
Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн Оросын Холбооны Улсын Шинжлэх ухааны академийн гишүүн, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Оросын хэсгийн ахлагч, академич И.В.Бычков, Монгол Улсын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Монголын хэсгийн ахлагч, академич С.Дэмбэрэл нарыг хүлээн авч уулзлаа. Энэхүү уулзалтаар “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн хүрээнд хэрэгжүүлж буй хамтарсан судалгааны ажлын явц болон цаашдын хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцов.
Уулзалтын үеэр Эгийн голын усан цахилгаан станц төслийн Сэлэнгэ мөрөн, Байгал нуурын экосистемд үзүүлэх болзошгүй нөлөөллийг үнэлэх судалгааны ажлын хэрэгжилт, үе шаттайгаар хийгдэж буй ажлууд, цаашдын төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Дэд сайд С.Даваасүрэн уг төслийг Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, бүс нутгийн тогтвортой хөгжлийг дэмжих, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн эдийн засгийн агуулгыг баяжуулах өндөр ач холбогдолтой бүтээн байгуулалт болохыг онцлов.

Монгол-Оросын хамтарсан шинжээчдийн багийн Оросын хэсгийн ахлагч, академич И.В.Бычков хоёр улс уламжлалт найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд олон салбарт, тэр дундаа эрчим хүчний чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирснийг дурдан, төслийн цаашдын явцад эрдэмтэн, судлаачдын шинжлэх ухаанд тулгуурласан нягт хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг илэрхийлэв.
Мөн талууд ЮНЕСКО-ийн зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлж буй судалгааны ажлын үр дүн, байгаль орчны үнэлгээний явцын талаар санал солилцож, хоёр улсын шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг цаашид улам идэвхжүүлэн хөгжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.
Эх сурвалж: ЭЗХЯ