Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Төв банк бодлогын хүүг 0.5%-иар өсгөж 12.5%-д хүргэв


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2026 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит бус хурлаараа инфляц, эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, дотоод, гадаад орчны төлөв болон эрсдэлийг харгалзан үзээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд:

Бодлогын хүүг 0.5 нэгж хувиар нэмэгдүүлж, 12.5%-д хүргэх;

Банкнуудын төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 0.5 нэгж хувиар өсгөж, 14.5%-д хүргэх.

Энэхүү шийдвэр нь инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах, мөн төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэхэд чиглэв.

Жилийн инфляц 2026 оны 7 дугаар сард улсын хэмжээнд болон Улаанбаатар хотод 13.0%-тай гарлаа. Шатахуун, хүнс, төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт инфляцын дийлэнх хэсгийг бүрдүүлж байна. Харин суурь инфляц оны эхнээс алгуур өсөж байсан бол 2026 оны 7 дугаар сард хүлээлтээс бага зэрэг эрчимжив. Шатахууны үнийн өсөлт үйлдвэрлэлийн өртөг, бараа, үйлчилгээний үнэд дамжин нөлөөлөх замаар суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна. Харин мах, хүнсний ногооны нийлүүлэлт энэ сараас нэмэгдэж, цаашид хүнсний инфляц буурах хүлээлт хэвээр хадгалагдав.

Геополитикийн зөрчилдөөнөөс шалтгаалан шатахууны үнэ болон нийлүүлэлтийн тодорхой бус байдал нэмэгдэхийн зэрэгцээ гадаад инфляцын төлөв төсөөлж байснаас өсөж, томоохон төв банкууд бодлогын хүүгээ өсгөх хүлээлт давамгайлж байна.

Уул уурхайн гол бүтээгдэхүүн болох нүүрс, зэсийн үнэ өсөж, экспортын биет хэмжээ оны эхнээс эрчимтэй нэмэгдэж байгаа нь худалдааны нөхцөлийг сайжруулах, төлбөрийн тэнцэл ашигтай гарахад нөлөөлж, эдийн засгийн идэвхжилийг дэмжиж байна.

Мах, хүнсний ногооны нийлүүлэлт нэмэгдсэнээр 8 дугаар сараас хүнсний инфляц саарч, шатахууны үнийн өсөлт эрчимжихгүй байх тохиолдолд жилийн инфляц ирэх оны дунд үеэс зорилтын интервалд орж, тогтворжихоор байна. Гэвч шатахууны нийлүүлэлтийн хязгаарлалт удаан үргэлжлэх, гадаад үнийн өсөлт нэмэгдэх зэрэг инфляцыг эрчимжүүлэх эрсдэлт хүчин зүйлс өндөр хэвээр байна. Иймд Мөнгөний бодлогын хороо инфляцын хүлээлтийг тогтворжуулах, нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлтийн дам нөлөөг хязгаарлах зорилгоор бодлогын төлөвийг чангаруулах шийдвэр гаргалаа.

 

 

Эх сурвалж: Монголбанк