Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

ЭРДЭНЭТ ХОТЫН 50 ЖИЛИЙН ОЙ, "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭР ШИНЭ БААТАРТАЙ 7 ДУГААР САР

А.Халиун


ХАГАС ЗУУНЫ ШИНЭ ТҮҮХИЙГ ҮЙЛДВЭР, ХОТ ХАМТДАА БҮТЭЭЛЭЭ

Уул уурхайн үйлдвэрлэлийн сүүлийн үеийн чиг хандлага нь ямар агуулгатай хүдрээс хэдий хэмжээний баяжмал гаргаж, эдийн засгийн үр өгөөж бий болгосон бэ, ямар нарийн технологи эзэмшсэн зэргээр нь эрэмбэлэн дүгнэдэг болжээ. Эрдэнэт үйлдвэр ч дэлхийн чиг хандлагатай мөр зэрэгцэн урагшилж, дараагийн 50 жилд ажиллах "шинэ" уурхайгаа цогцлоож байна.

Монгол, Зөвлөлтийн Засгийн газрын хамтарсан шийдвэрээр анхны уулын баяжуулах үйлдвэр байгуулах ажлын эхлэл нь шинэ хотын бүтээн байгуулалт байв. Эрдэнэтийн овоонд Монгол, Зөвлөлт, Чехословакийн хайгуулчид зэс-молибдений орд газрыг нээн илрүүлж, Эрдэнэт үйлдвэрийг байгуулсан. Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн ХХ зууны манлай бүтээн байгуулалт, Монгол Улсын гурав дахь шинэ хот Эрдэнэтийг байгуулсан нь энэ жил 50 жилийн ойтойгоо золгож, 7 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд баяр наадмаа зохион байгууллаа.

"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон Эрдэнэт хот, Эрдэнэт үйлдвэр бол Монгол Улсын аж үйлдвэржилт, хөгжил дэвшлийн бахархал болсон бүтээн байгуулалт гэдгийг онцлоод, үйлдвэрийн хамт олныхоо нэрийн өмнөөс баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна.

Тэрбээр, "Үе үеийн уурхайчид, анхдагч илгээлтийн эзэд, инженер техникийн ажилтнуудын уйгагүй хөдөлмөрийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр өнөөдөр улс орны эдийн засгийн тулгуур багана хэвээр ажилласаар байна. 2026 онд "Оюут" зэсийн ордын 404 сая тонн хүдрийн нөөцийг улсын нэгдсэн санд бүртгүүлснээр үйлдвэрийн үйл ажиллагааг 100 гаруй жил тогтвортой үргэлжлүүлэх стратегийн боломж бүрдлээ.

Эрдэнэт үйлдвэр үйлдвэрлэлийн амжилтаас гадна Орхон аймгийнхаа дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд, соёл, спортын салбарын хөгжилд бодит хөрөнгө оруулалт хийж, нийгмийн хариуцлагаa тууштай хэрэгжүүлж ирсэн. Хотынхоо хөгжилд дэвшилтэт технологи, инноваци, байгаль орчны хариуцлага, тогтвортой хөгжилд тулгуурласан дараагийн хагас зууны шинэ түүхийг үйлдвэр, хот хоёр хамтдаа бүтээхээ илэрхийллээ.

Уурхайчдын тосгоноос эхлэлтэй Эрдэнэт хот өнөөдөр 100 мянга гаруй хүн амтай, орчин үеийн хот болсон хөгжлийг Эрдэнэт үйлдвэрийн хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэсээр хот, үйлдвэр хоёр хамтдаа хөгжиж байна. 

Эрдэнэт үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж, хот өргөжин тэлэхийн хэрээр цэвэр усны хэрэглээ эрчимтэй өсөв. Энэ хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангахын тулд үйлдвэрийн хөрөнгөөр цэвэр усны гурав дахь шугамыг байгуулсан. Ус хангамжийн цех нь Сэлэнгэ мөрнөөс Эрдэнэтийн усан сан хүртэлх 65 км урт хос шугамаар хоногт 62 мянган шоо метр цэвэр ус татаж хэрэглэгчдэд түгээж байна.

Мен 40 гаруй жилийн насжилттай хотын инженерийн төв шугам сүлжээг бүрэн шинэчилж, ган хоолойгоор сольсноор Эрдэнэт хотын төв шугамын аюулгүй байдлын баталгаа дахин 40 жилээр уртассан гээд дурдвал хотын хөгжлийн түлхүүр нь энэ үйлдвэр юм.

Орхон аймаг "Эрдэнэт үйлдвэр"-ийн хооронд хамтран ажиллах гэрээг гурван жил тутамд шинэчлэн байгуулдаг бөгөөд 2025-2027 онд нийт 17 ажилд хөрөнгө оруулалт хийхээр тусган төлөвлөлтийн дагуу санхүүжилт олгож хамтран ажилласаар байна" хэмээн эрдэнэтчүүд, уурхайчдын бахархал дүүрэн амжилт, бүтээн байгуулалт, хөгжлийн ирээдүйг ойн арга хэмжээний үеэр дурдсан юм.

БАЯР ДАВХАЦСАН ҮЙЛ ЯВДАЛ

Эхний 50 жилийг туулж, ирэх 50 жилийн гараанд бэлтгэж буй Эрдэнэт үйлдвэрийн хөгжлийн түүхэн цаг мөчид "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Ерөнхий захирал, геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Г.Ёндон Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт "Уул уурхайн үйлдвэрлэлээс орох эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, геологи хайгуулын ажлыг эрчимжүүлэх, салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох, бодлогын хэрэгжилтийг хангах, ашигт малтмалын олборлолт, баяжуулалтын хэмжээ, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үр ашгийг өсгөх, зардлыг бууруулах, ил тод, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх болон нийгэм, эдийн засаг, уул уурхайн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан "Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Зөвлөх инженер, доктор Гэлэнгийн Ёндонд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, баатрын "Алтан соёмбо" тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа" гэжээ.

Тэрбээр 1991 онд хуучнаар ЗХУ-ын Иркутск хотын Политехникийн дээд сургуулийн Уулын факультетийг Уулын инженер-маркшейдер мэргэжлээр төгсөж, ШУА-ийн харьяа Уул уурхайн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан болжээ. Салбарынхаа эрдэм шинжилгээний байгууллагад судалгааны ажил хийхийн зэрэгцээ Монгол Улсдаа анхны маркшейдер мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмэр оруулж, анхны багш нарын нэг болжээ. Уул уурхайн хүрээлэндээ арван жил ажиллаад, уул уурхайн үйлдвэрлэлийн салбарт шилжсэн нь 2002 он байв. Тэрбээр 2007 он хүртэл "Монголросцветмет" ТӨҮΓ-ын Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрт Хэсгийн маркшейдер, ерөнхий маркшейдер, "Монголросцветмет" ТӨҮГ-ын захиргаанд хэлтсийн дарга, "Шижир алт" үйлдвэрийн захирал, Баргилт уулын үйлдвэрийн ерөнхий инженер, "Эрдэнэт үйлдвэр"-ийн Улаанбаатар хот дахь төлөөлөгчийн газрын орлогч даргаар ажиллаад 2020 онд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдож, 2 жил гаруйн хугацаанд ажилласан.

Мэргэжлийн бус хүмүүсийг улс төрийн үзэмжээр салбар хариуцсан сайдаар томилдог нь хэвийн үзэгдэл болж, шүүмжлэл дагуулж буй энэ үед Г.Ёндонг уул уурхайн салбарын бодлого тодорхойлох сайдаар томилсон нь тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг мэргэжлийн харагдуулах оновчтой томилгоонуудын нэг байв. Г.Ёндон улс төрд шинэ хүн боловч уул уурхайн салбартаа эрдэм шинжилгээний салбараас эхлэн уул уурхайн үйлдвэрлэл, удирдлагын түвшинд олон жил ажиллаж туршлага хуримтлуулсан хуучин хүн.

Түүний сайдаар ажиллах үедээ салбарынхаа хөгжлийг харсан бодлогын томоохон шийдвэрүүдээс цөөхнийг дурдвал, Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулсан нь уул уурхайн салбарт бодлогын шинэ зохицуулалтыг бий болгосон. Энэ хуулийгхэрэгжүүлснээрнүүрс, төмрийнхүдэр, зэсийн баяжмалыг биржээр арилжаалдаг болов. Уул уурхайн бүтээгдэхүүний арилжааг шударга, ил тод зохион байгуулж, зах зээлийн бодит үнэ тогтоох боломжийг хангах, хөрөнгө оруулагчдын сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтөд салбарын оруулах хувь нэмрийг улам өргөжүүлэхэд бодитой үр дүнгээ өгсөн хууль хэмээн салбарын мэргэжилтнүүд үнэлж байна.

Энгийнээр хэлэхэд хэн нэгэн захирал бүтээгдэхүүнээ борлуулах үнэ тогтоох, гэрээ байгуулах зэрэг хувь хүмүүсийн харилцааг хязгаарлана. Цаг үеийн нөхцлөөс шалтгаалан зарим зохицуулалтыг сайжруулах шаардлага гарч байгаа ч уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хүний оролцоогүйгээр зах зээл нь тогтоох эрүүл орчин, хөрс суурь бүрдүүлснийг энэ хууль үүргээ биелүүлсэн гэх дүгнэлтэд хүргэж байна.

Уул уурхайн үйлдвэрлэл урт хугацаанд тогтвортой ажиллах гол хүчин зүйл нь уурхайн нөөц. Энэ утгаар мэргэжлийн сайдын хувьд улс орны эдийн засаг сорилттой тулгарах үед ачааны хүндийг үүрч ирсэн Эрдэнэт үйлдвэрт анхаарал хандуулсан. 1978 онд байгуулагдаж, 40 гаруй жил ажилласан уурхайн нөөц дундарч буйтай зэрэгцэн нөөцийг нэмэгдүүлэх хайгуулын ажлыг эрчимжүүлэх бодлого барив. Энэ утгаар Эрдэнэт үйлдвэрт хайгуулын зургаан тусгай зөвшөөрөл олгосны нэг нь 2025 оны 9-р сард шинээр нээснийг зарласан Оюутын орд байв.

Эрдэнэт үйлдвэрийн хүдрийн нөөцийг 1972 онд 521.7 сая тонн гэж тооцож байсан бол 2024 оны 8 дугаар сард цаашид 55 жил тогтвортой ашиглах боломжтойг олон улсын ЖОРК стандартаар баталгаажуулсан. Үүн дээр Оюутын ордын 404 сая тонн хүдрийн нөөц нэмэгдэнэ.

Г.Ёндон захирлын сайд байхдаа олгосон хайгуулын 6 тусгай зөвшөөрлийн 5-д хайгуулын ажлыг үе шаттайгаар эхлүүлэв. Одоогоор 100 жил ажиллах нь баталгаажсан Эрдэнэт үйлдвэр 100-гаас хол давж урт хугацаанд тогтвортой ажиллах гэрэлтэй ирээдүй харагдаж байна. Энэ нь улс орны эдийн засагт сайнаар нөлөөлөхийн дээр Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн байгуулсан Эрдэнэт хотын дэд бүтцийг баталгаажуулна.

Салбарын сайдын хувьд Эрдэнэт үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх, насжилтыг уртасгах бодлого барин ажилласан. Харин одоо үйлдвэрийнхээ ерөнхий захирлын хувьд удирдлагын багаа ахалж, дараагийн 50 үйлдвэрийн бүтээмжийг нэмэгдүүлэх бодлого барьж, тоног төхөөрөмжийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийж байна. Тэд 2025 онд үйлдвэрийн баяжуулах технологийн шинэчлэлийг хийсэн бол одоо дараагийн шат дамжлага бүрийг шинэчлэн сайжруулах ажлыг ye шаттайгаар үргэлжлүүлсээр байна.

Эрдэнэтийн овооны бүлэг ордын хүдэр дэх металлын агуулга жил ирэх тусам буурч, хатуурч байгаа энэ үед ашигтай ажиллахын тулд тоног төхөөрөмжийн шинэчлэлд гол анхаарлаа төвлөрүүлжээ.