
Монгол Улсын эрчим хүчний системийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлэх, өсөн нэмэгдэж буй цахилгаан эрчим хүчний хэрэгцээг хангахад чухал дэмжлэг үзүүлэх стратегийн ач холбогдолтой “Зэс-Оюу” 220 кВ-ын ил хуваарилах байгууламж албан ёсоор ашиглалтад орлоо.
2022 онд Эрчим хүчний нэгдсэн сүлжээнээс Оюу толгойн уурхайг эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсаны дараа буюу 2023 оны 5 дугаар сард Эрчим хүчний яамнаас уг төслийг санхүүжүүлэх хүсэлтийг тавьсан байна. Үүний дагуу “Оюу толгой” компанийн хөрөнгө оруулалтаар баригдсан энэхүү байгууламж нь Монгол Улсын төвийн эрчим хүчний систем, Өвөр Монголын Өөртөө Засах Орон (ӨМӨЗО)-ы эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах техникийн боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм.
Өвлийн оргил ачааллыг бууруулж, системийн аюулгүй байдлыг хангана
Уг байгууламж ашиглалтад орсноор өвлийн оргил ачааллын үед ӨМӨЗО-оос 80 МВт хүртэлх цахилгаан эрчим хүчийг нэмэлтээр импортлох боломжтой болно. Импортолсон эрчим хүчээр Өмнөд бүсийн хэрэглэгчдийг хангаснаар Төвийн эрчим хүчний системд ирэх өвлийн их ачаалал мэдэгдэхүйц буурна.
“Зэс-Оюу” ИХБ-ын төслийг Эрчим хүчний яам, "Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ" ТӨХК, "Диспетчерийн үндэсний төв", “Оюу толгой” ХХК, Өвөр Монголын Эрчим хүчний групп компани болон дотоодын гүйцэтгэгч компаниуд, мэргэшсэн багуудын нягт хамтын ажиллагааны үр дүнд амжилттай хэрэгжүүлж дуусгажээ.
