Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Зах зээл

ЧУХАЛ АШИГТ МАЛТМАЛЫН ДЭЛХИЙН СҮЛЖЭЭНИЙ БОСГОН ДЭЭРХ МОНГОЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал (2026.07.09–11) хийсэн. Энэ үеэр яригдсан гол асуудал бол чухал ашигт малтмалын хамтын ажиллагаа байв. БНСУ-ын тал лаборатори, техник, технологийн дэмжлэг үзүүлэн хамтарсан судалгааны төв байгуулсан бол Монголын талаас тус улсын чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн эх үүсвэрийг төрөлжүүлэхэд оролцох боломжтой. Үүнийг харгалзан Солонгосын зүгээс Монголын газрын ховор элемент, зэс, молибденийн зарим бүтээгдэхүүнд ногдуулдаг импортын тарифыг тэглэх тохиролцоонд хүрээд байна. 

Хоёр улсын ашигт малтмалын худалдаа багагүй хугацааны түүхтэй. Өнгөрсөн хугацаанд манай улс Солонгос руу чухал ашигт малтмал экспортолж ирсэн. 2025 онд молибдени, гянтболд тэргүүтэй 750 гаруй тонн бүтээгдэхүүн нийлүүлжээ. Хэдийгээр тоо хэмжээний хувьд бага ч 10 гаруй жилийн экспорт хийсэн туршлага, экспорт хийх гарц байгааг илэрхийлсэн хэрэг юм. Одоо үүнийг өргөжүүлэх дорвитой шийдэл чухал. Учир нь олон улсад чухал ашигт малтмал бол уул уурхайн үйлдвэрлэлийн зэрэгцээ олон хүний орлогын эх үүсвэр гэдгийг онцолж байна. Долоодугаар сарын 22-нд Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын хэлэлцүүлгийн үеэр Дэлхийн худалдааны байгууллагын Ерөнхий захирал Нгози Оконжо-Ивеала чухал ашигт малтмал бол сая сая хүний амьдралыг сайжруулах боломж хэмээсэн. Хэлэлцүүлгээр Африк тивийн уул уурхайн боломж болон Конго, Суданд гарч буй зэвсэгт мөргөлдөөний санхүүжүүлэгч нь ашигт малтмал болон хувирсан тухай харамсалтай сэдвийг хөндсөн байна. Үүгээр чухал ашигт малтмал нь баялаг бүтээж болох ч зөв засаглалгүй бол мөргөлдөөний эх үүсвэр болдгийг харуулсан. Харин бусад бүс нутагт, тухайлбал манайх шиг тайван орон хариуцлагатай, ил тод байдлаараа олон улсын анхаарлыг татаж болно гэдгийг сануулсан юм. 

Өмнөд Солонгос бол дэлхийд хагас дамжуулагч, цахилгаан тээврийн хэрэгслийн батарей, өндөр чанарын дэлгэц, соронз үйлдвэрлэл төдийгүй батлан хамгаалах, сансар судлалын тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр дээгүүрт бичигддэг улс. Ерөнхийлөгч И Жэ Мён манай улсад хийх айлчлалын өмнөхөн Туркийн Анкара хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний уулзалтад албан тушаалаа авснаас хойш анх удаа оролцсон. Уг уулзалтын үеэр И Жэ Мён БНСУ болон НАТО-гийн батлан хамгаалах салбарын түншлэлийг дараагийн шатанд ахиулах уриалгыг гаргасан. Үүний шалтгаан нь 2035 он хүртэл НАТО-гийн гишүүн орнууд батлан хамгаалахын салбараа өргөтгөх зорилгод өнгөрсөн дөрөвдүгээр сард санал нэгдээд байгаа. Тэр хэмжээгээр батлан хамгаалахын зардал өсөж, худалдан авалт нэмэгдэнэ. Үүний нэг жишээ нь долоодугаар сарын 6-нд эвслийн нэг гол гишүүн болох Канад 12 шумбагч онгоцны тендерт Германы TKMS компанийг давуу эрхтэй нийлүүлэгчээр сонгосон явдал байв. Энэ нь ийм төрлийн үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг Солонгосын хувьд алдагдсан томоохон боломж болсон. Гэсэн ч И Жэ Мён НАТО-гийн уулзалтаас ганзага хоосон буцаагүй бөгөөд тус эвслийн Ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рюттетэй батлан хамгаалахын худалдан авалтын хэлэлцээг эхлүүлэхээр тохиролцсон юм. 

Иймээс цаашид чухал ашигт малтмалын эрэлт Солонгост улам нэмэгдэнэ. Жишээлбэл, газрын ховор элементийн неодим, иттри нь өндөр хүчин чадал бүхий соронз, хөдөлгүүр, лазерын болон удирдлагын системд ашиглагддаг бол гянтболд нь хуяг нэвтлэх сум, хүнд зэвсгийн үйлдвэрлэлийн гол түүхий эдэд ордог. Харин Солонгос чухал ашигт малтмал буюу критикал минералын төрлөөс шалтгаалан хэрэгцээнийхээ 15–95 хувийг Хятадаас импортолж байна. Хятадаас хамаарах хамаарлыг бууруулах хамгийн ойрын боломжит нийлүүлэгчдийн нэг нь Монгол гэж тэд үзэж байгаа.

Ийм утгаар Улаанбаатарын айлчлалаар хоёр улс Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээний талаар зарчмын тохиролцоонд хүрч, энэ дагуу Монголоос импортлох зарим төрлийн ашигт малтмалын 2–5 хувийн тарифыг тэглэхээр тохиролцоод байна.  

Солонгос бол чухал ашигт малтмалын жагсаалтаа албан ёсоор баталсан 10 гаруй улсын нэг. Анх 2023 онд 33 түүхий эдээр зарлаж, өнгөрсөн онд иттри, сканди, рутени, роди, ириди гэсэн таван элементээр өргөжүүлсэн. Эдгээр нь мөн л боловсронгуй техник, технологид зайлшгүй шаардлагатай ашигт малтмал юм. Манай гуравдагч хөршийн гол төлөөлөл эдгээр 38 түүхий эдээс лити, никель, кобальт, манган, бал чулуу, неоди, диспрози, терби, цери, лантаныг стратегийн ашигт малтмалд тооцсон. Хэдийгээр стратегийн ашигт малтмал ч бал чулууны багахан олборлолтоос бусдыг гадаадаас худалдан авдаг. Бүхэлдээ солонгосчууд критикал минералын хэрэгцээнийхээ таван хувийг л дотоодоос хангаж байна.  

Ийм өндөр хамаарлыг бууруулахын тулд чухал ашигт малтмал импортлогч гол түнш болох Бээжинтэй илүү уян хатан байдлаар харилцахын зэрэгцээ нөөц баялаг ихтэй орнуудтай харилцаа холбоо тогтоож байна. Өнгөрсөн онд газрын ховор элементийн зургаа дахь том нөөц бүхий Вьетнам улстай дэвшилтэт боловсруулах технологи хуваалцах замаар тус улсын газрын ховор элементийн салбарыг дэмжихээ илэрхийлсэн. Вьетнам нь ихээхэн нөөцтэй боловч боловсруулах дэд бүтэц хөгжөөгүй, хууль, эрх зүйн асуудлаас үүдэн бага хэмжээгээр олборлож байсан. Харин энэ оны эхээр Вьетнам Геологи, ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр газрын ховор элементийг онцгой стратегийн ач холбогдол бүхий үндэсний баялагт ангилж, боловсруулаагүй ховор металлын экспортыг хоригложээ. Иймээс Вьетнам газрын ховор элемент төдийгүй ховор металлыг дотооддоо боловсруулах дэвшилтэт технологийг Өмнөд Солонгос, Япон, Барууны улсуудаас нэвтрүүлж, энэ талын үйлдвэрлэлээр тэргүүлэгч Хятадтай тодорхой хэмжээнд харилцана гэдгээ илэрхийлж байна. 

БНСУ-ын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ойрын хугацаанд эхлэхээр бэлтгэгдэж буй газрын ховор элементийн Халзан бүрэгтэй төслийг хэрэгжүүлэгч Монголын үндэсний ховор элементийн корпорац болон Солонгосын Суурь шинжлэх ухааны хүрээлэн тус ордын хүдрийн найрлага, шинж чанарыг нарийвчлан тодорхойлох судалгааг хамтарч хийхээр болсон.

Үүгээр Монголын чухал ашигт малтмалын салбарт ахиц гарах боломж бүрдэж байна. 

Хэдийгээр чухал ашигт малтмалын салбарт нааштай мэдээ сүүлийн үед дуулдаж байгаа ч энэ салбарт бодитой тоон мэдээлэл дутагдалтай байна. Учир нь манай улс газрын ховор элементийн 3.1 сая тонн батлагдсан нөөцтэй гэж холбогдох байгууллагуудаас мэдээлдэг. Хэрэв энэ нь олон улсын жишигт нийцсэн ангиллын тооцоолол мөн бол Вьетнамын дараах дэлхийн хэмжээний нөөц. Гэвч энэ хэмжээг олон улсын байгууллагууд статистик мэдээлэлдээ тусгадаггүй. Жишээлбэл, АНУ-ын Геологийн алба жил бүр мэдээллээ шинэчилдэг ч Монголыг багтаахгүй байна. Тус байгууллага 2024 онтой харьцуулахад өнгөрсөн жил Оросын нөөцийг 10 саяас 3.8 сая тонн, Вьетнамын нөөцийг 22 саяас 3.5 сая тонн болгон бууруулсан. Харин Өмнөд Африкийн нөөцийг 790 мянгаас 860 мянган тонн болгон нэмэгдүүлжээ. Эндээс манай улс газрын ховор элементээс гадна бусад чухал ашигт малтмалын нөөцөө хүлээн зөвшөөрөгдөхүйц хэмжээнд тайлагнах шаардлагатайг сануулж байна.  

Товчхондоо, Монгол Улс чухал ашигт малтмалын дэлхийн сүлжээний босгон дээр ирсэн ч гараан дээрээ хий эргэсээр байна. БНСУ-тай эхлүүлсэн хамтын ажиллагааг олон улсын стандартад нийцсэн судалгаа, баталгаажсан нөөц, боловсруулах технологи, тогтвортой экспорт болгож чадвал энэ босгыг давах боломжтой. Манай улсын чухал ашигт малтмалыг сонирхох улс Өмнөд Солонгосоор тогтохгүй. Харин дараагийн түншүүдийн итгэлийг олж, хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх эсэх нь эхний боломжоо хэр үр дүнтэй ашиглахаас шууд шалтгаална.

Энэ асуудлыг цаашид зөвхөн бодлогын түвшинд бус, салбарын оролцогчдын өргөн хүрээний хэлэлцүүлэгт оруулах шаардлагатай. Тухайлбал, 2026 оны есдүгээр сарын 16–18-нд болох MiningWeek & MinePro 2026 арга хэмжээ нь чухал ашигт малтмалын судалгаа, боловсруулах технологи, хөрөнгө оруулалт, олон улсын түншлэлийн асуудлыг хөндөн хэлэлцэж, бодлогын зорилтыг бодит төсөл, хамтын ажиллагаатай холбох боломжтой талбаруудын нэг юм.