
О.Дөлгөөн
"Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн төслийн олборлолт тогтвортой нэмэгдэж, арилжааны эргэлтэд орох дөхөж байна.
Олборлолт тогтвортой өсөж байна
Компанийн сүүлийн үеийн тайлангаас үзвэл, өнгөрсөн 7 дугаар сард хоногт дунджаар 778 шоо метр (27,500 стандарт шоо фут) хий олборлосон нь өмнөх сарынхаас 5 хувиар өссөн үзүүлэлт юм. Энэхүү өсөлт 8 дугаар сард үргэлжилж, хоногийн дундаж олборлолт 800 шоо метрийг даваад байгаа бөгөөд цаашид хоногт 850 шоо метр буюу 30,000 стандарт шоо футээс дээш хэмжээнд тогтвортой барих зорилтдоо ойртож байна.
Түүнчлэн хоногт 441 баррель ус шахан зайлуулж байгаа нь нүүрсний давхарга доторх даралтыг бууруулж, метаны хий байгалийн хуулиар худаг руу чиглэн урсах процессыг хурдасгаж байгаа юм. 7 дугаар сард зарим техникийн саатал болон цахилгаан тасалдсан ч олборлолтын хэмжээ ийнхүү ахижээ.
Хийнээс цахилгаан үйлдвэрлэх төсөл энэ онд ашиглалтад орно
"TMK Energy" болон "Дашваанжил" группын хамтран хэрэгжүүлж буй "Байгалийн хийнээс эрчим хүч үйлдвэрлэх" төслийн инженерчлэл, зураг төслийн ажлыг бүрэн дуусгажээ. Ирэх 10 дугаар сард хөрөнгө оруулалтын эцсийн шийдвэр гарснаар, 12 дугаар сар гэхэд уг төсөл ашиглалтад орохоор байна.
Компани 2026 оны өрөмдлөгийн кампанит ажлынхаа бэлтгэлийг хэдийнэ бүрэн ханган, шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг бэлтгээд байна. Уг хөтөлбөрийн хүрээнд шинээр 2 хүртэлх олборлолтын цооног өрөмдөж, одоо байгаа цооногуудыг шинэчлэн тоноглох юм. Ерөнхий гүйцэтгэгч "Major Drilling" компанитай хийх гэрээний хэлэлцээр төгсгөлийн шатандаа орсон бөгөөд тоног төхөөрөмжүүдийг тун удахгүй Монгол руу тээвэрлэж эхэлнэ.