Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Монгол нүүрс ассоциаци: Шатах тослох материал, тэсэлгээний бодисын нийлүүлэлт, ханшийн савлагаанаас үүдэн нүүрс олборлогчдын үйл ажиллагаа доголдох эрсдэл үүссэн

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд Монголын Нүүрс Ассоциаци болон нүүрсний салбарт олборлолтын үйл ажиллагаа эрхэлж буй компаниудын удирдлагуудтай уулзалт зохион (2026.05.26)  байгуулагдлаа.

Тус уулзалт нь УИХ-ын 2025 оны 119 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 2026 оны 41 дүгээр захирамжийн хүрээнд хэрэгжүүлж буй “Эдийн засгийн тогтвортой өсөлт, эрчим хүчний аюулгүй байдал, ногоон хөгжил, хүлэмжийн хий багатай хөгжлийн шинэ загвар”-ыг дэмжих ажлын хүрээнд боллоо.

Уулзалтаар нүүрсний салбарт тулгамдаж буй дараах асуудлуудыг Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд уламжиллаа. Үүнд:

-Шатах тослох материал болон тэсэлгээний бодисын нийлүүлэлт, үнэ ханшийн савлагаанаас шалтгаалан уурхайн олборлолтын өртөг өсөж, аж ахуйн нэгжүүдийн ашигт ажиллагаа буурч, зарим компани үйл ажиллагаагаа зогсоох эрсдэл үүсээд байна.

-Уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбарт ашиглагдах хүнд даацын болон тээврийн хэрэгсэл, бүх төрлийн цахилгаан автомашин, механизм, цэнэглэгч төхөөрөмж, сэргээгдэх эрчим хүчний хуримтлуур (батерей)-ыг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх эрх зүйн орчныг яаралтай бүрдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.

-Нүүрс олборлогч компаниуд цахилгаан тоног төхөөрөмжийн цэнэглэлтийн эх үүсвэрээ шийдвэрлэх зорилгоор жижиг оврын нүүрс, газ, дизель хөдөлгүүрт цахилгаан станц байгуулах хэрэгцээтэй байгаа ч зөвшөөрөл, стандарт, хууль эрх зүйн хүндрэл тулгарч байгааг шийдвэрлэх хүсэлт тавилаа.

-Сэргээгдэх эрчим хүч ашиглан уурхайн цахилгаан хангамжаа шийдвэрлэж буй компаниудад бодлогын болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгааг дурдлаа.

-БНХАУ-аас дизелийн түлш болон тэсрэх материал импортлох чиглэлээр улс хоорондын яриа хэлэлцээ, дэмжлэг хэрэгтэй байгааг уламжиллаа.

-Мөн ОХУ-аас импортолж буй дизелийн түлшний чанар хангалтгүй байгаа нь уурхайн өндөр өртөгтэй техник, тоног төхөөрөмжид гэмтэл учруулж, их хэмжээний зардал, алдагдал үүсгэж байгааг салбарын төлөөллүүд онцоллоо.

Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, уул уурхайн салбарын тогтвортой хөгжил, эрчим хүчний шилжилт, ногоон хөгжлийн бодлогыг бодитоор хэрэгжүүлэхэд энэхүү уулзалт чухал ач холбогдолтой боллоо.

 

 

Эх сурвалж: Монгол нүүрс ассоциаци