Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ГОВИЙН БҮСЭД 1500 АЖЛЫН БАЙР БИЙ БОЛОХ БОРТЭЭГИЙН ОРДЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ

Өмнөговь аймаг дахь Тавантолгой бүлэг ордын томоохон хэсэг болох Бортээгийн ордын үйл ажиллагаа албан ёсоор эхэлж, нээлтийн үйл ажиллагаанд (2026.06.20)  Ерөнхий сайд Н.Учрал оролцлоо.

Засгийн газар энэ сарын 3-ны өдөр монголчууд өөрсдөө стратегийн ордоо ашиглах түүхэн шийдвэр гаргасан бөгөөд уг Бортээгийн төслийг “Эрдэнэс Тавантолгой” ХК гардан хариуцаж, үндэсний аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран ажиллахаар болжээ.

"Эрдэнэс Тавантолгой" ХК нээлттэй хувьцаат компани болох эхлэл тавигдлаа

Бортээгийн ордыг олборлох эхний шанага тавихтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын “БДО” аудитын байгууллага болон Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Энэхүү алхам нь Засгийн газрын “Чөлөөлье” бодлого бодит амьдрал дээр хэрэгжиж, экспортын гол судас болсон “Эрдэнэс Тавантолгой”-г нээлттэй хувьцаат компани (IPO) болгох ажлын бэлтгэл хангагдаж буйн илрэл юм. Салбарын цаашдын хөгжил нь олон улсын ESG стандарт, ил тод засаглал болон байгаль орчин, нийгмийн хариуцлагыг бодитоор хэрэгжүүлэх суурь дээр явагдахыг албаныхан илэрхийлж байна.

Бортээгийн төсөл хэрэгжсэнээр говийн бүсэд 1500 ажлын байр шинээр бий болохоос гадна Монгол Улсын эдийн засагт томоохон дэвшлүүд гарна.Тус орд нь 424.2 сая тонн нүүрсний нөөцтэй бөгөөд жилд 15 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай.

Төсөл хэрэгжиж эхэлсний эхний 10 жилд улс болон орон нутгийн төсөвт 4.4 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлнэ. Энэ нь Монгол Улсын нэгдсэн төсвийн орлогын 13 орчим хувьтай тэнцэх хэмжээний томоохон хувь нэмэр юм.