
Монгол Улсад газрын тосны салбар үүсэж хөгжсөний түүхт 85 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх салбарын төлөөллүүдийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч үе үеийн ахмад буурал, эрдэмтэн судлаачид болон нийт хамт олонд баярын мэндчилгээ дэвшүүлж, хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлэв.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар салбартаа олон жил үр бүтээлтэй ажилласан “Гор газ” компанийн ерөнхий захирал Батмөнхийн Мөнхсайхан, “Тэс петролиум” компанийн гүйцэтгэх захирал Цогийн Майдар нарт "Аж үйлдвэрийн гавьяат ажилтан" цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасан юм.


Уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням оролцож, салбарын түүхэн замнал, өнөөгийн хөгжил болон төрөөс хэрэгжүүлж буй бодлогын талаар танилцуулга хийлээ. Манай улсад газрын тосны судалгаа, хайгуул 1940 онд эхэлж, Дорноговь аймгийн Зүүнбаян, Цагаан-Элсний ордоос 1949 оноос олборлолт хийн, улсын хэрэглээний 20 гаруй хувийг дотоодоосоо хангаж байсан түүхтэй.
Өнөөдөр тус салбар нь стратегийн ач холбогдол бүхий тэргүүлэх чиглэл болон хөгжиж, 2025 оныг хүртэл нийт 12 сая тонн газрын тос олборлон экспортолж, улсын төсөвт 3 орчим их наяд төгрөг төвлөрүүлээд байна. Уул уурхай, аж үйлдвэр, тээврийн салбарын өсөлтийг даган шатахууны хэрэглээ нэмэгдэж байгаа бөгөөд импортын хэмжээ 2026 онд 3 сая тонноос давах төлөвтэй байна.
Импортын хараат байдлыг бууруулах зорилгоор БНЭУ-ын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр баригдаж буй "Монгол газрын тос боловсруулах үйлдвэр"-ийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй үргэлжилж байна. Салбарын сайд Г.Дамдинням үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй хангах, дотоодын түүхий тосны нөөцийг нэмэгдүүлэх асуудал салбарын өмнө тулгамдсан гол зорилт болоод байгааг онцлоод, уг түүхэн бүтээн байгуулалтад аж ахуйн нэгж, иргэн бүрийн дэмжлэг чухал гэдгийг дурдлаа.
Дэлхийн геополитикийн тодорхойгүй байдлаас шалтгаалж нийлүүлэлтийн эрсдэл үүссэн ч Засгийн газар болон яамнаас шуурхай арга хэмжээ авсны үр дүнд дотоодын зах зээлийг тогтвортой хадгалж чадсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 170 орчим импортлогч компанийн 1600 орчим шатахуун түгээх станц, 120 агуулахад 20 гаруй мянган инженер, техникийн ажилтан тасралтгүй үүрэг гүйцэтгэж байна. Цаашид хангамжийг тогтвортой байлгах үүднээс 2025 оны 12 дугаар сард "Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай" хуулийг батлуулж, аж ахуйн нэгжүүд багадаа 1 сарын хэрэглээний агуулах барих боломжийг бүрдүүлэн, санхүүжилтийн зээл олгох ажлыг зохион байгуулж байна.
Мөн ил тод, хариуцлагатай салбарыг хөгжүүлэх зорилгоор УИХ-ын намрын чуулганаар Газрын тосны тухай болон Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэхээр бэлтгэж байгааг салбарын сайд мэдээллээ.
Эх сурвалж:АҮЭБЯ