
Т.Бямбанаран
Иранд өрнөж буй дайн нь 1970-аад оны эрчим хүчний хямралын дараахтай төстэйгөөр цөмийн реактор барих шинэ давлагааг эхлүүлэх магадлалтай гэж “Cameco” (TSX: CCO; NYSE: CCJ)-ийн Ерөнхийлөгч бөгөөд Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Грант Айзэк үзэж байна.
Олон улсын эрчим хүчний агентлагийн мэдээлснээр өнөөдөр ажиллаж буй цөмийн цахилгаан станцуудын 40 гаруй хувь нь 1973 онд ОПЕК-ийн хэрэгжүүлсэн газрын тосны хориг арга хэмжээний хариуд баригдсан байдаг. Франц, Япон, Өмнөд Солонгос болон Их Британи зэрэг орнууд уг хямралын дараахан олон жилийн турш цөмийн реактор барих хөтөлбөрийг эхлүүлсэн юм.
Хоёр дахь том үйлдвэрлэгч
Канадын Саскачеван муж дахь дэлхийн хамгийн өндөр агуулгатай ураны орд болох “McArthur River” уурхайн үйл ажиллагааг удирдан явуулдаг “Cameco” компани нь дэлхийн нийт ураны үйлдвэрлэлийн 15%-ийг бүрдүүлдэг. Саскатун хотод төвтэй тус компани нь Казахстаны төрийн өмчит “Kazatomprom”-ын дараа дэлхийн хоёр дахь том уран олборлогч юм. Казахстаны энэхүү компани нийт уран үйлдвэрлэлийн 20%-ийг хангадаг ажээ.
Шинжээчдийн үзэж буйгаар ойрын хэдэн арван жилд ураны эрэлт нэмэгдэх, үндсэн нийлүүлэлт улам хумигдах, шинэ уурхайнуудын хөгжил тодорхойгүй хэвээр байх зэрэг хүчин зүйлсийн улмаас урт хугацаанд нийлүүлэлтийн хомсдол нэмэгдэх төлөвтэй байна.
Гэхдээ ураны ирээдүй аливаа эрсдэлээс бүрэн хамгаалагдсан гэсэн үг биш. Жишээлбэл, 2011 онд Фукушима Дайчи АЦС-д болсон шиг осол дахин гарвал дэлхийн зах зээлийн хандлага болон ураны үнэд тодорхой хэмжээгээр сөрөг нөлөө үзүүлж, улмаар бодлогын өөрчлөлтөд хүргэж болзошгүй. Мөн Ираны дайн зэрэг геополитикийн хурцадмал байдал даамжирч, дэлхийн эдийн засаг уналтад орвол эрчим хүчний хэрэглээнд нөлөөлөх магадлалтай.
Одоогийн байдлаар дэлхий дахины ураны эрэлт 2040 он гэхэд гурав дахин өсөх магадлалтай учраас шинэ уурхайнуудыг хөгжүүлэх шаардлагатайг судлаачид хэлж байна.
Дэлхийн цөмийн холбооны мэдээлснээр одоогоор ураны эрэлт нь үйлдвэрлэлээсээ жилд 50–60 сая фунтээр давж байна.
Технологийн салбарын эрэлт
АНУ-Ираны дайнаас өмнө ч цөмийн эрчим хүчний эрэлт өсөх хандлагатай байсан. Үүний гол шалтгаан нь технологийн компаниуд хиймэл оюун ухааны хэрэглээнд зориулсан илүү их эрчим хүч шаарддаг дата төвүүдийг олноор байгуулах болсонтой холбоотой.
Мөн АНУ-ын Засгийн газар цөмийн эрчим хүчний салбарын сэргэлтийг хурдасгах зорилгоор төрөл бүрийн дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ улсын баруун өмнөд бүсэд хэрэгжих ураны төслүүдийн тусгай зөвшөөрөл, хөгжүүлэлтийн явцыг түргэсгэн ажиллаж байна. Эрэлт нэмэгдсэнээр цөмийн реакторуудын ашиглалтын хугацааг сунгах шийдвэрүүд ч нэмэгджээ.
Энэ нөхцөл байдал ураны үнэд аль хэдийн нөлөөлж эхэлжээ. Тавдугаар сарын 1-ний байдлаар спот зах зээл дээр ураны үнэ фунт тутамд ойролцоогоор 86 ам.долларт хүрч, жилийн өмнөхөөс ойролцоогоор гуравны нэгээр өссөн байна.
Эх сурвалж: mining.com