О.Дөлгөөн
2026 оны 7 дугаар сард Хятад улсын нүүрсний импорт энэ оны хамгийн дээд хэмжээндээ хүрч өссөн ч шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү өсөлт нь богино хугацааны хүчин зүйлсээс шалтгаалсан тул цаашид саарах төлөвтэй байгаа талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Өнгөрсөн сард тус улсын нүүрсний нийт импорт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 23%-иар өсөж, 43.73 сая тоннд хүрсэн юм. Энэхүү өсөлт нь 5 дугаар сарын 22-нд Шаньси мужийн уурхайд гарсан ослын улмаас Засгийн газраас аюулгүй байдлын шалгалт эхлүүлж, дотоодын олборлолт буурсантай шууд холбоотой. Албан ёсны мэдээгээр 6 дугаар сард дотоодын нүүрсний үйлдвэрлэл 9.7%-иар буурч, өдрийн дундаж гарц нь сүүлийн нэг жилийн хамгийн бага түвшинд хүрч байжээ.
Дотоодын уурхайнуудын үйл ажиллагаа 8 дугаар сараас сэргэж эхлэх тул импортын нүүрсний хэрэгцээ багасах шинжтэй байна. DBX Commodities-ийн тооцоогоор Хятадын 8 дугаар сарын далайн замын нүүрсний импорт 31.23 сая тонн болж, 7 дугаар сарын үзүүлэлтээс (33.91 сая тонн) буурахаар байна.
Хятад улс нүүрсний импортынхоо 75 орчим хувийг далайгаар авдаг ч сүүлийн жилүүдэд манай улсаас авах коксжих нүүрсний хэмжээ нэмэгдэж, хуурай замын импортын эзлэх хувь өссөөр байна. Импорт нэмэгдсэнтэй холбоотойгоор өссөн далайн нүүрсний үнэ тогтворжиж эхэлжээ. Хятадын гол нийлүүлэгч Индонезийн 4,200 ккал/кг илчлэгтэй нүүрсний үнэ 8 дугаар сарын эхээр тонн тутамдаа 62.51 ам.доллар болж, 6 дугаар сарын түвшнээс 5.1%-иар буурсан байна.
Түүнчлэн Хятад улсын эрчим хүчний салбарт түүхэн өөрчлөлт гарч байна. 2026 оны эхний хагаст тус улс цахилгаан эрчим хүчнийхээ 49.7%-ийг дулааны станцаас буюу чулуужсан түлшнээс гаргаж авсан нь түүхэнд анх удаа 50%-иас багассан үзүүлэлт болов.
Салхи болон нарны эрчим хүчний эх үүсвэрүүд хурдацтай нэмэгдэж байгаа нь цаашид нүүрсний импортын хэрэгцээг хумих үндсэн хүчин зүйл болохоор байна. Шинжээчдийн үзэж байгаагаар 6, 7 сарууд шиг импорт 40 сая тонноос давж өсөх тохиолдол цаашид тогтмол үргэлжлэхгүй, харин онцгой тохиолдол болж үлдэх магадлалтай юм.