
Шадар сайд Н.Номтойбаяр энэ сарын 2-ны өдөр Дорноговь аймагт ажиллаж, “Замын-Үүд” эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцлаа.

Тэрээр бүсчилсэн хөгжлийг зөвхөн засаг захиргааны нэгж хоорондын харилцаа гэж харахаас илүүтэйгээр хөрш орнуудтай хийх эдийн засгийн интеграцчилал, гадаад худалдааны өргөтгөсөн хамтын ажиллагаа гэж тодорхойлох нь зүйтэй гэж үзэж байна.
Өнгөрсөн хоёр арваны хугацаанд 900 га талбай бүхий тус бүсэд 100 сая гаруй ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн хэдий ч эдийн засгийн бодит үр өгөөж тааруу байгааг Шадар сайд тэмдэглэлээ. Тиймээс юун түрүүнд хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгож, хөрөнгө оруулагчдыг татах "нэг цонх"-ны бодлогыг эрчимжүүлэх замаар эдийн засгийн бодлого төлөвлөлтийг шинэчлэх ажлыг эхлүүлэхээр болжээ. Энэхүү реформын хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг тогтворжуулж, гадаад, дотоодын капиталыг татах таатай нөхцөлийг бүрдүүлэх нь тэргүүлэх чиглэл байх юм.
Бодлогын гол цөм нь экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг дэмжихэд чиглэнэ. Тодруулбал, хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд нэмүү өртөг шингээж, гадаад зах зээлд гаргах дотоодын үйлдвэрлэлээс гадна манай улсад үйлдвэрлэх боломжгүй барилгын материал, сэргээгдэх эрчим хүч, эм, бэлдмэлийн үйлдвэрлэлийг чөлөөт бүсэд байршуулах зорилготой байна. Ингэснээр татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөр дамжуулан гадаадын үйлдвэрлэгчид манай зах зээлд нэвтрэх, нөгөө талаас Монгол Улсын экспортын чадавх нэмэгдэх стратегийн ач холбогдолтой юм.
Дэд бүтцийн шинэчлэл шаардлагатай байна
Өнөөдрийн байдлаар тус бүсэд 16 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. 2011-2017 онд гадны хөнгөлөлттэй зээлээр дулаан, цахилгаан, ус хангамж зэрэг суурь дэд бүтцийн ажлууд хийгдсэн ч өдгөө тэдгээр нь засвар үйлчилгээ болон хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай болжээ.