
Ч.Сансар
Зургаадугаар сард танилцуулсан Бээжингийн хамгийн сүүлийн таван жилийн төлөвлөгөөнд, Хятад улс ирэх таван жилийн хугацаанд нүүрс болон сэргээгдэх эрчим хүчний салбарт их хэмжээний хөрөнгө оруулна гэж бичжээ.
2015 онд Парисын хэлэлцээр батлагдсанаас хойш олон улс орон тээвэр, эрчим хүчний салбарт газрын тос, нүүрс зэрэг чулуужсан түлшний хэрэглээг багасгах бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж ирсэн билээ.
Хятад улс эрчим хүчний шилжилтийг хамгийн эрчимтэй хэрэгжүүлж буй орнуудын нэг бөгөөд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах үүднээс нүүрс, сэргээгдэх эрчим хүч зэрэг бүх төрлийн эх үүсвэрийг зэрэг хөгжүүлнэ гэдгээ илэрхийлсээр ирсэн.
Герман улс атомын станцуудаа хааж, Их Британи салхи, нарны эрчим хүчийг түлхүү хөгжүүлэхийн тулд Хойд тэнгист газрын тос, байгалийн хийн олборлолтоо бууруулж байна. Харин Хятад улс эсрэгээрээ сэргээгдэх эрчим хүчний байгууламжуудаа эрчимтэй байгуулахын зэрэгцээ нүүрсний цахилгаан станцуудаа ч олноор нь барьсаар байна.
2025 онд дэлхийд шинээр ашиглалтад орсон нүүрсний станцуудын нийт хүчин чадлын 78%-ийг Хятад улс дангаараа бүрдүүлжээ. Мөн энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөж буй нүүрсний станцуудын нийт хүчин чадлын 86% нь Хятадад ногдож байна.
Өөрөөр хэлбэл, Хятад улс нүүрсний станцуудаа маш эрчимтэй барьж байна. Учир нь Хятад улс цаг агаарын нөхцөлөөс үл хамааран шаардлагатай үед найдвартай цахилгаан нийлүүлж чадах эх үүсвэр ямар чухал болохыг сайн ойлгодог.
Бээжин эрчим хүчний эх үүсвэрээ төрөлжүүлэхийн ач холбогдлыг сайн ойлгож байгаа учир сэргээгдэх эрчим хүчний салбарт асар их хөрөнгө оруулалт хийж байна. 2019–2025 оны хооронд салхи, нар болон бусад сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дэлхий даяар нийт 1.1 их наяд ам.долларын хөрөнгө оруулсан байна. Уг хөрөнгө оруулалтын талаас илүү хувийг Хятад улс дангаараа хийжээ.
Эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд Хятад улс шинэ таван жилийн төлөвлөгөөндөө 2030 он гэхэд цахилгаан эрчим хүчнийхээ 50%-ийг чулуужсан түлшнээс бус бусад эх үүсвэрээр үйлдвэрлэх зорилт дэвшүүлжээ.
Энэ нь 2025 оны зорилтоос (42.3%) өндөр үзүүлэлт юм.
Энэ зорилгодоо хүрэхийн тулд Бээжин салхи, нарны эрчим хүчний хүчин чадлыг цаашид нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Ингэснээр сэргээгдэх эрчим хүч тус улсын эрчим хүчний нийт суурилагдсан хүчин чадлын 50-иас дээш хувийг эзэлж, 2,700 ГВт-д хүрэх юм. 2025 оны эцсийн байдлаар салхи, нарны эрчим хүч Хятадын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 47%-ийг бүрдүүлжээ.
Үүнээс гадна Хятад улс нүүрсний станцуудаа үргэлжлүүлэн барьж, нүүрсний олборлолтоо нэмэгдүүлж, шаардлагатай тохиолдолд импортоо ч өсгөхөд бэлэн байна. Reuters агентлагийн тоймч Клайд Рассел Хятадын эрчим хүчний бодлогын талаар бичсэн нийтлэлдээ тус улсын нүүрсний олборлолт 2000 оноос хойш гурав дахин өссөн бөгөөд энэ онд 4.823 тэрбум тоннд хүрч, түүхэн дээд амжилтаа эвдэх төлөвтэй байгааг онцолжээ.
Өөрөөр хэлбэл, Хятад улс эрчим хүчний өргөн хүрээтэй бодлого хэрэгжүүлж байна. Эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд Хятад улс зөвхөн байгаль орчинд ээлтэй гэсэн технологи дээр анхаарлаа хандуулахгүй, боломжтой бүх төрлийн эрчим хүчний эх үүсвэрт хөрөнгө оруулж байгаа аж.
Эх сурвалж: Oilprice