Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

АФРИК ТИВ ОРОСЫН ХИЙГ ОРЛОХ 4128 КМ УРТ ХИЙН ХООЛОЙ БАРЬЖ БАЙНА

Ч.Сансар

Европын Холбооны Оросын эрчим хүчнээс хараат байдлаа бууруулахыг зорьж байгаатай холбоотой Алжир, Нигери, Нижер зэрэг Африкийн гурван улс жилд 30 тэрбум куб метр байгалийн хий Европын зах зээлд нийлүүлэх хүчин чадалтай Сахарын цөлийг дамнасан томоохон хийн хоолойн төсөл хэрэгжүүлж байна.

Business Insider интернэт сайтын зургаадугаар сарын 5-нд мэдээлснээр Нигерийн хийн ордуудыг Алжирын экспортын дэд бүтэцтэй холбох 4128 км урт хоолойн барилгын ажил аль хэдийн эхэлжээ.

Уг төслийн хүрээнд Нигерийн хийг Нижер улсаар дамжуулан Алжир руу тээвэрлэж, тэндхийн экспортын боомтуудаас Европ руу хүргэх юм байна.

Энэхүү хоолой нь Нигерийн өмнөд хэсэгт орших Варри хотоос дэлхийн хамгийн том хийн ордуудын нэг болох Алжирын эрчим хүчний гол зангилаа Хасси Р'Мел хүртэл үргэлжилнэ. Бүтээн байгуулалт дууссаны дараа тус хоолой жилд 30 тэрбум куб метр хүртэл хий дамжуулах боломжтой болно гэж тооцоолж байна.

Төслийг оролцогч гурван оронд үе шаттайгаар хэрэгжүүлж байна. Алжир улс 1210 км урт хоолойн ажлаа аль хэдийн эхлүүлсэн. Нигер улс 2027 оны эхээр 720 км орчим урт хоолойн барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна.

Business Insider-ийн мэдээлснээр, уг хоолой Алжирын хийн сүлжээнд холбогдож, Газар дундын тэнгисийн экспортын боомтоор дамжиж Европын хэрэглэгчдэд хүргэгдэнэ. Алжир одоогоор Европын Холбооны хийн импортын ойролцоогоор 12%-ийг эзэлдэг.

Сахарын цөлөөр дамжих уг хийн хоолойн төсөл Баруун Африкийн Атлантын эрэг дагуу баригдахаар төлөвлөж буй Нигери-Марокко хийн хоолойтой өрсөлдөх юм байна.

Европын Холбоо Оросын чулуужсан түлшний импортыг аажмаар зогсоох бодлогоо үргэлжлүүлж байгаатай холбогдуулан энэхүү төсөл хэрэгжиж байгаа юм. Европын Комисс 2027 он гэхэд Оросын хийн импортыг бүр мөсөн зогсоох санал дэвшүүлсэн нь Европын орнуудыг нийлүүлэлтийн нэмэлт эх үүсвэр, маршрут хайхад хүргэсэн.

Эх сурвалж: united24media.com