Нүүрсний экспортод түлшний үнийн өсөлт тодорхой дарамт үзүүлж байгаа ч нөгөө талд зах зээлд үнэ өсөх хандлага давамгайлж байна. Ингээд манай улсын нүүрсний салбарт тулгамдаж буй асуудал, экспортыг нэмэгдүүлэх боломж, Хятадын нүүрсний зах зээлийн чиг хандлага болон бусад асуудлаар Монгол нүүрс ассоциацийн Ерөнхийлөгч Б.Бямбадагватай ММЈ-ийн сэтгүүлч Б.Төгсбилэгт ярилцлаа.
- Та 3 дугаар сард Хятадын нүүрсний импортын олон улсын хуралд оролцож илтгэл тавьсан. Тэгэхээр цаашид манай улсын нүүрсний экспорт тогтвортой, хэвийн хадгалагдах боломжтой юу? Хятадын дарга Ши Жиньпин саяхан нүүрс нь тус улсын эрчим хүчний тулгуур багана хэвээр байх тухай мэдэгдлээ. Мөн Хятадын нүүрсний импортын чиг хандлагад ямар өөрчлөлт гарч байна вэ?
Дэлхийн нүүрсний хэрэглээ оргил цэгт хараахан хүрээгүй байна. Дэлхийн эрчим хүчний агентлагаас гаргаж байгаа таамгаас авч үзвэл 2029 онд нүүрсний хэрэглээ оргил цэгт очих төлөвтэй. Энэ дотроос дэлхийн нүүрсний хэрэглээний томоохон хэсгийг бүрдүүлдэг Хятадын хэрэглээ бас өсөж байна. 2028 онд нүүрсний хэрэглээнд 1%-ийн өсөлт үзүүлж, улмаар үүнээс хойш сэргээгдэх эрчим хүч, цөмийн цахилгаан станцын хэрэглээ нэмэгдэх тохиолдолд нүүрсний хэрэглээ буурах таамаг гарлаа. Гэхдээ нүүрсний хэрэглээ 2050 он хүртэл буурахгүй байх дүр зураг тодорсон. Ер нь 2029 оноос эхлээд жил бүр 1-2%-иар нүүрсний хэрэглээ буурах таамгийг гаргажээ. Сая өнгөрсөн гуравдугаар сард Хятадын Гуанжоу хотод тус улсын зах зээлд нүүрс нийлүүлэгчдийн олон улсын хурал боллоо.
Энэ үеэр Хятад улсын XV таван жилийн төлөвлөгөөг танилцууллаа. Үүнээс харахад нүүрсний хэрэглээ огцом буурах, эсвэл өсөх тухай хэлэхгүй байна. Хятад улсын бодлого газрын ховрын ашиглалтыг нэмэгдүүлэхийн сацуу өндөр технологийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтэд чиглэж, үүнд нэлээд хөрөнгө зарцуулж байна. Гэхдээ барилгажилт, үйлдвэржилтэд шаардлагатай гангийн үйлдвэрлэлээ дагаад нүүрсний хэрэглээ тодорхойлогддог. Гангийн үйлдвэрлэл өснө гэж зарлаагүй. Харин хэрэглээгээ тогтвортой хангана гэсэн ийм чиг баримжааr танилцууллаа. Хятад улсын нүүрсний зах зээлийн бүтцийг авч үзвэл тус улс өөрөө томоохон олборлогч бөгөөд хэрэглэгч орон. Коксжих нүүрсний тухайд 110-120 сая тонн орчим нүүрсийг гадны орнуудаас авч байна. Үүний томоохон нийлүүлэгч нь Монгол Улс.
Өнгөрсөн жил гэхэд манай улс 63 сая тонн коксжих нүүрс тус улсад нийлүүлсэн. Үлдэж байгаа хэсэг нь эрчим хүчний хүрэн нүүрс болон бусад төрлийн нүүрс гэсэн үг.
Сая болсон хуралд Хятад улсад нүүрс нийлүүлж байгаа улс орнууд болох Индонез, ОХУ, Австрали, Монгол болон бусад улс орон илтгэл танилцууллаа. Тухайлбал Индонез улс Хятад руу голцуу эрчим хүчний нүүрс их хэмжээгээр нийлүүлдэг. Өнгөрсөн оны сүүлч, энэ оны эхээр эрчим хүчний нүүрсний экспорт дээрээ 3-8%-ийн татвараа сэргээж ногдуулж байна. Энэхүү татвар нь зах зээлд үнэ ханшийг удирдах, үнийн уналтыг тодорхой хэмжээнд барихад чиглэсэн ийм бодлого гэж миний хувьд ойлгосон. Ингээд Хятад улсын тус улсаас авдаг 200-аад сая тонн эрчим хүчний нүүрсний импортын нийлүүлэлтийн сүлжээнд доголдол үүсэхээр зах зээл дээр уг төрлийн нүүрсний эрэлт нэмэгдэж байна.
ОХУ-ын тухайд коксжих нүүрсний нийлүүлэлтээр их өндөр буюу манай улсын өрсөлдөгч улс орон. Оросын олборлогч компаниуд нүүрсний том бассейнуудаасаа 6000 км замыг туулан, манай улсын хойгуур тойроод БНХАУ-д нүүрс нийлүүлж байна. Тэгэхээр тээврийн өртөг зардал маш өндөр гарч байгаа тул өрсөлдөхүйц хэмжээнд нийлүүлж чадахгүй байгаагаа хурлын үеэр хэлж байсан. Австрали улсын тухайд харьцангуй өндөр өртөгтэй олборлодог нийлүүлэгч. Дэд бүтцийн хувьд роторный буюу тасралтгүй технологиор олборлолтыг шийдэж, төмөр зам, усан тээвэр дээрээ томоохон хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ жилээс хоёр ч уурхайн олборлолт нь өртөг өндөр байгаагийн улмаас уурхайн үйл ажиллагаar түр зогсоож байна гэсэн мэдэгдлүүдийг хийлээ. Оны эхэнд тус улсын нүүрсний бүс нутагт үер устай байсан учраас уурхайнууд жигд тогтвортой ажиллаж чадсангүй. Тийм учраас Австрали улсад их хэмжээний тогтвортой нийлүүлэлт дээр бас доголдлууд байна. Гэхдээ Австралийн нийлүүлж байгаа нүүрсний үнэ өртөг харьцангуй өндөр байдаг. Далайн боомтуудаар дамжуулан БНХАУ-аас гадна, Япон, Солонгос, Энэтхэг гээд хэрэглэгч орнууд ихтэй тул нийлүүлэлтийн үнэ өртгөө харьцангуй өндөр түвшинд хадгалж чадаж байна. Ерөнхийдөө зах зээл оны эхний байдлаар ийм байна гэж хэлж болно.

МОНГОЛЫН НҮҮРСНИЙ УУРХАЙНУУДАД ДИЗЕЛИЙН ҮНИЙН ӨСӨЛТ НЭЛЭЭД ТОМ ЦОХИЛТ ӨГНӨ
- Нүүрсний экспортын биет хэмжээ сүүлийн жилүүдэд манай улсын тухайд өсч байгаа ч компаниудын нөхцөл байдал зах зээлд ханш буурсны нөлөөгөөр амаргүй байсаар ирсэн. Ормузын хоолой хаагдсанаар дизелийн ханш өсөх хандлагатай байна. Сая ОХУ-тай хэлэлцээр хийж байгаа ч түлшний үнэ тодорхой хэмжээнд өслөө. Үүсээд буй нөхцөлд компаниудад аль хэр хэмжээний дарамт мэдрэгдэхээр байна вэ? Олборлолтын зардал тонн тутамд хэрхэн өсөхөөр байна вэ?
Юун түрүүнд, саяхан Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр төрийн байгууллагууд, холбоод болон нүүрс олборлогч компаниудын төлөөлөлтэй уулзалт хийж, үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор тодорхой асуудлыг ярьсан. ЭЗХЯ-наас гаргаж байгаа таамгаар инфляцын төсөөлөл энэ жил 16-17%-д хүрч болзошгүй байна. Дизель түлшний үнийн өсөлттэй уялдаатайгаар эдийн засгийн цохилт ирж байгаа нөхцөлд хариу аpгa хэмжээ авах тухайд ярилцлаа. Олборлолт, үйлдвэрлэл, экспортоо нэмэгдүүлэх, валютын нөөцөө зузаатгахад чиглэсэн арга хэмжээ авах энэ асуудлуудыг төрийн байгууллагуудад даалгах, энэ чиглэлийн зүйлсийг хэлэлцлээ.
Нүүрсний уурхай, нүүрс олборлогч аж ахуйн нэгжүүдийн тухайд олон улсад хэрхэн хөгжиж явдаг вэ гэхээр уурхайн дэргэд нүүрсний станц байгуулах зарчмаар хөгжүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл уурхайн компани нь эрчим хүчний эх үүсвэр дээр сууж байгаагийн хувьд тухайн нүүрсний уурхайгаас олборлож байгаа эрчим хүчний нүүрсэнд түшиглэсэн цахилгаан станц барих замаар уурхайн техник, тоног төхөөрөмжийг цахилгаанаар тасралтгүй горимоор цэнэглэх шийдлийг нэвтрүүлдэг. Харин манай улсын хувьд энэ технологийн шийдлүүдээс хийж чадаагүй. Яг ийм шийдэл нь анхны хөрөнгө оруулалт харьцангуй өндөр байдаг тул уурхайн хөдлөх бүрэлдэхүүн, ухаж ачих машинууд бүгд дизель хөдөлгүүрээр ажилладаг. Бүр цаашлаад төвийн эрчим хүчний системд холбогдоогүй уурхайнууд бусад эрчим хүчний хэрэглээгээ дан дизель генераторууд ашиглан хангаж байна. Тийм учраас Монголын нүүрсний уурхайнуудад дизелийн үнийн өсөлт бол нэлээд том цохилт өгнө. Дор хаяж өртөг зардлыг 20 орчим хувиар нэмэгдүүлэх таамаг гарч байна. Хэрэв төр засгийн түвшинд зарлаад байгаа литр тутамдаа 6000 төг давах энэ түвшинд очвол уурхай өртгөө гүйцэхгүй байх нөхцөл үүсэх эрсдэлтэй. Ер нь бол манай улсын шатахууны нийлүүлэлтийн тухайд ОХУ-тай гэрээтэй явдаг. Засгийн газар хоорондын хэлцлүүдээр тогтворжуулалтын асуудал яригддаг.
Хятадын нүүрсний уурхайнууд цахилгаан эрчим хүчээ уурхайн дэргэдэх нүүрсний станцуудаас хангадаг. Тийм шийдэлтэй уурхайнуудын хувьд энэхүү түлшний үнийн өсөлтийн цохилт мэдрэгдэхгүй, үйл ажиллагаагаа жигд явуулах бололцоотой. Ихэнх том уурхайнууд нь эх үүсвэрээ ингэж шийдсэн байдаг. Харин манай улсын хувьд бол хүндрэлтэй, уурхайн гадаад тээвэр буюу хил хүргэх тээврүүд бүгд дизель түлшнээс хамааралтай байна. Тийм учраас нөлөөлөл бол тодорхой хэмжээнд үзүүлнэ.
Нөгөө талд, Ормузын хоолойгоор газрын тос болон байгалийн хийн нийлүүлэлт гацсантай холбоотой Хятад улсын нүүрс татан авалт эрчимжиж байна.
Энэ оны эхний 3, 4 сарын байдлаар ажиглаад байхад жил болгон хилийн нүүрс овоороод татан авалт удааширдаг. Хятадын гүний хэрэглэгчид нөөцөө харьцангуй хангалттай бүрдүүлсэн байдаг учраас татан авалтаа бууруулдаг. Энэ жилийн тухайд байдал өөр байна. "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьд 9 сая тонн нүүрс экспортлоод байна. Монголын уурхайнууд бүгд экспортоо тогтвортой үргэлжлүүлж байна. Хилийн цаана овоолго үүсээгүй, татан авалт хэвийн үргэлжилж буй байдал ажиглагдсан.
Учир нь цаад талд байгаа нүүрс ашигладаг хэрэглэгч үйлдвэрүүд агуулахаа дүүргэхээс гадна хил дээр байгаа нүүрсийг шуурхай татаж авч байна. Ингэснээр нүүрсний зах зээлийн хувьд таатай нөхцөл бүрдэж, үнэ ч 10-20%-иар өслөө. Монгол нүүрс ассоциацийн энэ оны эхэнд гаргасан прогноз яг л биеллээ оллоо.
Болгоомжлол юун дээр байна вэ гэхээр оны сүүлийн 3 сарын экспорт дээр байна. Учир нь хэрэглэгч үйлдвэрүүдийн хэрэглэх нүүрсний хэмжээ тодорхой хязгаартай. Жилийн эхэн үед маш их нөөц бүрдүүлсэн тохиолдолд оны сүүлийн 3 сард улсын хилийн цаана, хилийн боомт дээр бөөгнөрсөн нүүрсийг татан авахгүй байх нөхцөл үүсч болзошгүй.
Ийн худалдан авалт удаашрах нөхцөл үүсвэл Монгол Улсын эдийн засагт нэлээд сөрөг үр дагавартай.
Хятадын Sxcoal-ийн судалгаанд энэ тухай өгүүлсэн байна. Тухайлбал Монгол улс бол нийлүүлэлтээ харьцангуй тогтвортой хэмжээнд барьж явах юм бол зах зээлд үнэ өсөх магадлал байна. Нөгөөтэйгүүр, хэт их нийлүүлэлт нь үнийн дарамт үүсгэнэ. Хоёрдугаарт, урт хугацааны том хэлцэл бүхий нүүрсний оффтэйк гэрээнүүд нь мөн ханшид тодорхой нөлөө үзүүлж байна. Их хэмжээнд нийлүүлэлтээ нэмэгдүүлсээр байвал энэ оны эцэст зах зээлд ханш буурч болзошгүй тухай судалгаандаа тодорхой үндэслэлүүдийг дэвшүүлжээ. Тийм учраас үүнийг бас бодолцож уурхайн төлөвлөлтийг анхаарах нь зүйтэй гэж ажиглагдсан.
Геополитикийн нөхцөл байдал хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байна. Мөн намжаад энэ асуудал бүрэн шийдэгдвэл үнэ бууж таарна. Харин улам ширүүсээд асуудал хүндэрвэл улс орнуудын нөөц бүрдүүлэх үйл ажиллагаа нэмэгдэж, ханшийг бүр өндөрт хөөргөх магадлалтай.
АВТОТЭЭВЭРТЭЙ ӨРСӨЛДӨХҮЙЦ ТӨМӨР ЗАМЫН АШИГЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ
- Нүүрс тээврийн салбарын тухайд ашигт ажиллагаа тун хангалтгүй байгаа тухай тээвэрчид анхааруулсаар олон сар өнгөрсөн. Гэтэл одоо дизелийн үнэ нэмэгдсэнээр байдал улам дордох аюул бий боллоо. Таны бодлоор нүүрс тээвэр дизелийн энэхүү үнийн өсөлтөд цаашид хэвийн үргэлжлэх боломжтой юу?
Тээвэр дээр ихэвчлэн хувийн хэвшлүүд үнийн тохируулга хийх зарчмаар ажилладаг. Үнэ өсвөл бас тодорхой хэмжээнд гэрээнүүдийн үнийг өсгөөд явна. Гол асуудал их хэмжээний тээврийн үйлчилгээ авдаг төрийн өмчит үйлдвэрийн газрууд байна. Тэгэхээр мэдээж түлшний үнэ өссөнтэй холбоотойгоор тэр гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах аргууд бий гэж бодож байна. Гагцхүү тонн нүүрсний борлуулалтын үнээс өртөг нь өндөр гарахгүй тохиолдолд экспортолсоор л байх болно. Тиймээс тээврийн асуудал дээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тухайн тендерт шалгарсан этгээдтэй нэмэлт гэрээ байгуулах, үнийн тохируулга хийх олон арга механизм байгаа учраас үүн дээр саатал төдийлөн гарахгүй болов уу гэж бодож байна. Түлшний тодорхой хэмжээний үнийн өсөлт нь тээврийн үйл ажиллагаанд мэдээж нөлөөлнө. Мөн асуудал улам хүндрэх тохиолдолд манай улсад "Монголын төмөр зам" компанийн тээвэрлэлтийг эрчимжүүлэх боломж бий. Энэхүү төмөр замаар их хэмжээний бүтээгдэхүүн тээвэрлэхэд чиглэсэн алхмуудыг төрийн байгууллагуудаас авч хэрэгжүүлж байна. Иймд автотээвэртэй өрсөлдөхүйц төмөр замын ашиглалтыг нэмэгдүүлж, хил холболтын төмөр замын хөгжүүлэлтийг яаравчлах нь зүйтэй гэж харж байна.
- Нүүрсний үнэ зах зээлд өсөж байгаа нь сайн хэрэг. Нүүрсний үнэ нэмэгдсэнээр дизелийн ханшийн өсөлтийн сөрөг нөлөөг нөхөх боломж бий юу?
Үнэ өсөж байгаа ч энэ нь харьцангуй хязгаартай өсөлтөд тооцогдож байна. Өсөлт 2022, 2023 оны буюу цар тахлын дараах үе шиг өндөр байж хараахан чадахгүй байна гэж хэлж болно. Суурь агуулгаар тухайн үеийнх шиг тийм эдийн засгийн өсөлт гарахааргүй байна. Тиймээс нүүрсний ханш бага хэмжээнд дээшилж буй нь дизелийн ханшийн өсөлтийн нөлөөг арилгахад хангалтгүй. Ер нь ямар ч хэмжээний ил уурхайн нийт зардлын 60-70%-ийг автотээврийн зардал эзэлдэг. Автотээвэр буюу уурхайн дотоод тээврийн хамгийн өндөр зардал нь дизель түлштэй холбоотой. Уурхайн гадна тээвэр буюу хил хүргэж тээвэрлэх нөхцөлд ч мөн л голлох зардал дизель түлштэй хамааралтай. Уурхайнуудын хувьд үйл ажиллагааны дийлэнх хэсгийг бүрдүүлдэг түлшний зардал 10-20% өснө гэдэг нь өөрөө их том нөлөөлөл юм. Тийм учраас бүх уурхайн өртөг зардалд шууд нөлөө үзүүлж байна. Дахиад түлшний үнэ өсвөл нэлээд олон уурхай үйл ажиллагаaraa түр зогсоох эрсдэл бий.
- Тэсэлгээний бодисын хангамж хэдэн жилийн өмнө тасалдаж байсан удаатай. Энэ жилийн хувьд тэсэлгээний бодисын хангамжийг тогтвортой байлгахад Засгийн газар анхаарч ажиллаж байна. Тэсэлгээний бодисын хангамж дээр Ta ямар бодолтой байна вэ? Эрсдэл бий юу?
Манай улс аммиакийн шүү зэрэг тэсэлгээний бодисуудыг ОХУ-аас импортолж оруулж ирдэг. 2023 оны тухайд ОХУ-ын Засгийн газар хориг тавьж яг энэ тэсэлгээний бодисын экспортыг зогсоосон байдаг. Гурав, дөрвөн сар үргэлжилсэн хоригийн үеэр Монгол Улс авч чадахгүй нэлээд сандарсан. Энэ оны тухайд шууд хориг гэхээсээ илүү тэсэлгээний бодисын үнэ өртөг олон улсад ч, ОХУ-д ч нэлээд өсөж байна. Энэ үнийн өсөлт уул уурхайн салбарт тодорхой хэмжээнд өртгийн нөлөөлөл үзүүлж таарна. Яг өнөөгийн байдлаар Монгол Улс тодорхой хязгаарлалтад ороогүй, нийлүүлэлт хэвийн явагдаж байна. Гэхдээ өртгийн өсөлт нэлээд хэмжээнд байна. Тиймээс мөн БНХАУ-аас нийлүүлэх, үйлдвэрүүдтэй хэлцэл хийх асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй.
- Ta сая гадаад улс орнуудын уурхай үйл ажиллагааны технологио цахилгаанд түшиглэх байдлаар хэрхэн шийдвэрлэсэн байдаг тухай ярьсан. Ер нь манай уурхайнууд технологио шинэчлэх асуудал дээр илүү анхаардаг болсон. Одоогийн байдлаар таны ажигласнаар манай улсын нүүрсний уурхайнууд дээр цахилгаанжуулалтын байдал, энэ чиглэлийн технологийн инноваци нэвтрүүлэлтийн байдал, ногоон технологийн хувьд аль хэр түвшинд явна вэ?
Цахилгаанжуулалтын асуудал дээр, мэдээж нүүрсний уурхайнууд нь энергийн эх үүсвэр дээр сууж байгаа учраас нүүрсний цахилгаан станцуудыг барьж байгуулах нь технологийн хувьд хамгийн ойр бөгөөд зөв шийдэл. Хоёрдугаарт, ногоон технологи буюу сэргээгдэх эрчим хүч ашиглаж уурхайг цахилгаанжуулах асуудал сүүлийн үед нэлээд эрчимтэй хөгжиж байна. Яг нүүрсний уурхайнууд биш боловч бусад ашигт малтмал дээр, жишээ нь МАК компани сэргээгдэх эрчим хүч ашиглаж уурхайгаа хангах хөгжүүлэлтийг хийсэн. Цахилгаанжуулалт, ногоон технологитой холбоотойгоор Монгол нүүрс ассоциациас албан бичгийг Монгол Улсын Ерөнхий сайдад саяхан хүргүүллээ. Сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, уул уурхайн тоног төхөөрөмжийг импортоор оруулж ирэхэд холбогдох татвар, эрх зүйн хувьд дэмжлэг үзүүлэх хүсэлтээ илэрхийллээ. Цаашид батарей машин, гибрид машин, ногоон шийдэлтэй тээвэр болон ухаж ачих, бусад тоноглолын импортыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх байдлаар дэмжлэг үзүүлэх саналыг гаргаж байгаа юм. Энэ бол дизелийн түлшний хамаарлыг бууруулах нэг хөшүүрэг болох юм. Нөгөөтэйгүүр, батарейгаар ажилладаг цахилгаан автосамосвалын даац хүчин чадал нь одоогоор 90-100 тоннын хүрээнд хязгаарлагдаж байна. Үүнээс илүү өндөр даацтай том оврын цахилгаан машинууд одоохондоо дэлхий нийтэд нэвтрээгүй байна. Гэхдээ энэ чиглэлийн туршилтуудыг Австралийн Пилбарагийн уурхайд Komatsu болон САТ-ын техник дээр бүрэн батарей машинуудыг туршиж байна. Дизелийн түлшнээс өөр эх үүсвэр гэвэл устөрөгчийн түлштэй машины ирээдүй тод ажиглагдаж байна. Би өөрөө уурхайн тээврийн чиглэлээр, ялангуяа уурхайн дотоод тээврийн энерги зарцуулалтын чиглэлээр докторын зэрэг хамгаалсан. Ингээд судлаад үзэхэд ирээдүйд батарей машин, сэргээгдэх эрчим хүч ашиглах үйл ажиллагаа нь тодорхой хэмжээний багтаамжтай. Магадгүй газрын ховор элемент ашиглалт тодорхой хязгаартай, нөөц нь тодорхой хэмжээнд ашиглагдаад дуусна. Тиймээс дараагийн эх үүсвэр нь цөмийн цахилгаан станц, устөрөгчийн хөдөлгүүрт машинуудыг ашиглах тухай асуудал яригдаж байна. Өнөөдөр устөрөгчийн түлш үйлдвэрлэх өртөг зардал харьцангуй өндөр байгаа сул тал бий. Тиймээс ирээдүйд хүлэмжийн хийн ялгарлын хувьд байгальд ээлтэй батарей машинаас гадна устөрөгчийн түлштэй машинууд жин дарах болов уу гэж харж байна.
МОНГОЛ НҮҮРСНИЙ ӨРСӨЛДӨХ ЧАДВАРЫГ ХЭРХЭН НЭМЭГДҮҮЛЭХ ВЭ?
- Энэтхэг улс руу манай улсаас нүүрсний дээж туршилтаар тээвэрлэхээр болсон. Тус улс энэ оны эхээр коксжих нүүрсийг стратегийн түүхий эдээр зарлалаа. Манай улсаас нүүрсний экспортоо төрөлжүүлэх талаар олон жил ярьсан. Энэтхэг бол маш боломжит зах зээл. Таны бодлоор цаашид тус улс руу нүүрс экспортлох боломж хэр байна вэ?
Сая Гуанжоугийн уулзалт дээр Энэтхэг бол урьд нь Хятад руу нүүрс нийлүүлдэг улс байж байгаад өнгөрсөн оноос хойш нүүрс хэрэглэгч орон болсон тухай яригдсан.
Өдгөө тус улс нь гадаад эх үүсвэрээс маш их хэмжээний нүүрс худалдан авч хэрэглэж байна.
Энэтхэг улсын тухайд 2024 онд туршилтаар авах асуудлыг Монголын холбогдох төрийн захиргааны төв байгууллагуудтай хамтарч судлаад тодорхой үр дүн гараагүй. Мэдээж тээвэр ложистик дээр өртөг өндөр гарч байгаа. Нүүрс гэдэг бол өөрөө олборлоход өртөг зардал ихтэй, тээвэрлэхэд овор хэмжээ ихтэй ийм онцлогтой ашигт малтмал байдаг. Тэгээд борлуулалтын нэгж бүтээгдэхүүний үнийн хувьд алт, зэстэй харьцуулахад бага. Тиймээс тээвэрлэлтийн өртөг дээр маш их хэмжээний нөлөө үзүүлдэг учраас энэ бол сорилттой салбар гэж үзэж болно. Энэтхэг улсын тухайд Монгол Улсаас өндөр чанарын коксжих нүүрс авах сонирхлоо илэрхийлдэг. Гэхдээ яг Монгол Улсаас тээвэрлэнэ гэхэд дэд бүтэц, дамжин өнгөрөх орны транзит тээвэр, татвар хураамжууд гээд асуудлууд бий. Бид өмнө нь ОХУ-аар дамжаад Япон улсад нийлүүлье гэтэл боломжгүй байсныг "Энержи Ресурс" компанийн туршлагаас мэднэ. Яг одоо Хятадын хилийн усан боомтууд руу хүргээд цаашаа ойрхон Япон руу нийлүүлж чадахгүй л байна. Энэтхэг рүү нийлүүлэхэд бүр л илүү тээврийн өртөг гарна гэж үзэж байна.
- Манай улсын нүүрсний экспортын багагүй хэсгийг эрчим хүчний нүүрс бүрдүүлж байна. Саяхныг болтол эрчим хүчний нүүрс экспортлоод ашиггүй гэгддэг байлаа. Харин одоо бол биет хэмжээгээр маш өндөр амжилтад хүрчээ. Цаашид манай улс эрчим хүчний нүүрс экспортлоод нэлээд том орлогын эх үүсвэр бүрдүүлэх боломжтой гэж харагдана?
Өнгөрсөн оны экспортолсон нийт 90 сая тонн нүүрсний 63 сая тонн нь коксжих, үлдсэн нь бусад төрлийн нүүрс. Коксжих нүүрс дотор сайн чанарын болон 1/3 коксжих нүүрс багтана. Харин бусад төрлийн нүүрс дотор эрчим хүчний нүүрс зөвхөн тодорхой хэсгийг бүрдүүлнэ. Эдгээрийг бүхэлд нь эрчим хүчний хүрэн нүүрс гэж ойлгож болохгүй. Нүүрсний ангилал, стандарт заавар дээр нийт 28-32 ангилалд нүүрсийг хуваадаг.
Энэ ангиллууд дотор антрацит, урт дөлт нүүрс, дизелийн түлш, байгалийн хий гарган авахад ашиглагддаг нүүрс гээд маш олон төрлийн чанартай нүүрс бий. Хятадын зах зээлд олон төрлийн хэрэглэгчид байгаа учраас манайхаас авах сонирхол өндөр байна.
Энэ дээр тодруулж хэлэх зүйл бол ямар ч нүүрсний ордыг ашиглахад коксжих нүүрс гарахаас гадна эрчим хүчний нүүрс, бусад төрлийн нүүрс гарч ирдэг. Уурхайн нөөц олон үе давхаргатай учраас бусад чанарын нүүрсүүд хамт гарч ирдэг. Эдгээр нүүрсийг овоолго дээрээ уугиулаад хаяхаас илүүтэй, экспортолж бүтээгдэхүүн болгох нь хамгийн том зорилт болдог. Өмнөх жилүүдэд хилийн нэвтрүүлэх чадвар бага байх үед манай улс аль болох өндөр өртөгтэй, дээд ангиллын нүүрсээ түлхүү экспортлох зорилтыг тавьж байсан болов уу. Мөн энэ төрлийн нүүрсний үнэ бага учраас тээвэрлэлтийн өртөг, бусад зардлаа давж гарч чаддаггүй байж. Энэ жилийн тухайд Индонез улс эрчим хүчний нүүрс буюу хүрэн нүүрсний экспортод татвар ногдуулаад эхлэхээр Хятад улсын хэрэгцээ шаардлагыг хангах орон зай илүүтэй гарна. Тийм учраас бид зах зээлд коксжих нүүрснээс бусад ангиллын нүүрсээ нэмж нийлүүлэх бололцоо гарч ирж байна гэсэн үг. Энэ чиглэлийн нүүрсний үнэ ч харьцангуй өслөө. Гэсэн хэдий ч энд ашгийн хувьд коксжих нүүрснээс харьцангуй бага дүнгээр хэмжигддэг. Тийм учраас Монгол улс БНХАУ руу нийлүүлж буй эрчим хүчний нүүрсэн дээр бодлого тодорхойлж татварын хөнгөлөлт үзүүлэх нь зүйтэй. Ингэснээр бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлнэ. Хоёрт, Хятад улс гадаадаас авч буй нүүрсний импортод тодорхой татвар ногдуулдаг. Гэхдээ үүнийг цар тахлын үед тэглэсэн байсан. Одоогоор Индонез улсаас нийлүүлж буй эрчим хүчний нүүрсэн дээр энэ татварыг тэглэсэн. Монгол Улсад ногдуулж байгаа татвар, эрчим хүчний нүүрсэнд 3%, коксжих нүүрсэнд 6% байдаг. Монгол Улсын Засгийн газар үүн дээр санаачилгатай ажиллаж, БНХАУ-ын Засгийн газартай хэлэлцээр хийж энэ татварыг бууруулахад чиглэсэн арга алхмуудыг хийх нь зүйтэй. Ингэвэл Монголын эрчим хүчний нүүрс болон коксжих нүүрсний экспортын өрсөлдөх чадвар нэмэгдэнэ. Энэ тохиолдолд манай улсын хүрэн нүүрсний болон бусад төрлийн нүүрсийг экспортлох боломж бололцоо бүрэн бий. Ямар ч уурхайн хувьд олон төрлийн нүүрс гардаг учраас энэ байгалийн баялгийг бүрэн дүүрэн ашиглах нь уурхайнуудын зорилт байдаг. Ганцхан жишээ гэхэд Эрдэнэс Тавантолгойн уурхайн сайн чанарын коксжих нүүрсний нөөц 2029-2030 он гээд дуусна. Улмаар бидэнд 1/3 коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсний нөөц маш их хэмжээгээр үлдэнэ. Хүссэн ч, эс хүссэн ч бид ирээдүйд үүнийг баяжуулж, чанарыг нь ахиулж, борлуулах асуудлыг ярина. Тийм учраас сайн чанарын коксжих нүүрс дуусч байгаа нь бидний хувьд их муу мэдээ. Энэ төрлийн нүүрсийг Хятад улсад бусад нүүрстэй холих байдлаар чанарыг нь тэгшитгээд үйлдвэртээ ашигладаг. Хамгийн өндөр чанарын коксжих нүүрсийг шууд ашиглана гэсэн ойлголт байдаггүй. Тэр агуулгаараа энэ нүүрс маань баялаг, өндөр үнэлгээтэй явж иржээ. Одоо Эрдэнэс Тавантолгойн баяжуулах үйлдвэр ашиглалтад орчихсон, блэндинг хийх бололцоо үүсчихсэн. Тиймээс ордынхоо нөөцийг урт хугацаанд ашиглах, ордынхоо нүүрсийг холих, боловсруулахад анхаарах нь зүй ёсны нэн чухал ажил юм.
Ярилцсанд баярлалаа!