
О.Дөлгөөн
Монголбанкнаас улирал тутам нэгтгэн гаргадаг "Шинжээчдийн макро эдийн засгийн төсөөлөл"-ийн шинэ судалгааны үр дүн гарлаа. Арилжааны банкууд, судалгааны байгууллага болон их дээд сургуулийн нийт 19 хараат бус эдийн засагч, шинжээчдийг хамруулсан тус судалгаагаар ойрын хугацаанд дотоодын зах зээлд инфляцын хүлээлт өсөж, ДНБ-ий бодит өсөлт алгуур саарах циклд шилжих дүр зураг ажиглагдаж байна.
Судалгааны үр дүнгээс үзэхэд ойрын хугацаанд инфляц болон эдийн засгийн өсөлтөд бага зэргийн сааралт ажиглагдахаар байгаа бөгөөд мөнгө, зээлийн хүүгийн түвшин харьцангуй тогтвортой хадгалагдах хүлээлттэй байна.
Шинжээчдийн нэгдсэн таамаглалаар 2026 оны II улиралд инфляцын түвшин өмнөх үеэс бага зэрэг буурч 9.8 хувьд хүрэх хэдий ч энэ нь өмнөх улирлын төсөөллөөс өссөн үзүүлэлт боллоо.
Мөн хугацаанд бодит ДНБ-ий өсөлтийн эрч бага зэрэг саарч 6.7 хувьд хүрэх төлөвтэй байгаа бол Төв банкны бодлогын хүү 12.0 хувь, шинээр олгосон төгрөгийн зээлийн дундаж хүү 17.5 хувийн түвшинд тус тус хэвээр хадгалагдахаар байна.
Жилийн дараах буюу 2027 оны I улирлын төсөөллийг авч үзвэл инфляцын түвшин үргэлжлэн буурч 9.2 хувьд хүрэх бөгөөд эдийн засгийн бодит өсөлт 6.3 хувь хүртэл саарах хандлагатай байна. Үүнийг дагаад бодлогын хүү өнөөгийн түвшнээс үл ялиг буурч 11.7 хувь болох хүлээлттэй байгаа ч арилжааны банкуудын зээлийн дундаж хүү 17.5 хувийн түвшинд тогтвортой хадгалагдана гэж шинжээчид таамаглажээ.
Эдийн засгийн бодит өсөлт 2026 оны I улиралд 7.9 хувь гарсан нь шинжээчдийн өмнөх таамаг болох 5.5 хувиас давсан үзүүлэлт байв. Хэдийгээр эдийн засгийн идэвхжил сайн байгаа ч ирэх улирлуудад өсөлт болон инфляцын түвшин аль аль нь алгуур буурах хандлагатай байгааг судалгааны үр дүн харуулж байна.
Мөн сүүлийн улирлуудад шинээр олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү харьцангуй тогтвортой байгаатай холбоотойгоор шинжээчдийн хүлээлт ирэх нэг жилийн хугацаанд өөрчлөлтгүй байна гэж дүгнэжээ.
Эх сурвалж: Монголбанк