Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

"ХАНБОГД-ШАРЦАВ" ГЕОПАРКИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монголын анхны геопарк болох “Ханбогд-Шарцав” Өмнөговь аймагт нээгдлээ. Үлэг гүрвэлийн өлгий нутаг Шар цав, геологийн сонирхолтой тогтоц Ханбогдын боржингийн массиваар овоглосон “Ханбогд-Шарцав”  хэмээх геопаркийг  цаашид ЮНЕСКО-ийн Дэлхийн геопарк болгон хөгжүүлэх чухал алхам болж байна.

Өмнөговь  аймгийн Ханбогд, Манлай сумдын  нутагт байрлах энэхүү геопаркийг 7 дугаар сарын 1-ний өдөр албан ёсоор нээлээ. Арга хэмжээний үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Геологийн бодлогын газрын дарга бөгөөд Геопаркийн үндэсний хорооны дарга Х.Санчигдорж хэлсэн үгэндээ, “Монголын анхны үндэсний хэмжээний Ханбогд–Шар цавын геопарк бол зөвхөн геологийн онцгой тогтоц бус дэлхийн эртний түүхийг хадгалсан амьд архив, сая сая жилийн өмнөх амьтдын ул мөрийг баталгаажуулж буй хэлбэр юм” хэмээн тодотгосон билээ. 

“Ханбогд-Шарцав” геопаркийг ийнхүү бодитоор ажил хэрэг болох хүртэл  эрдэмтэн, судлаачдын уйгагүй эрэл хайгуул, судалгаа үнэтэй хувь нэмрээ оруулжээ.

"Ханбогд-Шарцав" геопарк нь Монголын геологи, палеонтологи, байгалийн болон соёлын өвийг хамгаалах, судлах, сурталчлах ажлыг шинэ шатанд гаргах юм. Үүний зэрэгцээ тогтвортой аялал жуулчлал, боловсрол, шинжлэх ухааны судалгаа, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулах боломж бүрдэж буйгаар онцлог юм.