
Дэлхийн гангийн үйлдвэрлэлийн технологийн чиг хандлагыг тодорхойлогч, элэгдэлд тэсвэртэй ган бүтээгдэхүүнээрээ тэргүүлэгч Скандинавын SSAB компанийн олон улсын ахлах шинжээчид Монгол Улсад хүрэлцэн ирэх гэж байна.
Тус баг бүрэлдэхүүн уул уурхайн салбарын инженер, техникийн шийдвэр гаргагчдад зориулсан "SSAB Hardox-Техникийн сургалт, хэлэлцүүлэг"-ийг энэ сарын 25-ны өдөр "Кемпински" зочид буудалд зохион байгуулахаар боллоо. Уг арга хэмжээг SSAB-ийн Монгол дахь албан ёсны баталгаат түнш "Зэт Эм И" ХХК (Hardox Wear Parts Center Mongolia) зохион байгуулж байна.
Энэхүү сургалт нь уул уурхайн тоног төхөөрөмжийн элэгдлийг бууруулах, ашиглалтын хугацааг уртасгах замаар уурхайн нийт зардлыг (Total Cost of Ownership) хэрхэн эрс хэмнэх тухай инженерийн шилдэг шийдлүүдийг танилцуулах зорилготой юм. Мөн "Оюу Толгой" ХХК-ийн ил болон гүний уурхайн үйлдвэрлэл дээр хэрэгжсэн Hardox материалын бодит кэйс, туршлагаас хуваалцах тул салбарын мэргэжилтнүүдийн хувьд онцгой ач холбогдолтой уулзалт болох юм.
Ил уурхайн хэрэглээ: Экскаваторын шанага, өөрөө буулгагч машины тэвш болон бутлуурын хуягт Hardox ганг ашиглан жинг бууруулж, даацыг нэмэгдүүлэх нь. Бүтээмжийг дээшлүүлэгч XMOR® тоног төхөөрөмжийн шийдлүүд.
Гүний уурхайн хэрэглээ: Гүний уурхайн тээвэрлэгч, хүдэр буулгуур (ore pass) болон бусад суурин дэд бүтцийн элэгдлийг шийдвэрлэх нь.
Баяжуулах үйлдвэрийн шийдэл: Хүчиллэг болон өндөр температурт орчинд зориулагдсан Hardox HiAce ган болон тээрмийн хуяг, зутангийн шугам хоолойн ашиглалтын хугацааг уртасгах аргачлал.
Тогтвортой хөгжил: SSAB-ийн нүүрстөрөгчгүй (Fossil-free) ногоон гангийн үйлдвэрлэл болон ирээдүйн чиг хандлага.
Сургалтын үеэр оролцогчид олон улсын мэргэжилтнүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлж, техникийн зөвлөгөө мэдээлэл авах боломжтой.
Арга хэмжээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон бүртгэлийг зохион байгуулах хорооны Amartuvshin@zme.mn хаягаар авна уу.