Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

ӨНДӨР НАРИЙВЧЛАЛТАЙ ЭРДСИЙН ШИНЖИЛГЭЭГ ЭХ ОРОНДОО ХИЙХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ 

 

О. Дөлгөөн

Монгол Улсын уул уурхайн салбарын инженер техникийн боловсон хүчнийг бэлтгэх, шинжлэх ухааны суурь судалгааг олон улсын түвшинд хүргэх зорилтын хүрээнд Герман-Монголын хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС) болон “Оюу толгой” компани стратегийн түншлэлээ өргөжүүллээ. Өнөөдөр (2026.05.08) тус сургуульд эрдсийг өндөр нарийвчлалтай шинжлэх зориулалт бүхий SEM (Scanning Electron Microscope) тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгөх, Эрдсийн нарийвчилсан судалгааны лабораторийн нээлтийн ёслол боллоо. 

Энэхүү лабораторийн гол цөм болсон SEM төхөөрөмж нь өмнө нь Австрали Улсын Бундора (Bundoora) дахь судалгаа, хөгжүүлэлтийн төвд ашиглагдаж байсан бөгөөд “Оюу толгой” компанийн санхүүжилтээр 2025 онд Монгол Улсад ирсэн юм. Уг төхөөрөмж нь хүдэрт агуулагдах эрдсийн бүтэц, найрлагыг микроскопын түвшинд өндөр нарийвчлалтай тодорхойлдог. 

Технологийн энэхүү шийдэл нь баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын горимыг оновчтой болгох, металл авалтыг нэмэгдүүлэх, улмаар үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд стратегийн ач холбогдолтой юм. Өмнө нь манай улсын уул уурхайн томоохон төслүүд уг төрлийн шинжилгээний дээжийг Австрали Улс руу илгээж, хариуг нь 4-5 сарын дараа хүлээн авдаг байсан бол одоо МГТИС дээр энэхүү процессыг 14 хоногт багтаан гүйцэтгэх боломж бүрдэж байна. Энэ нь тээвэрлэлт болон гаалийн зардлыг хэмнээд зогсохгүй, үйлдвэрлэлийн шийдвэрийг цаг алдалгүй гаргахад чухал нөлөө үзүүлэх юм. 

Ёслолын ажиллагааны үеэр МГТИС-ийн Ректор Б. Батцэнгэл түншлэлийн үнэ цэнийг онцлон хэлэхдээ: 

“2014 оноос эхэлсэн бидний хамтын ажиллагаа өнөөдөр энэхүү лабораторийн нээлтээр шинэ шатанд гарч байна. Энэ бол зөвхөн байшин барилга биш, бидний харилцан итгэлцэл, нэгдмэл зорилгын илэрхийлэл юм. Өнөөдөр манай нийт төгсөгчдийн гуравны нэг нь Оюу толгой компанид амжилттай ажиллаж байгаа нь бидний сургалтын чанарын баталгаа болж байна. Дэлхий ертөнц маш хурдтай өөрчлөгдөж, инженерүүдэд шаардагдах ур чадвар арав гаруй жилийн өмнөхөөс тэс өөр болсон энэ үед уг лаборатори нь оюутнуудад ирээдүйн сорилтуудыг даван туулах бодит талбар болно” хэмээв. 

Түүнчлэн “Оюу толгой” компанийн Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх лабораторийн ач холбогдлыг ийнхүү тодорхойллоо: 

“Бид МГТИС-тай 10 гаруй жилийн турш тууштай хамтран ажиллаж ирсэн үр дүнгээ үргэлж өндрөөр үнэлдэг. Өнөөдөр нээлтээ хийж буй энэхүү лаборатори нь манай баг хамт олны хувьд стратегийн маш өндөр ач холбогдолтой. Энэхүү лаборатори ажиллаж эхэлснээр хугацаа болон зардал хэмнэхээс гадна Монгол Улсын шинжлэх ухааны хөгжилд бодит хувь нэмэр оруулж, мэргэшсэн инженерүүд төрөн гарах боломжийг бүрдүүлж байна. Оюу толгой компанийн нэн тэргүүний зорилт бол байгалийн баялгийг олборлохдоо байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг хангах явдал бөгөөд үүнд хүрэхийн тулд шинжлэх ухаан, мэдлэгт суурилсан хүний нөөцийг хөгжүүлэх нь чухал юм.” 

Шинэ технологийг зөвхөн нэвтрүүлээд зогсохгүй нутагшуулах үйл явц эрчимтэй явагдаж байна. Рио Тинто компанийн нарийн мэргэжлийн шинжээчид МГТИС-ийн лабораторийн ажилтнуудад төхөөрөмжийн ашиглалт болон шинжилгээний аргачлалын чиглэлээр тусгайлсан сургалтуудыг зохион байгуулж байгаа юм. 

МГТИС-ийн хувьд энэхүү лаборатори нь уул уурхай, ашигт малтмалын салбарт олон улсын түвшний судалгаа, инновацын орчныг бүрдүүлэх зорилтынх нь том алхам болж байна. Уг лаборатори ашиглалтад орсноор Монгол Улс эрдсийн судалгааны чиглэлээр гадаад улсаас хараат бус байх, дотооддоо өндөр нарийвчлалтай дата мэдээлэл боловсруулах бүрэн боломжтой боллоо.