Монцемент билдинг материалс компанийн Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Ц.Халиунтай ММЈ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.
- Цемент бол барилгын салбарын хувьд асар их хэрэгцээтэй суурь бүтээгдэхүүн. Улс орон хөгжиж байна. Хэрэглээ улам бүр өсөж буй нь үйлдвэрлэгч нарын хувьд сайн мэдээ. Гэхдээ цемент үйлдвэрлэлийн хөгжлийг тээвэрлэлтийн бэрхшээл хязгаарлаж байна. Өөдрөг асуултаар ярилцлагаа эхэлье. Монцемент компани нь салбарын үйлдвэрлэгч нарын тод төлөөлөл. 2025 онд ямар амжилт гаргаж ажиллав? Цаашид танай хамт олон юунд зорьж ажиллаж байгаа талаараа тодруулна yy?
Цемент үйлдвэрлэл гэхээр хүмүүс амархан зүйл гэж боддог ч ханган нийлүүлэгчээс эхлээд түүхий эд бэлтгэл, үйлдвэрлэлийг тасралтгүй авч явах хамт олон хүртэл олон мянган хүний хөдөлмөр шингэдэг. Манай улс цаг уурын онцлогоос шалтгаалан бүтээн байгуулалтын идэвхтэй улирал дөрөвхөн сар үргэлжилдэг.
Тэр хугацаанд хэрэглэгчдэд цаг тухайд нь цемент хүргэх нь хамгийн том зорилго маань байдаг.
Манай улс нэг салбараас хэт хамааралтай байсаар ирсэн тул эдийн засгаа нэн яаралтай төрөлжүүлэхэд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэл тэр дундаа цемент чухал гэдгийг Монполимет группын маань удирдлагууд харж 2006 оноос эхлэн Монцемент цогц үйлдвэрийн төслийг эхлүүлж, улмаар ЕСБХБанктай хамтарч, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн сүүлийн үеийн технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн.
Тэр дундаа хаягдал дулааныг ашиглан цахилгаан үйлдвэрлэдэг WHR (waste heat recovery) технологи Монгол улсад анх удаа манай үйлдвэрт нэвтэрсэн. Энэ технологиор сүүлийн 10 жилд 120 сая кВт.ц эрчим хүч үйлдвэрлэж, 120 мянган тонноор хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан нь 4 сая мод тарьсантай тэнцдэг. Төвийн системээс авах эрчим хүчээ 35-40 хувиар бууруулан ажилласаар ирсэн.
Мөн зөвхөн 2025 оны байдлаар 696 харилцагч аж ахуйн нэгжид бүтээгдэхүүн нийлүүлж, 400 гаруй дотоодын компанитай хамтран ажилласан байна. Мөн чанарын хувьд харилцагчид "урт хугацаандаа маш сайн бэхжилт авдаг" гэж ярих болсон нь бидэнд маш олзуурхууштай. Аюулгүй барилгын суурь нь чанартай цемент гэдэгт бид анхнаасаа итгэж, тууштай ажилласаар ирсэн.
Манай үйлдвэрийн хувьд бид цемент үйлдвэрлээд зогсохгүй хажуудаа логистикийн том хэлтсийг авч явдаг. Тээвэрлэлт логистикоо өөрсдөө зохион байгуулна гэсэн үг. Төмөр зам, авто зам гээд бүгдэд нь бид логистикийн шийдлүүдийг гаргана. Бид мен үйлдвэрлэлийнхээ салбарт анхны онлайн аппликэйшн системийг хөгжүүлсэн. Өөрөөр хэлбэл манай бүтээгдэхүүнийг Долоон буудлын Должин эмээ ч аппликэйшнээр дамжуулаад бүтээгдэхүүнээ захиалаад гэртээ хүргүүлээд авах бүрэн боломжтой. Мөн бид өөрсдийн хамтарч ажилладаг тээврийн компаниудын тээврийн хэрэгслүүдэд GPS тавьсан байдаг. Тэгэхээр харилцагч нар маань өөрсдийн бүтээн байгуулалтаа яг цаг хугацаанд нь явуулахын тулд захиалсан бүтээгдэхүүн нь хаана явж байгааг цаг алдалгүй харж мэдэх боломжтой. Ийм техникийн боломжийг бид бас бий болгож хөгжүүлсэн. Үүнийгээ бид улам сайжруулан ажиллаж байна.
- Заавал том хэрэглэгч гэлтгүй дурын хэрэглэгч цементээ захиалаад хүргүүлж болно гэж ойлголоо. Энэ нь үнэхээр хэрэгцээтэй санагдлаа.
Зөвхөн том компани руу чиглэхээс илүү бид 2 жилийн өмнө "Өрхийн цемент" гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулсан. Ер нь Монгол улсын нийтлэг хэрэглэдэг ОРС 42.5 маркийн цемент байдаг. Энэ бол суурь, дэд бүтэц, барилга, бүх төрлийн бүтээн байгуулалтад ашиглаж болно. Мөн ОРС 52.5 гээд том бетон хавтан, төмөр замын дэр бетон, гүүр барихад ашиглагддаг цемент бий. Хэрэглэгчдийн хувьд, бетон эдлэлийн үйлдвэрүүд юу хүсдэг вэ гэхээр Монцемент-ийн цементийг ашигласнаар (ОРС 42.5 байсан ч) урт хугацаандаа М600 марк руу хүрдэг гэж ярьдаг. Танай энэ чанарт чинь болоод бид танайхаас цемент авч байна гэдэг.
Харин нэг шатлал доогуур буюу ОРС 32.5 цемент гэж бий. Одоогоор Монгол улсад автозамын стандартаараа сууриа бэхжүүлэхэд 32.5 маркийн цементийг ашигладаг. Энэ цементээр 3-4 давхар байшин барьж болдог. Бат бэх сайн авна.
Бид зуслан дээрээ жижиг сажиг тохижилтоо хийх, замаа засах эсвэл довжоогоо янзлахад цементийн хэрэгцээ их байдаг. Тэгэхээр бид үүнд зориулаад ОРС 32.5 цементийг өрхийн хэрэглээнд гаргасан. Үүнийгээ зах зээл дээр таниулаад зөвхөн 50 кг-аар бус илүү жижиг хувилбар болох 25 кг-ийн савлагаатайгаар бас борлуулдаг. Учир нь хүн хашаандаа багахан ажил хийхэд 17 - 20 мянган төгрөгөөр нэг шуудай цемент аваад талыг нь л хэрэглэнэ. Ингэхээр хэрэглэгч үргүй зардал гаргадаг. Тэгвэл үүнийг нь шийдээд савлагаандаа багасгасан хувилбарыг нэвтрүүлэн, бүтээгдэхүүнээ жижиглэнгийн цэгүүдээр түгээж байна. Бид энэ жилийн хувьд орон нутагт өрхийн цементээ илүү хүртээмжтэй хүргэх үүднээс тухайлбал Эрдэнэт, Дархан, Хөвсгөл аймагт шинэ салбар цэгүүд нээж байна. Бид үйл ажиллагаандаа бүх чиглэлд сайжруулах боломжийг үргэлж эрэлхийлж байдаг. Үйлдвэрлэл тасралтгүй явж байх ёстой, үүний зэрэгцээ тасралтгүй сайжирч байх ёстой. Тэгэхээр технологийн тусламжтайгаар бид бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ сайжруулж чадаж байна. Гэхдээ нөгөө талдаа бид тээвэр логистикоо оновчтой шийдэх асуудал дээр хоцрогдоод байна.
- Таны дурдсанчлан үйлдвэрлэлийн ийм том амжилт гарсан ч тээвэр логистикийн асуудал хөгжлийг хязгаарлаж байна гэлээ. Яг л энэ тээвэрлэлтэд үүсээд буй асуудлыг та дэлгэрүүлж яривал? Бүтээн байгуулалтын ид улирал эхэлж байна. Төмөр зам, авто замын тээвэрлэлтэд ямар асуудлууд байна вэ?
Манай үйлдвэр Улаанбаатараас 550 км зайтай тул авто замын тээвэр өндөр өртөгтэй тусна. Тиймээс бид Дорноговийн Өргөн сумын үйлдвэрт клинкер үйлдвэрлэж, тэндээсээ төмөр замаар нийслэл хот руу татаж авчирдаг. Улаанбаатарын Сонгинохайрхан дүүрэгт байрлах "Улаанбаатар Монцемент" үйлдвэрт тээрэмдэж, нийслэлийн хэрэглээний 50-60%-ийг хангаж байна.
Гэвч УБТЗ-ын вагоны хүрэлцээ жилээс жилд хангалтгүй болж ирсэн. Эхэндээ "хувийн компаниуд өөрсдөө вагондоо хөрөнгө оруул" гэсэн зөвлөмж өгсөн. Ингээд үйлдвэрүүд нийлээд 400 гаруй вагонтой болж, сэлгээний зүтгүүр хүртэл өөрсдөө бүрдүүлсэн. Энэ нь маш өндөр өртөгтэй хөрөнгө оруулалт байсан. Гэтэл одоо гол замын зүтгүүр өөрөө хүрэлцэхгүй болж, 2024 онд ялангуяа хүндрэлтэй байлаа. Хамгийн завгүй Толгойт өртөөнд ч сэлгээний зүтгүүр дутагдах, мөн зам хүрэлцэхгүй хэмээх шалтгаан ярьдаг.
Авто замын тухайд шинэ даацын стандартаар ачаа 25 тоннд хязгаарлагдсан нь тээврийн зардлыг 50-70% нэмэгдүүлсэн. Олон улсад хүнд даацын ачаанд зориулсан тусгай коридор байдаг ч Монголд энэ нь хөгжөөгүй. Бүсчилсэн хөгжлийн төлөвлөлт анхнаасаа сул байсны үр дагавар энд тод харагддаг.
- Зам, тээврийн яам цемент, шатахууны тээвэрлэлтэд ачааны даацын шаардлагыг түр хугацаанд хөнгөвчлөхөөр болсон гэж мэдэгдсэн нь үнэхээр амьдралд хэрэгжиж чадаж байна уу?
Тийм, түр зөвшөөрөл олгохоор болсон ч яг нэмэгдсэн ачааных нь хэмжээ нь одоогоор 33 тонноор хязгаарлагдаж байна. Одоо бид бүтээгдэхүүний түүхий эдээ татахдаа 33 тонноор, мөн бүтээгдэхүүн тээвэрлэхдээ ч энэхүү даацандаа л бариулж байгаа гэсэн үг. Ерөөсөө наймхан тонны нэмэгдэл үйлчилж байна гэсэн үг. Энэ удаагийн Цемент экспо дээр цементийн үйлдвэрүүд хэдийгээр зах зээл дээр өөр өөрсдийн бодлоготой, онцлогтой өрсөлдөгч нар боловч бидэнд тулгардаг нийтлэг асуудал бол логистикийн бэрхшээл юм. Нэг үеэ бодвол цемент үйлдвэрлэлийг хүмүүс мэддэг ойлгодог болсон, харин тулгарч буй асуудлыг төдийлөн мэддэггүй. Ялангуяа бүтээгдэхүүний үнийн өсөлт, өртөг зардал, түүхий эдийн үнийн өсөлт байна. Нийтлэг тулгардаг зовлонгоо хүмүүст ярих ёстой юм байна. Ганцхан Монцемент дангаараа ярих нь хангалтгүй. Учир нь энэ нь салбарын асуудал. Цемент үйлдвэрлэл бол барилгын салбарын суурь нь гэж явдаг. Иймд, бид бас тодорхой хэмжээнд зөв ойлголтыг хэрэглэгч нартаа, төр засагт бүгдэд нь өгөх ёстой юм байна гэж бодсон. Өнгөрсөн жил бид энэхүү арга хэмжээг хийхдээ илүү сэргээгдэх эрчим хүч, ногоон шилжилтийн талаар түлхүү ярьсан бол энэ жил бид асуудал дэвшүүлье, асуудлынхаа гарцыг хайя, шийдлийг олъё, үнэхээр энэ тээврээс болж юу болдгийг нийтэд ойлгуулъя гэж зорьсон. Тодорхой ахиц гарсан гэж бодож байна.
- Тэгвэл тийм нөхцөлд цементийн үнэд энэ бүх зардлын өсөлт хэрхэн нөлөөлж байна вэ? Цемент үйлдвэрлэлийн салбарт түлшний үнийн өсөлт хэрхэн нөлөөлж байна вэ?
Одоо сүүлийн нэг сард түлшний үнэ харьцангуй тогтвортой байна. Түүнээс өмнө бол долоо хоног болгон хэлбэлзэж байсан. Зарим үед түлшний нийлүүлэлт хийхгүй гээд зогссон өдрүүд ч байсан. Бидний хувьд түлшний том нөөц сав бэлдэхэд хүндрэлтэй. Нийт өсөлтийг нь харахад литр түлш өмнө нь 3600 төгрөг байсан бол одоо 4700 төгрөгийн түвшин рүү явж байна. Түлшний үнийн өсөлт, жин тоннын даацын хязгаарлалт зэргээс шалтгаалаад тээвэрлэлтийн зардал 60%-ийн өсөлттэй гарч байна. Бусад үйлдвэрийг сайн мэдэхгүй. Манай үйлдвэрийн хувьд жишээ нь гөлтгөнө түүхий эдээ Дундговь аймгаас 600-аад км-ийн холоос татдаг. Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам нэг хэсэгтээ дизелийн үнэ тогтвортой байна гэдэгт нь итгэж найдаж харж байна. Гэхдээ нөхцөл байдал хэрхэхийг хэн ч таах аргагүй. Ормузын хоолой хаагдсанаар Хятад хамгийн их нөлөөлөгдөхөөр байна. Тус улсад сэлбэг, бараа материалын үнэ өсөж эхэлсэн нь наашаа орж ирээд дахиад л нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Тэгээд нөгөө өсөлттэй түлшээрээ явахаар дахиад л зардал өснө гэсэн үг. Хүмүүс цементийг 10 жилийн өмнөх үнээр зарахыг шаардаад байдаг. Гэвч 10 жилийн өмнөхтэй харьцуулахад бүх өртөг 100-189% өсжээ. Валютын ханш, эрчим хүчний үнэ, төмөр замын тариф, түлшний үнэ жил бүр өсөж байдаг. Хувийн вагоноор тээвэрлэлт хийвэл тарифын 15%-ийн хөнгөлөлт үзүүлдэг байсныг 4 жилийн өмнөөс үйлчлэхгүй болгосон.
- Цемент үйлдвэрлэл нь улс эх орны стратегийн чухал салбар. Тэгвэл энэ салбарт төрийн бодлогын дэмжлэг хэр байна вэ? Ингэж асуух бараг шаардлагагүй байх. Гэхдээ ер нь ямар нэг дэмжлэг байдаг yy?
Барилгын материал үйлдвэрлэлийн салбарт төдийлөн дорвитой дэмжлэг гэхээр зүйл одоогоор байхгүй. Наанадаж цагаан дээр хараар тодорхой бичсэн Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2.1 дүгээр заалт одоо болтол хэрэгжилтгүй явж буй. Тухайн заалт нь барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйлдвэр барих тохиолдолд импортоор оруулж ирэх тоног төхөөрөмжийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай юм. Гэтэл тус хуулинд заасан уг заалт ХАА, газрын тос зэрэг салбарт хэрэгжиж буй мөртлөө манай салбарт хэрэгждэггүй. Ядаж энэ хуулиа хэрэгжүүлээд өгөөч, бусад хуулиндаа уялдуулаад өгөөч гэж зөвхөн хууль хэрэглээний асуудлыг тавихад одоо болтол шийдэлгүй буюу 10 жил яригдаж байна. Ерөөсөө манай улсад аж үйлдвэр хөгжих суурь нөхцөл алга. Хуулиуд нь уялдаагүй, эсвэл ялгамжтай хэрэгжинэ, бусад журам нь хуулиасаа давсан байх жишээний. Бид эхлээд суурь тогтолцоо буюу хууль эрх зүйн орчноо сайжруулж, ойлгомжтой болгохгүй бол аж үйлдвэржилтийн сэргэлт гэдэг бодлого явах ямар ч боломжгүй.
- Дотоодын үйлдвэрүүд цаашид үүсэх цементийн эрэлтийн өсөлтийг хангах бүрэн чадамжтай юу?
Монгол улс нийт 4.5 сая тонны хүчин чадалтай, 2025 оны зах зээлийн хэрэглээ 2.7 сая тонн байна. Дотоодын нийт хэрэглээний 93%-ийг үндэсний үйлдвэрүүд хангасан, 10 жилийн өмнө импортоос 90% хамааралтай байснаас авч үзвэл энэ бол үнэхээр үсрэнгүй өсөлт.
Цементийн импортод урсгаж байсан 300-400 сая ам.долларыг дотооддоо үлдээж чадаж байна.
Гэвч бүх үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллаж чадахгүй байгаа. 2022 оны Дарханы замын нөхцөл байдал үүний жишээ. Тухайн үед Хөтөлийн үйлдвэр зогссоноор бусад үйлдвэрүүдэд ачаалал нэмэгдэж, дээр нь зохион байгуулалтын асуудлууд давхардсан. Монцемент тухайн бүтээн байгуулалтад хамгийн их цемент нийлүүлсэн үйлдвэр байсан.
- Манай улсын цементийн салбарт дотоодын хэрэглээнээс давсан үйлдвэрлэлийн хүчин чадал бүрдсэн байна. Барилгын салбарын яамны зүгээс цементийн экспортын талаар нааштайгаар танилцуулсан. Цаашид манайд ер нь цемент экспортлох боломж үнэхээр бий юу?
Байна. Бид бүрэн хүчин чадлаараа ажиллах туйлын зорилготой. Тэгж байж бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн өртөг багасна. Ер нь бол Эрхүүгийн муж, Сибирь орчимд судалгаа хийж үзэж байсан. Экспортын боломж байгаа нь тод анзаарагдсан. Энэ процесс 7 жил үргэлжлээд явж байгаа. Хаана очоод гацдаг вэ гэхээр ОХУ, Монгол хоорондын стандартын зөрчил. ОХУ зах зээлээ маш их хамгаалдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Оросоос манай үйлдвэрүүд рүү их холбогдож байна. Гол нь экспортолъё гэхээр стандартын нийцэл дээр зохицуулалт дутагдалтай хэвээр. Сая ОХУ-д Засгийн газар, манай худалдаа аж үйлдвэрийн танхимынхныг оролцуулсан айлчлал хийсэн. Евразийн худалдааны түр хэлэлцээрийн бүтээгдэхүүний жагсаалтад ч цемент багтсан. Одоо гол нь стандарт дээр хоёр улс хоорондоо сайн ажиллах ёстой. Хоёр улсын стандарт хэмжилзүйн газрууд ойлголцолд хүрчих юм бол үйлдвэрүүд нийлүүлэх боломжтой. Нийцлээ 2 улс хоорондоо хийж чадахгүй болохоор экспортлох боломж нь хаагдчихаад байгаа юм.
- Энэ жилийн Цемент экспо дээр ногоон цементийн тухай ойлголтыг нэлээд тод гаргаж өглөө. Тэгэхээр ногоон цемент гэх ойлголтыг илүү тодруулж өгнө үү? Энэ нь үнэхээр дэлхийн цемент үйлдвэрлэлийн чиг хандлага болж эхэлсэн үү? Ногоон цемент Монцементийн үйлдвэрлэлд хэрхэн нэвтэрч байна вэ?
Цемент бол бетоноосоо үйлдвэрлэлийн процессын хувьд илүү ярвигтай бүтээгдэхүүн.
Цемент дээр Global Cement & Concrete Association гээд байдаг. Үүний гишүүн болохын тулд тэг ялгарал руу чиглэсэн ажлуудаа хийж явах ёстой. Тэр нь шалгуур харьцангуй өндөртэй. Манай компанийн тухайд энэ чиглэлд ажлууд төлөвлөөд хийгээд явж байна. Ногоон цемент гэдэг нь хаягдлаас бүтээгдэхүүн үйлдвэрлэх, ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ийм л концепцийг яриад байгаа юм. Жишээ нь түүхий эд, нүүрсийг хэрхэн юугаар орлуулах чиглэлд судалгаануудыг олон улсад эрчимтэй хийж байна. Барууны үйлдвэрүүд LC3 гээд ногоон цемент үйлдвэрлэлийн чиглэлд нэлээд хөгжиж байна. Монгол бас үүнээс хоцрохгүйн төлөө технологийн талаар судалгаа хийгээд явж байна. Эрчим хүчний хэмнэлт заавал байх ёстой. Ногоон цемент гэдэг концепц олон улсад нэлээд олон жил яригдаж байгаа бол бидний хувьд 2 жилийн өмнөөс анхаарах болсон. Гэхдээ манай үйлдвэр хаягдал дулаанаа эрчим хүч болгон хувиргадаг, усаа мөн адил эргүүлэн ашигладаг зэрэг нь суурь шаардлагатай ногоон ажлууд анхнаасаа хийгдэж ирсэн гэсэн үг. Одоо гол нь бид яг ногоон цементэд мөрдөгддөг эрчим хүчний стандарт болон байгаль орчны стандартыг хэрэгжүүлнэ. Энэ ажлуудыг энэ жил хийж байна. Стратеги төлөвлөгөөндөө бид ногоон цемент үйлдвэрлэлийг заавал хэрэгжүүлэхээр тусгасан. Саяхан EnviroTech гээд дэлхийн цементийн салбарынхны хурал Лондон хотноо болсон. Тэнд хэлэлцэгдсэн сэдэв нь ерөөсөө л энэ ногоон цементийн тухай байсан.
Үүнээс гадна Al-ийг цемент үйлдвэрлэлд олон улсад нэвтрүүлэн хэрэгжүүлж байгаа. Тодруулбал АBB, FLS технологийн компаниуд үйлдвэрлэлийн системдээ хиймэл оюуныг шинэ тутам нэвтрүүлсэн туршлагууд бий. Бидний хувьд энэ жил хиймэл оюуныг үйлдвэртээ нэвтрүүлэхээр ажиллаж байна. Нэгд, үйлдвэрийн тодорхой хэсгүүдэд хиймэл оюун ухаан нэвтрүүлж автомат горимд шилжүүлснээр алдаа багасна, тэр хэрээр хаягдал ч буурна гэсэн үг. Хоёрдугаарт, улс даяар ажиллах хүчний хомсдолтой байгаа нь уг технологийн хөгжлийг нэвтрүүлэх бас нэг шалтгаан болж байна.
- Монцемент компанийн билдинг материалс нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудаас танилцуулна уу?
Дорноговийн Өргөн суманд гурван блок 164 айлын орон сууц ашиглалтад оруулж, тэнд манай ажилчид гэр бүлээрээ амьдардаг. Орон сууцны дулааныг үйлдвэрийн системээс хангаж, хотын орчинтой адил тухтай нөхцлийг бүрдүүлсэн. 11.2 км ус дамжуулах шугам татаж сумынхандаа хандивлаж, хуримтлагдсан их хэмжээний хог хаягдлыг цэвэрлэн тохижуулсан.
Манай ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан захирал маань 2025 онд НҮБ-ын Хүүхдийн сангийн элчээр томилогдож, "Таблеттай багш" хөтөлбөрийг Дорноговь аймагт амжилттай хэрэгжүүлсэн. Зуны сургууль, зуны цэцэрлэгт хүүхдүүдийг үнэ төлбөргүй хамруулах зэрэг ажлуудыг зохион байгуулсан. Цаашид Өргөн суманд сургуулийн төслийг судлан орон нутгийн захиргаатай хамтран ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа!