
Б.Төгс
Аж үйлдвэрийн гол метал болох зэсийн ханш Лхагва гаригт түүхий эдийн биржүүд дээр тонн тутамдаа 14000 ам.доллар давж (2026.05.13) өслөө. Тухайлбал Лондоны металын бирж дэх зэсийн гурван сарын гэрээт үнэ 14140 ам.доллар/тонн-д хүрч хаагдсан байна. Ингэснээр өнгөрсөн нэгдүгээр сард тогтоосон 14500 ам.доллар/тонн-ын оргил түвшинд тун ойртлоо. Хэдийгээр Ойрх Дорнодын хурцадмал байдал сунжран үргэлжилсээр байгаа нь металын зах зээлд тодорхой дарамт үзүүлж байгаа ч зэсийн ханш эсрэгээр өссөөр байна. Ийнхүү үнэ өсөх болсон шалтгаан нь Хятадын зэсийн импортын өсөлт болон нийлүүлэлтийн эрсдэлт хүчин зүйлс даамжрах болсон нь голлон нөлөөлжээ. Түүнчлэн хиймэл оюун ухааны технологийн хөгжүүлэлт, сэргээгдэх эрчим хүч, цахилгаан машин зэрэг технологийн эрэлт өсөж буй нь зэсийн хэрэглээний өсөлтийг дагуулах дүр зураг тодорч байна.
Хятадын цэвэр зэсийн импорт дөрөвдүгээр сард 452 мянган тоннд хүрсэн нь гуравдугаар сарынхаас даруй 9%-иар өндөр дүн боллоо. Хятадын зэсийн импорт энэ оны хоёрдугаар улиралд эрчимтэй өсөх шинжтэй байгааг зах зээлийн шинжээчид онцолж байна. Энэ нь тус улсын дотоодын эрэлт нэмэгдэж буйгаас гадна дотоодын хайлуулах үйлдвэрүүдийн урсгал засварын явцад гарц буурахтай холбоотой ажээ. Түүнчлэн Хятадын цахилгаан эрчим хүч дамжуулах шугамын дэд бүтцийн хөрөнгө оруулалт оны эхний улиралд өмнөх оны мөн үеийхээс 37% өссөн талаар тус улсын хэвлэлүүд мэдээлжээ. Ийнхүү Хятадын зэсийн эрэлтийн талаарх мэдээллүүд нэлээд өсөлтийн төлөвийг тодруулж өгч байна. Нөгөө талд, Шанхайн түүхий эдийн биржийн зэсийн агуулах нөөц өнгөрсөн баасан гаригийн байдлаар 181.3 мянган тоннд хүрсэн нь нэгдүгээр сараас хойших хамгийн бага үзүүлэлт болсон байна.
Эрэлтийн талаарх зарим эерэг мэдээлэл цацагдаж байгаа ч нийлүүлэлт талд Ормузын хоолой хаагдсанаас үүдэн хүхрийн хүчлийн хангамжийн хэвийн урсгалд эрсдэл үүсээд байна. Түүнчлэн зэсийн томоохон уурхайнуудын олборлолт хүлээлтээс бага түвшинд байгаа нь зэсийн нийлүүлэлтэд саатал үүсэх вий гэсэн болгоомжлолыг улам бүр нэмэгдүүлэх боллоо.