
Засгийн газрын хэрэгжүүлж буй урт болон дунд хугацааны төсөл, хөтөлбөрүүдэд тусгагдсан “Алт-3” аяны хүрээнд алт олборлолтыг нэмэгдүүлэх, гадаад валютын нөөцийг богино хугацаанд өсгөх, Үндэсний баялгийн сангийн хуримтлалыг арвижуулах боломжтой алтны үндсэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах, салбарын эрх зүйн орныг боловсронгуй болгох чиглэлээр хэд хэдэн томоохон ажлуудыг эхлүүлээд байна.
Энэ удаа олон жил яригдсан Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн хүрээнд, төсөвт дарамт учруулахгүйгээр хэрэгжүүлэх шийдвэр гарч, олон улсын нээлттэй тендер зарлахад бэлэн болжээ. Төслийн хэрэгжилтийн явц болон алтны салбарт тулгамдаж буй асуудлуудын талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэвтэй MMJ-ийн сэтгүүлч О.Дөлгөөн ярилцлаа.
Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн тогтвортой байдлыг хангах зорилгоор “Алт-3” аяныг хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Уг аян хэрэгжсэнээр дунд хугацаандаа 45 алтны үндсэн ордын нийт 129.4 тонн нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулж, тушаах алтны хэмжээ жилд 10 тонноор нэмэгдэнэ гэж тооцоолж байсан. “Алт-3” аяны хүрээнд хийж хэрэгжүүлж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу?
Монгол Улс өнгөрсөн онд 16.5 тонн алт олборлосон бол энэ жил уг үзүүлэлтийг 20 тоннд хүргэхээр төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар 3.6 тонн алт тушаагаад байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гүйцэтгэл 33.3%-иар өссөн үзүүлэлт юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Алт-3” аяны хүрээнд хэрэгжилтийг хангах хэд хэдэн стратегийн чиглэл баримталж байна. Юуны түрүүнд аж ахуйн нэгжүүдийн уулын ажлын төлөвлөгөөг богино хугацаанд хянан баталж, үйл ажиллагааг нь саадгүй эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж байна. Мөн “Урт нэртэй хууль”-ийн хэрэгжилтийн явцад Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон АМГТГ-ын кадастрын систем хооронд үүссэн мэдээллийн зөрүүтэй асуудлууд гардаг. Тухайлбал, ой, усан сан бүхий газартай бодитоор давхцаагүй хэрнээ бүртгэлийн алдаанаас болж үйл ажиллагаа нь хязгаарлагдсан ордуудыг нягтлан, эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэл баримталж байна.
Орд газруудыг ашиглахдаа байгаль орчны нөхөн сэргээлтийн зардлыг 100% урьдчилан байршуулж, баталгаа гаргах шаардлага тавьж байна. Хууль бус олборлолт болон үнэт металлыг хил давуулан хууль бусаар арилжаалах үйлдлийг таслан зогсоохын тулд Эрүүгийн хуулийн зохицуулалтыг чангатгах, хяналт шалгалтыг сайжруулахад онцгой анхаарч байна.
Энэ онд алт тушаалт 20 тоннд хүрэх боломж бий юу? Эхний 3 сарын байдлаар алт тушаалт дөнгөж 3.2 тонн байна?
Бид зорилтдоо хүрэх бүрэн боломжтой гэж тооцож байгаа. Монгол Улс өмнөх хөтөлбөрүүдийн хүрээнд жилд 21-24 тонн алт тушааж байсан туршлага бий. Уламжлалт шороон ордын олборлолт эрчимжсэнтэй холбоотойгоор нөөц тодорхой хэмжээгээр багассан хэдий ч “Алт-2” болон “Алт-3” үндэсний хөтөлбөрүүдийн үр дүнд үндсэн ордуудын үйл ажиллагаа идэвхжиж байна. Түүнчлэн дэлхийн зах зээл дээр үнэт металлын үнэ өсөж байгаа нь салбарт эерэг нөлөө үзүүлж байна. Өмнө нь агуулга багатай, эдийн засгийн үр өгөөжгүй гэж үзэн орхиж байсан ордуудыг үнийн өсөлттэй уялдуулан эдийн засгийн эргэлтэд оруулж, олборлолтыг нэмэгдүүлэхэд бид онцгойлон анхаарч байна. Иймд эхний улирлын үзүүлэлт бага байгаа нь улирлын чанартай нөлөөлөл бөгөөд цаашид олборлолт тогтворжиж, төлөвлөсөн хэмжээндээ хүрнэ гэж харж байна.
Дэлхий дахинд нүүрлээд буй геополитикийн нөхцөл байдлын улмаас алтны зах зээл нэлээд савлагаатай ч үнэ ханш өсөлттэй байна. Манай улсын хувьд Засгийн газрын хэрэгжүүлж буй томоохон төсөл болох Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулах стратегийн ач холбогдол улам бүр нэмэгдэж байна. Олон жил яригдсан энэ төсөл өнөөдөр ТЭЗҮ-ийн түвшинд байна уу, ерөнхийдөө нарийвчилсан зураг төсөл хэрхэн хийгдэж байна вэ? Төслийн явцын талаар мэдээлэл өгнө үү?
Алт цэвэршүүлэх үйлдвэрийн төслийг өмнө нь Казахстан улстай хамтран хэрэгжүүлэхээр санамж бичиг байгуулах шатанд явж байсан түүхтэй. Тухайн үед ТЭЗҮ-ээр үйлдвэрийн өртгийг 30 орчим сая ам.доллар гэж тооцсон ч нэмэлт судалгаагаар 70 сая ам.доллар давж нэмэгдсэн байдаг.
Үүнээс гадна олборлолтын хэмжээ харьцангуй бага, эдийн засгийн үр өгөөж хангалтгүй гэх үндэслэлээр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөс төслийг сайжруулахаар буцааж байсан юм.
Харин өнөөдрийн нөхцөлд техник технологийн хөгжил хурдасч, өртөг зардал харьцангуй хямдарсан тул уг төслийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж бид үзэж байна. Бидний төлөвлөгөөгөөр уг үйлдвэр нь нэг ээлжиндээ жилд 20 тонн алт, 30-50 тонн мөнгө цэвэршүүлэх хүчин чадалтай байх юм. Олон улсын жишгээр хоёр болон гурван ээлжээр ажиллах нөөц боломжтой тул цаашид олборлолт нэмэгдсэн ч үйлдвэрийн ачаалал даах чадамж хангалттай байна.
Төслийн гол технологийн давуу тал нь зөвхөн алт, мөнгө гэлтгүй платин, паллади зэрэг ховор металлыг ялгаж авах боломжтой. Ялангуяа “Эрдэнэт үйлдвэр” болон “Оюу толгой”-н үүсмэл ордоос зэс ялгах металлургийн үйлдвэрлэлийн үлдэгдэл шаараас эдгээр үнэт металлыг дахин боловсруулж авах технологи нэвтрүүлэхээр ярилцаж байна.
Эцсийн дүндээ бид байгалийн алтаа 999 сорьцтой болгон цэвэршүүлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай арилжаалах, улмаар үнэт эдлэл, дурсгалын зоос зэрэг нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь бүрдэх юм.
Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал, тээвэрлэлтийн хориг саадтай энэ үед өөрсдөө металлыг олон улсын түвшинд цэвэршүүлж чаддаг болох нь манай улсын эдийн засгийн тусгаар тогтнолд чухал нөлөө үзүүлнэ.
Алт цэвэршүүлэх үйлдвэрийн технологийг нийлүүлэх, угсрах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг хэзээ зарлах вэ? Тендерийн шалгаруулалтад ямар гол шалгуур үзүүлэлтүүдийг баримталж байна вэ?
Уг төсөл нь Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан стратегийн чухал зорилт бөгөөд Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням ахалж байна. Миний бие тус ажлыг бодит гүйцэтгэлээр хангах Дэд ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Бид саяхан ХБНГУ болон ИБУИНХУ-д ажиллаж, дэлхийн жишигт нийцсэн техник технологи, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцсан.
Одоогоор Ажлын хэсэг шаардлагатай бүх судалгааг хийж дуусган, холбогдох саналуудыг нэгтгэж, тендерийн ажлын даалгавраа бүрэн боловсруулаад байна. Бид 5 дугаар сарын эхээр нээлттэй сонгон шалгаруулалтыг албан ёсоор зарлахаар төлөвлөсөн.
Тендерийн шалгаруулалтад дараах үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг баримтална.
Нэгдүгээрт, дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн үндсэн технологийн 3 шийдлээс хамгийн орчин үеийн бөгөөд байгаль орчны нөлөөлөл хамгийн бага байх. Хоёрдугаарт, үйлдвэрийг маш богино хугацаанд угсарч ашиглалтад оруулах, боловсруулалтын зардлыг хамгийн бага түвшинд байлгах чадамжийг харгалзан үзнэ. Гуравдугаарт, манай улсад үйлдвэрлэсэн алтыг олон улсын зах зээлд шууд гаргах боломжийг бүрдүүлэх буюу олон улсын сертификатыг богино хугацаанд авах чадамжтай байх гэсэн хатуу шаардлагыг гүйцэтгэгчдэд тавьж байгаа юм.
Бидний баримталж буй гол бодлого бол хамгийн шилдэг технологийг нэвтрүүлж, үйлдвэрийг богино хугацаанд үр ашигтай ажиллуулан, төрд хүлээлгэж өгөхөд оршиж байна.
Уг төслийн нийт төсөвт өртгийг хэрхэн тооцсон бэ? Төсвийн хөрөнгө оруулалтаас гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эсвэл концессын гэрээгээр санхүүжүүлэх хувилбар яригдаж байна уу?
Бид энэ төсөлд улсын төсвөөс ямар нэгэн хөрөнгө гаргахгүй байх зарчим баримталж байна. Одоогоор ХБНГУ, ИБУИНХУ-ын технологи нийлүүлэгчдээс 23-45 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой саналууд ирсэн. Хөрөнгө оруулалтын хэмжээний зөрүү нь тухайн компанийн санал болгож буй технологийн шийдэл болон зардлаа нөхөөд үйлдвэрийг төрд шилжүүлэх хугацаанаас хамаарч хэлбэлзэнэ.
Тиймээс Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулах нь оновчтой хэмээн үзсэн. Тендерт шалгарсан аж ахуйн нэгж өөрийн хөрөнгөөр үйлдвэрээ барьж, цэвэршүүлэлтийн зардлаасаа хөрөнгө оруулалтаа нөхөх замаар ажиллана. Урьдчилсан тооцоогоор хамгийн багадаа 7 жилийн хугацаанд зардлаа нөхөж, ашигтай ажиллах боломжтой гэж харж байна. Эцсийн шийдвэр нь тэдний санал болгох тариф болон технологийн чадамжаас шууд хамаарах юм.
Үйлдвэр барих байршил нэгэнт тогтсон байх, газар чөлөөлөлтийн ажил бүрэн дууссан уу? Дэд бүтэц болон эрчим хүч, усны эх үүсвэр, ажиллах боловсон хүчний асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ? Газар чөлөөлөлтөөс үүдэж төслийн хугацаа хойшлох эрсдэл бий юу?
Төслийн байршил болон газар чөлөөлөлттэй холбоотой ямар нэгэн хүндрэл, эрсдэл байхгүй. Үйлдвэр барихад зориулагдсан 4 га газар бүрэн чөлөөлөгдөн, бэлэн болсон. Уг үйлдвэр нь технологийн хувьд маш авсаархан, өндөр бүтээмжтэй байхаар төлөвлөгдсөн тул төмөр замын холболт гэх мэт нүсэр дэд бүтэц шаардахгүй.
Орчин үеийн дэвшилтэт технологийн шийдэл нь ихэвчлэн автоматжуулсан системд суурилдаг бөгөөд цөөн тооны мэргэшсэн боловсон хүчин ажиллах хүчин чадалтай байдаг. Тиймээс эрчим хүч, усны хэрэглээ болон бусад инженерийн дэд бүтцийн хувьд төслийг гацаах, хугацаа хойшлуулах ямар нэгэн саад тулгарахгүй. Бидний сонгосон энэхүү цомхон бөгөөд ухаалаг шийдэл нь үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулж, үйл ажиллагааг нь тогтворжуулахад гол түлхэц болох юм.
Алт цэвэршүүлэх үйлдвэрээс гарч буй үнэт металл олон улсын зах зээлд бүрэн хүлээн зөвшөөрөгдөхийн тулд тухайн үйлдвэр Лондоны үнэт металлын захын холбооны (LBMA) магадлан итгэмжлэлтэй байх нь нэн чухал байдаг. Манай улсад байгуулагдах үйлдвэр энэхүү өндөр шалгуурыг хангаж чадах уу?
LBMA-ийн магадлан итгэмжлэлийг авахад үйлдвэрлэл тасралтгүй 5 жил явагдсан байх, үүнээс сүүлийн 3 жилд нь үйл ажиллагаа нь тогтвортой бөгөөд хэвийн байх зэрэг үндсэн шалгуурууд тавигддаг. Мөн ашиглаж буй технологи болон цэвэршүүлэлтийн түвшин нь олон улсын стандартад бүрэн нийцсэн байх ёстой.
Бидний тооцоолж буй 7 жилийн үйл ажиллагааны хугацааны эхний 5 жил нь үндсэндээ энэхүү олон улсын магадлан итгэмжлэлийг авахад чиглэсэн бэлтгэл үе шат байх болно. Тодруулбал, үйлдвэр ашиглалтад орсноос хойш 5 жилийн турш стандарт хангасан бүтээгдэхүүн тогтвортой нийлүүлж, зөвшөөрлөө авсны дараа үндсэн 2 жилд нь олон улсын гэрчилгээтэй үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх юм. Тендерт оролцож буй компаниуд ч нийт 7 жилийн хугацаанд багтаж уг олон улсын гэрчилгээг авах амлалт өгч байгаа бөгөөд энэ нь төслийг үр ашигтай ажиллуулан, төрд хүлээлгэн өгөх үндсэн нөхцөлүүдийн нэг болж байна. Ингэснээр Монгол Улс өөрийн гэсэн олон улсын “Good Delivery” статустай алт цэвэршүүлэх үйлдвэртэй болох суурь тавигдана.
Үйлдвэр алтнаас гадна дагалдах үнэт металлуудыг ялган цэвэршүүлэх боломжтой гэж байна. Энэ нь төслийн эдийн засгийн үр өгөөжийг хэдэн хувиар нэмэгдүүлэх вэ? Техникийн хувьд үүнд бүрэн бэлэн гэж Та үзэж байна уу?
Платин, паллади зэрэг үнэт металлыг ялгаж цэвэршүүлэх нь алт, мөнгөний олборлолттой харьцуулахад эдийн засгийн шууд үр ашгийн хувьд харьцангуй бага жин дардаг. Гэсэн хэдий ч энд 2 үндсэн ач холбогдол бий. Нэгдүгээрт, бид ашигт малтмалын түүхий эдээсээ үндсэн болон дагалдах бүтээгдэхүүнийг 100% бүрэн ялгаж авч байгаа нь нөөц ашиглалтын өндөр үр ашгийг илтгэнэ. Хоёрдугаарт, эдгээр нь өндөр үнэ цэнэтэй үнэт металлууд учраас эдийн засагт тодорхой хэмжээний бодит орлого нэмэгдүүлэх нь ойлгомжтой.
Үүнээс гадна эдгээр металлууд дараа дараагийн шатны өндөр технологийн үйлдвэрлэл хөгжихөд шаардлагатай стратегийн чухал түүхий эд болдог. Бид зөвхөн өнөөдрийн ашгийг бус, цаашдын технологийн үйлдвэрлэлд үзүүлэх шууд болон шууд бус зэрэг нөлөөллийг тооцон үзэж байгаа. Техникийн хувьд манай сонгохоор төлөвлөж буй орчин үеийн технологиуд нь эдгээр металлыг ялгах бүрэн чадамжтай байх бөгөөд энэ нь төслийн өрсөлдөх чадварыг улам бүр нэмэгдүүлнэ.
Дотоодын үйлдвэр ашиглалтад орсноор гадаадад цэвэршүүлэх зардал хэдэн хувиар буурах вэ? Төслийн нийт үр ашгийг хэрхэн тооцож байна вэ?
Өнөөдөр алтаа гадаадад цэвэршүүлэхийн тулд тээвэрлэлт, даатгал, тухайн улсын итгэмжлэгдсэн лабораторид хадгалуулах болон цэвэршүүлэх үйлчилгээний хураамж зэрэг олон төрлийн зардал гаргадаг. Эдгээр нь бүгд валютын гадагшлах урсгал.
Дотоодын үйлдвэр ашиглалтад орсноор эдгээр үндсэн болон дагалдах зардлуудыг нийтэд нь авч үзвэл өнөөгийн түвшнээс даруй 7 дахин бууруулах бодит боломж бүрдэнэ. Энэ бол маш өндөр үзүүлэлт, хэмнэлт төдийгүй Монгол Улсын гадаад валютын нөөцийг дотооддоо үлдээх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх стратегийн чухал алхам юм. Төслийн үр ашгийг бид зөвхөн цэвэршүүлэлтийн зардлаар хэмжихгүй, валютын нөөцийн удирдлага, аюулгүй байдал болон нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх суурь нөхцөл бүрдэж байгаагаар нь тооцож байна.
Уг төслийг төр дангаараа бус, хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлэх нь ямар бодит үндэслэл, давуу талтай вэ?
Бидний баримталж буй гол үндэслэл бол улсын төсөвт ямар нэгэн ачаалал, дарамт учруулахгүйгээр стратегийн ач холбогдол бүхий үйлдвэрийг богино хугацаанд ашиглалтад оруулах явдал юм. Хэрэв бид Хөрөнгө оруулалтын тухай хуулийн зохицуулалтаар хэрэгжүүлсэн тохиолдолд хөрөнгө оруулагч тал үйлдвэрийг өөрөө бүрэн эзэмшиж, төрөөс татвар тогтворжуулах зэрэг хөнгөлөлтүүдийг эдэлдэг. Харин алт бол манай улсын хувьд стратегийн онцгой бүтээгдэхүүн бөгөөд үүнийг цэвэршүүлэх, олон улсын зах зээлд нийлүүлэх, валютын нөөц болгон хадгалах, цаашлаад үнэт зоос, аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэгт төрийн хяналт, зохицуулалт зайлшгүй шаардлагатай байдаг.
Тиймээс өнөөгийн нөхцөлд Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулиар зохицуулах нь бидний зорилгод хамгийн сайн нийцэж байгаа юм. Уг хуулийн хүрээнд хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр үйлдвэрлэлийг бий болгож, менежментийг нь хариуцан, зардлаа нөхсөний дараа үйлдвэрийг бүхэлд нь төрийн мэдэлд шилжүүлнэ. Энэ нь нэг талаас төрөөс хөрөнгө гаргахгүйгээр орчин үеийн технологи нэвтрүүлж буй давуу талтай, нөгөө талаас стратегийн чухал ач холбогдолтой үйлдвэрийг эцсийн дүндээ төрийн мэдэлд авч үлдэх боломжийг олгож буй хамгийн оновчтой шийдэл юм. Товчхондоо, бид хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, гүйцэтгэх чадварыг ашиглан улсынхаа стратегийн эрх ашгийг хангах бодлого баримталж байна.
Үйлдвэрт ажиллах нарийн мэргэжлийн инженер, техникийн ажилчдыг дотооддоо бэлтгэж байна уу, эсвэл гадаадаас мэргэжилтэн авч ажиллуулах уу? Нийт хэчнээн ажлын байр шинээр бий болох вэ?
Төслийн хүрээнд үндсэн гүйцэтгэгч компаниуд үйлдвэрээ барьж байгуулахаас гадна ашиглалтын хугацаанд технологи эзэмшигч орнуудын нарийн мэргэжлийн боловсон хүчнээр ханган, тогтвортой ажиллуулах үүрэг хүлээж байгаа. Гадаадын мэргэжилтнүүдийг суурьшмал байдлаар ажиллуулахын зэрэгцээ манай дотоодын инженер, техникийн ажилчид хамтран ажиллаж, технологийг гардан эзэмших юм. Бид төслийн үндсэн төсөвт монгол мэргэжилтнүүдийг газар дээр нь дадлагажуулах, онол болон практикийн сургалтад хамруулах, мэдээлэл технологи солилцоотой холбоотой бүх зардлыг шингээж өгсөн. Энэ нь үйлдвэрийг төрд хүлээлгэн өгөх үед манай үндэсний боловсон хүчин уг өндөр технологийг бие даан удирдах бүрэн чадвартай болсон байх нь бодлогын нэг хэсэг юм.
Ажлын байрны тухайд, уг үйлдвэр нь автоматжуулалтын түвшин маш өндөр тул олон тооны ажилчин шаардахгүй. Урьдчилсан тооцоогоор нэг ээлжиндээ хамгийн ихдээ 20 орчим хүн ажиллахаар төлөвлөж байна. Хэдийгээр ажлын байрны тоо цөөн мэт боловч эдгээр нь бүгд нарийн мэргэшлийн, бүтээмж өндөр ажлын байрууд байх болно.
Үйлдвэр ашиглалтад орох тодорхой тов гарч байна уу? Төслийн хэрэгжилтийн явцад ямар сорилтууд тулгарч байна вэ?
Бид үйлдвэрийг 2027 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Одоогийн байдлаар төслийн явцад шууд тулгарсан саад бэрхшээл харьцангуй бага байна. Гэхдээ системийн хувьд бид нэг зүйлийг зайлшгүй өөрчлөх шаардлагатай байгаа юм.
Томоохон технологи нэвтрүүлж буй үйлдвэрүүдийн ТЭЗҮ-ийг хянан батлах процесс юм. Өмнөх жилүүдэд төсвийн хөрөнгөөр бодит байдалд үл нийцэх, хэт ерөнхий ТЭЗҮ-үүдийг баталж, хувийн хэвшлээс хөрөнгө оруулалт татах нь алдаа болж ирсэн. Учир нь төрийн баталсан тэрхүү ТЭЗҮ нь хөрөнгө оруулагч талын өөрсдийнх нь технологи, үйл ажиллагааны арга барилтай огт нийцдэггүй. Үүнээс үүдэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө үрэгдэх тохиолдол цөөнгүй гардаг.
Тиймээс цаашид хөрөнгө оруулагч, технологи нийлүүлэгч талуудын өөрсдийнх нь боловсруулсан ТЭЗҮ-ийг АҮЭБЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл хянаж үзээд, шаардлагатай бол сайжруулалт хийн баталдаг илүү уян хатан, практик систем рүү шилжих ёстой. Энэ нь төслийг бодит утгаар нь хурдасгах, хөрөнгө оруулагчдад итгэл төрүүлэх гол хөшүүрэг болно.