Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

РИО ТИНТО ГРУПП 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛД ХАМГИЙН ӨНДӨР АШИГТАЙ АЖИЛЛАЛАА

Т.Бямбанаран

“Рио Тинто” групп Лхагва гарагт /2026.07.29/ 2026 оны Хагас жилийн тайлангаа танилцуулж, сүүлийн дөрвөн жилийн хугацаан дахь хамгийн өндөр суурь ашигтай ажилласнаа зарлалаа. Уг тайлангаас харахад эрчим хүчний эрэлттэй холбогдуулан зэс болон хөнгөн цагааны эрэлт нэмэгдэж, тус компанийн зэс болон хөнгөн цагааны гүйцэтгэл нь анх удаа голлох бүтээгдэхүүн болох төмрийн хүдрийн ашгаас давжээ.

Эрчим хүчний шилжилт болон хиймэл оюун ухааны чиг хандлага эрчээ авч буй энэ үед “Рио Тинто” группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт албан тушаал хашиж буй эхний жилдээ илүү энгийн бөгөөд оновчтой стратеги хэрэгжүүлсний үр дүнд дэлхийн хамгийн том төмрийн хүдэр олборлогч тус компани нийт ашгийнхаа 56 орчим хувийг зэс болон хөнгөн цагаанаас бүрдүүлж байна.

Өмнө нь BHP компани хоёрдугаар сард гаргасан хагас жилийн тайландаа (12 сар хүртэлх хугацаанд) зэсийн борлуулалтаараа төмрийн хүдрээс илүү ашиг олсноо мэдэгдэж байсан. Үүний нэгэн адилаар Рио Тинто групп зэсийн эрэлтээс ашиг хүртэж буй компаниудын эгнээнд нэгдлээ.

Рио Тинто зургаадугаар сарын 30-ны өдрөөр дуусгавар болсон эхний хагас жилд 6.85 тэрбум ам.долларын суурь ашиг олсон нь өмнөх оны мөн үеийн 4.81 тэрбум ам.доллароос даруй 43%-иар өссөн үзүүлэлт. 

Арванхоёрдугаар сард Рио Тинто компани багц хөрөнгийн удирдлага болон дэд бүтцийн санаачилгын тусламжтайгаар 5-10 тэрбум ам.долларын бэлэн мөнгө төвлөрүүлэх боломжтой гэдгээ мэдэгдэж байв. Лхагва гарагт тэд үүнийхээ тал хувийг оны эцэс гэхэд хэрэгжүүлнэ гэж мэдэгдлээ.

Гүйцэтгэх захирал Саймон Тротт, "Бид суурь эрэлтийн хувьд бүхий л бүтээгдэхүүнийхээ салбарт бодит өөрчлөлтийг харж байна" хэмээн мэдэгдээд зэс болон литийн хувьд дата төв болон цэнэг хуримтлуулагч батарейны эрэлт өсөж байгааг мөн онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: mining.com