
О.Дөлгөөн
Дэлхийн зэсийн хамгийн том нийлүүлэгч болох Чили улс энэ болон ирэх оны олборлолтын таамаглалаа буурууллаа. Энэ нь дэлхийн зах зээл дэх нийлүүлэлт хомсдож, үнэ түүхэн дээд хэмжээндээ дөхнө гэсэн хүлээлтийг улам бататгаж байна.
Чилийн зэсийн олборлолт энэ онд 2 хувиар буурч, 5.3 сая тоннд хүрэх төлөвтэй байгаа бөгөөд үүнд хүдрийн агуулга багассан, засвар үйлчилгээ болон үйл ажиллагааны хязгаарлалт зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна гэж тус улсын төрийн өмчит зэсийн комисс болох "Cochilco" улирал тутмын зах зээлийн тоймдоо дурджээ. Харин ирэх жилийн гарц 4 хувиар сэргэж, ойролцоогоор 5.5 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна.
Тус агентлаг өмнө нь энэ онд 5.6 сая тонн, 2027 онд 5.97 сая тонн зэс олборлоно гэж тооцоолж байсан юм. Дэлхийн нийт олборлосон зэсийн бараг дөрөвний нэгийг хангадаг тус улс ийнхүү төлөвөө бууруулсан нь үнэд нэмэлт дэмжлэг болж байна. Зэсийн үнэ аль хэдийн томоохон уурхайнуудын нийлүүлэлтийн тасалдал болон дата төвүүд, эрчим хүчний шилжилтээс үүдэлтэй эрэлтийн хурдацтай өсөлтөөс шалтгаалан өндөр байгаа билээ.
Эдийн засаг, уул уурхайн сайд Даниэль Мас тайландаа "Дэлхийн зах зээл тогтворгүй нийлүүлэлт болон хомсдолын давтагдах үе шатуудтай нүүр тулсаар байна" гэж тэмдэглэжээ.
"Cochilco" энэ оны зэсийн дундаж үнийн таамаглалаа өмнөх 4.95 ам.доллароос өсгөж, нэг фунт нь 5.55 ам.доллар болгосон байна. Одоогийн байдлаар Нью-Йоркийн бирж дээр зэсийн худалдаа нэг фунт нь 6 ам.доллароос давсан үнээр хийгдэж байна.
Дэлхийн хэмжээнд цэвэршүүлсэн зэсийн эрэлт энэ онд 1.5 хувиар, 2027 онд 2.3 хувиар өсөж, харгалзах дарааллаар 28.2 сая болон 28.8 сая тоннд хүрэх төлөвтэй байна. БНХАУ-ын үл хөдлөх хөрөнгийн зах зээл сул байгаа хэдий ч тус улс хэрэглээний гол хөдөлгөгч хүч хэвээр байх болно.
Цэвэршүүлсэн зэсийн зах зээл дэх нийлүүлэлт шахцалдсан хэвээр байхыг "Cochilco" онцолсон бөгөөд өнгөрсөн жилийн 124,000 тонн орчим дутагдлын дараа 2026 онд 12,000 тонн орчим маш бага хэмжээний илүүдэл гарна гэж таамаглажээ.
Эх сурвалж: mining.com