Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

БӨӨРӨЛЖҮҮТ ЦАХИЛГААН СТАНЦТАЙ ТАНИЛЦАХ БИЗНЕС УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА 

Монгол Улсын эрчим хүчний салбарын хөгжлийн чиг хандлага, инновацад суурилсан шийдлүүдийг танилцуулах, найдвартай, тогтвортой эрчим хүчний системийг хөгжүүлэх боломжийг хэлэлцэх, мөн салбарын оролцогч талуудын хамтын ажиллагаа, мэдлэг солилцоог дэмжих зорилготой арга хэмжээ 2026 оны 5 дугаар сарын 1-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү аялал, бизнес уулзалтыг “AustCham Mongolia” буюу Монгол дахь Австралийн худалдааны танхимаас Бодь Интэрнэйшнл ХХК болон Бөөрөлжүүт цахилгаан станцтай  хамтран зохион байгуулж, Төв аймгийн Баянжаргалан суманд байрлах “Цэцэнс майнинг энд энержи” ХХК-ийн Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийн талбай болон Жавхлант нуурын орчимд хоёр үе шаттайгаар явууллаа. 

“Цэцэнс Майнинг энд Энержи” ХХК-ийн шат дараатайгаар амжилттай хэрэгжүүлж буй 600 МВт хүчин чадалтай Бөөрөлжүүт цахилгаан станц, уурхайн цогц төсөл нь Монгол Улсын эрчим хүчний салбарт сүүлийн 40 жилийн хугацаанд хэрэгжсэн үндэсний хөрөнгө оруулалттай хамгийн том бүтээн байгуулалт юм.

Уг арга хэмжээнд Монгол дахь Австралийн худалдааны танхимийн ТУЗ-ийн гишүүд, гишүүн байгууллагуудын удирдах түвшний төлөөллүүд зэрэг 50 гаруй оролцогчид хамрагдав.

Хөтөлбөрийн хүрээнд оролцогчид Бөөрөлжүүт цахилгаан станц болон уурхайн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн явц, технологийн шийдэл, аюулгүй ажиллагааны стандартуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсан юм. Мөн салбарын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор “Монголын эрчим хүчний салбарын хөгжил ба боломжууд” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжуудыг онцлон хэлэлцэв.

Аялал Жавхлант нуурын эрэг дээр үргэлжилж, “Эрчим хүчний инновацын цуврал” уулзалтын нээлт, удирдах ажилтнуудын илтгэл, чөлөөт уулзалтаар үргэлжилсэн бөгөөд оролцогчид харилцан туршлага солилцож, салбарын ирээдүйн хамтын ажиллагааны шинэ боломжуудыг ярилцлаа.

Энэхүү арга хэмжээ нь төр, хувийн хэвшил болон олон улсын бизнесийн төлөөллүүдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Монгол Улсын эрчим хүчний салбарт инновац, тогтвортой хөгжлийг дэмжихэд чухал алхам боллоо. Цаашид ч Австралийн худалдааны танхим бизнесийн байгууллагын инновацыг танилцуулах, хамтын ажиллагааг хөгжүүлэх үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахаар зорьж байгаа аж.