
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийн барилга угсралтын талбайд ажиллаж, бүтээн байгуулалтын явцтай (2026.06.20) биечлэн танилцлаа. Одоогийн байдлаар тус чиглэлийн төмөр замын төслийн нийт гүйцэтгэл 33.61 хувьтай үргэлжилж байна.

Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам нь 1-р зэрэглэлийн, 19.4 км урт (дэлгэмэл уртаараа 32.6 км) трасстай бөгөөд 1520 мм-ийн өргөн болон 1435 мм-ийн нарийн царигийн хос замтай байхаараа онцлог юм. Нийт 8 багц ажлаас бүрдсэн тус цогц төслийн хүрээнд 9.4 км урт гүүр, 11.5 км авто зам болон 19 барилга байгууламж баригдаж байна.
Төслийн гол багц ажлуудын гүйцэтгэл дараах шатанд байна.
Багц 1: Төмөр замын дээд, доод бүтцийн ажил буюу ус зайлуулах хоолой, жаазан гүүр, ухмал болон суурийн үе байгуулах ажил 5.57 хувийн гүйцэтгэлтэй байна.
Багц 2: Урт гүүрийн барилга угсралтын хүрээнд одоогоор 2,376 ширхэг шон суурийг суурилуулж, 106 ширхэг тулгуур, 307 ширхэг дам нурууг үйлдвэрлээд байна. Мөн төслийн талбайд төлөвлөгдсөн 13 барилгын суурийн ажил бүрэн дуусжээ.
Одоогийн байдлаар бүтээн байгуулалтын талбайд нийт 880 инженер, техникийн ажилтан, 276 машин механизмтайгаар үе шаттай, хэвийн ажиллаж байна.
Гашуунсухайт-Ганцмод чиглэлийн хил дамнасан төмөр зам ашиглалтад орсноор улс орны эдийн засагт томоохон давуу талууд үүснэ. Тухайлбал, нүүрсний экспорт жил бүр 20 сая тонноор нэмэгдэнэ. ДНБ-ий өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар өсөх боломж бүрдэнэ. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийг (ДНБ) 10 мянган ам.долларт хүргэхэд жинтэй хувь нэмэр оруулна.

