Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ мэдээлэл

МОНГОЛ УЛСАД АУКЦИОНООР ХЭРЭГЖИХ АНХНЫ 5 ТӨСӨЛ

Т.Бямбанаран

Таван аймагт хэрэгжих сэргээгдэх эрчим хүчний төслийн бие даасан үйлдвэрлэгчдийг аукционоор сонгон шалгарууллаа. Эрчим хүчний яамнаас Төвийн бүсийн нэгдсэн сүлжээний таван байршилд сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжүүлэхээр өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарласан билээ. Төслийн хүрээнд нийт 220 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станц, 135 МВТ/ 440 МВт.цаг хүчин чадалтай батарей хуримтлуурын систем бүхий эх үүсвэрүүдийг богино хугацаанд байгуулахаар төлөвлөжээ. Сонгон шалгаруулалтаар Магнус сентурион констракшн ХХК, “Монхорус Интернэшнл” ХХК, “Смарт найчурал энержи” ХХК, “Алхана Трейд” ХХК, "Ар Жей И Монголиа" ХХК гэх таван компани шалгарчээ. Тодруулбал:

Нэг. Булган аймгийн Орхон сумын “Булган” дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц болон 30 МВт / 100 МВт.цаг багтаамжтай батарей хуримтлуурын систем

Тус аукционд "Магнус сентурион констракшн ХХК-ZHEJIANG CHINT NEW ENERGY, DEVELOPMENT CO.,LTD" компаниуд түншлэлээр, 5.95 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Хоёр. Өвөрхангай аймагт байрлах “Хархорин” дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц болон 30 МВт / 100 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын систем

Уг төсөлд “Монхорус Интернэшнл” ХХК 5.75 ам.цент/кВт.цаг үнээр сонгогдлоо.

Гурав. Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Мандал” дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц болон 30 МВт / 100 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын систем

Энэхүү аукционд “Смарт найчурал энержи” ХХК 4.85 ам.цент/кВт.цаг үнээр яллаа.

Дөрөв. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Чойр” дэд станцад холбогдох 50 МВт-ын нарны цахилгаан станц болон 30 МВт / 100 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын систем

Уг төсөлд “Алхана Трейд” ХХК буюу “Сод Монгол” группийн охин компани шалгарлаа. Ялсан үнэ нь 6.65 ам.цент/кВт.цаг.

Тав. Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Өндөрхаан” дэд станцад холбогдох 20 МВт-ын нарны цахилгаан станц болон 15 МВт / 40 МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын систем

Үүнд "Ар Жей И Монголиа" ХХК болон "Runxin Capital Holdings" Co.,Ltd” компаниуд түншлэлээр, 7.8 ам.цент/кВт.цаг үнээр ялалт байгуулав.

Эдгээр нь дэд станцад хамгийн ойр, өвлийн оргил ачааллын үед Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд зэрэгцээ ажиллах боломжит байршлууд юм.