Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ЗИМБАБВЕГИЙН ЛИТИЙН ЭКСПОРТ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД 230%-ИАР ӨСӨВ

Ч.Сансар

Зимбабве улс 2026 оны эхний зургаан сард 782 сая ам.долларын литийн бүтээгдэхүүн экспортолжээ. Өнгөрсөн оны мөн үед энэ үзүүлэлт 237 сая ам.доллар байсан гэж тус улсын Сангийн сайд Мтули Нкубе Пүрэв гарагт /2026.07.30/ мэдээлэв.

Тус улсын ашигт малтмалын экспортын орлогын 12 орчим хувийг литий бүрдүүлжээ. Ингэснээр литий нь алт, цагаан алтны дараа экспортын гурав дахь том бүтээгдэхүүн болсон байна.

Зимбабве улс нэмүү өртөг шингэсэн литийн сульфатын анхны үйлдвэрийг дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан. Үүнтэй холбоотойгоор тус улсын экспортын орлогод литийн эзлэх хувь цаашид өсөх төлөвтэй байна. Мөн тус улсын Засгийн газар литийн салбарт ноёрхдог Хятадын компаниудад олборлосон түүхий эдээ Зимбабвед боловсруулах шаардлага тавьж байгаа юм.

Зимбабве улс 2027 оны нэгдүгээр сараас литийн баяжмал экспортлохыг хориглох юм байна.

Сангийн яамны хагас жилийн төсвийн тоймд дурдсанаар, Зимбабвегийн литийн үйлдвэрлэл 2026 онд 2.14 сая тонн хүрэх төлөвтэй байна. Энэ нь өнгөрсөн оны 2.2 сая тоннтой харьцуулахад ялимгүй буурсан үзүүлэлт юм.

Өмнө нь Зимбабве улс зарим экспортлогч хууль бус аргаар бүтээгдэхүүнээ гадагш гаргаж байна гэж үзээд хоёрдугаар сард литийн баяжмалын экспортыг түр зогсоосон.

Зимбабвегийн ашигт малтмалын экспорт хариуцсан төрийн байгууллагын мэдээлснээр, тус улс 2025 онд 1.13 сая тонн литийн бүтээгдэхүүн экспортолжээ. Харин тухайн жилийн нийт үйлдвэрлэлийн мэдээллээс харахад компаниуд их хэмжээний бүтээгдэхүүн борлуулж чадаагүй үлдсэн байна.

Зимбабвегийн литийн салбарт Хятадын Zhejiang Huayou Cobalt, Sinomine, Chengxin Lithium Group, Sichuan Yahua, Tsingshan Holding Group зэрэг компаниуд давамгайлдаг.

Эх сурвалж: Mining Weekly