSBC мөн адил АНУ-ын мөнгөний бодлогын хүлээлт болон ам.долларын ханшийн өсөлтийг алтны үнэд нөлөөлөх гол шалтгаан гэж үзсэн. Тус байгууллага 2026 оны алтны дундаж үнийн төсөөллөө 4,864 ам.доллароос 4,560 ам.доллар, 2027 оныхыг 5,000 ам.доллароос 4,925 ам.доллар болгон тус тус бууруулжээ.

JPMorgan бол алтны 2026 оны IV улирлын үнийн төсөөллөө хамгийн огцом бууруулсан банкуудын нэг. Тус банк өмнөх 6,000 ам.долларын зорилтот түвшинг 25%-иар бууруулсан бол III улирлын дундаж үнийг 4,300 ам.доллар гэж тооцоолжээ.

Богино хугацааны дарамт ийнхүү нэмэгдсэн ч томоохон банкууд алтны урт хугацааны төлөв байдлыг тун эергээр харж байгаа аж.

JPMorgan банк 2027 оноос алтны ханш дахин өсөх хандлагатай гэж үзээд үүнийг дараах 3 хүчин зүйлтэй холбон тайлбарлажээ. Үүнд:

Төв банкууд валютын нөөцөө төрөлжүүлж, алтны худалдан авалтаа нэмэгдүүлэх;

Геополитикийн тодорхойгүй байдал өндөр хэвээр байх;

Хүүгийн түвшин цаашид буурах. 

Goldman Sachs ч мөн дээрх таамаглалтай ижил байр суурь илэрхийлсэн. Тус банкны тооцоолсноор Төв банкууд 2026 онд сард дунджаар 50 тонн, 2027 онд 40 тонн алт худалдан авах төлөвтэй байна.

Алтны цаашдын чиг хандлагын талаар томоохон банкуудын төсөөлөл өөр хоорондоо ялгаатай байгаа ч нийтлэг нэг санаа ажиглагдаж байна.

Өөрөөр хэлбэл, ойрын хугацаанд өндөр хүүгийн хэмжээ, хүчтэй ам.долларын нөлөөгөөр алтны үнэ буурах боловч урт хугацааны өсөлтөө хадгална.

Эх сурвалж: www.goldsilver.com

2026 оны алтны үнийн төсөөлөл:

JPMorgan: 4500 ам.доллар

HSBC: 4,750 ам.доллар

Голдман Сакс: 4900 ам.доллар

Bank of America: 4,800 ам.доллар

Deutsche Bank: 4,800 ам.доллар

UBS, Morgan Stanley-ийн өөдрөг хувилбар: 5,200 ам.доллар

Эдгээр таамаглалын хооронд хэдэн зуун ам.долларын зөрүү байгаа нь алтны зах зээлд мөнгөний бодлого, геополитик, Төв банкуудын үйл ажиллагааны нөлөөлөл өндөр хэвээр байгааг харуулж байна.

2026 оны алтны зах зээлийн гол асуулт нь "алтны үнэ өсөх үү, буурах уу" гэхээс илүү ХНС-ийн бодлого богино хугацаанд хэр их дарамт үзүүлэх, харин урт хугацаандаа алтны ханш хэзээ дахин сэргэх вэ гэдэгт төвлөрч байна.