Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Степ Голд" компани АТО төслийн 2-р шатны гэрээний дүнг 238.2 сая ам.доллар болгон нэмэгдүүллээ

О.Дөлгөөн

Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Steppe Gold Ltd" (TSX: STGO) компанийн охин компани болох "Степ Голд" ХХК нь АТО (Алтан Цагаан Овоо) уурхайн 2-р шатны төслийн хүрээнд "Hexagon Build Engineering" компанитай байгуулсан зураг төсөл, худалдан авалт, барилга угсралтын гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулснаа зарлалаа. Ингэснээр гэрээний үндсэн дүн 148.8 сая ам.доллароос 238.2 сая ам.доллар болж өсөж байна.

Компанийн удирдлагуудын зүгээс төслийн хөгжүүлэлтийн төлөвлөгөөг эргэн хянасны үндсэн дээр АТО уурхайн 2-р шатны бүтээн байгуулалтад зайлшгүй шаардлагатай зарим дэд бүтэц, туслах байгууламжуудыг ийнхүү ажлын гүйцэтгэлийн хүрээнд нэмж тусгасан байна. Үүнд:

  • Хаягдлын менежментийн байгууламж,

  • Эрчим хүч дамжуулах болон ус хангамжийн дэд бүтэц,

  • Баяжмал тээвэрлэх зориулалттай авто замууд,

  • Төслийн талбайн агуулах, засварын цех болон ажилчдын хотхоны барилга байгууламжууд багтжээ.

Эдгээр ажлууд нь төслийг амжилттай хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой хэдий ч өмнөх үндсэн гэрээнд хариуцах тал болон гүйцэтгэх аргачлалын хувьд нарийвчлан тусгагдаагүй байсан юм.

"Степ Голд" компани өргөтгөсөн төслийн хүрээнд шаардлагатай нэмэлт хөрөнгө оруулалтыг өрийн санхүүжилт буюу зээлээр шийдвэрлэхээр төлөвлөж байна. Гэхдээ санхүүжилтийн нөхцөлүүд одоогоор эцэслэгдээгүй байгаа бөгөөд зээлийн хэлцэл тохироонд хүрч чадах эсэхээс хамаарч төслийн ерөнхий явц өөрчлөгдөх боломжтойг компани онцоллоо.

Үүнээс гадна уурхайн жилийн боловсруулах хүчин чадлыг нэмэгдүүлэх шийдвэрийг тусгасан Төслийн шинэчилсэн Техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) 2026 оны хоёрдугаар хагаст бэлэн болох хүлээлттэй байна. 

Төслийн барилга угсралтын ажил хэзээ үргэлжлэх нь уг ТЭЗҮ-ийн үр дүн, санхүүжилт бүрдүүлэлт болон төрийн байгууллагуудын шаардлагатай зөвшөөрөл, лицензүүдийг авахаас шууд хамаарах юм.

Эх сурвалж: steppegold.com