Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр замын тээвэрлэлтийн бэлтгэл ажлыг хангах асуудлаар уулзалт хийлээ

БНХАУ-ын Бээжин хотод Гашуунсухайт-Ганцмод боомтын тээвэрлэлтийн асуудлаар Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар, БНХАУ-ын Улсын төмөр замын газар, “Монголын төмөр зам” ТӨХК, Чайна энержи групп ХХК болон Хятадын төмөр замын барилгын гүүрийн инженерийн товчоо групп ХХК-ийн хамтарсан уулзалтыг (2026.04.29) зохион байгууллаа.

Уулзалтыг хоёр улсын төмөр замын агентлагуудын удирдлагууд ахлан Монгол Улсын Засгийн газар болон БНХАУ-ын Засгийн газар хоорондын "Хилийн төмөр замын хэлэлцээр"-ийн төсөл, түүнийг дагалдан байгуулах Төмөр замын байгууллага хоорондын "Хилийн төмөр замын гэрээ", Хилийн төмөр замын хамтарсан комиссын хуралдааны протокол зэргийн талаар дэлгэрэнгүй ярилцаж, дараах байдлаар цаашид ажлын явцыг эрчимжүүлж ажиллахаар тохиролцлоо.

Үүнд:

Дээр дурдсан хоёр улсын Төмөр замын газар, төмөр замын байгууллагуудын 4 талт уулзалтыг сар тутам 1 удаа цахим хэлбэрээр хийж хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж байх;

2026 оны 5 дугаар сард багтаан хоёр улсын Төмөр замын газар, төмөр замын байгууллагууд Гашуунсухайт, Ганцмод өртөөдөд газар дээр нь ажиллах;

"Монголын төмөр зам" ТӨХК, "Чайна энержи Баошэнь төмөр зам" групп ХХК хооронд хамтын ажиллагаагаа сайжруулж, хил дамнасан төмөр замын тээвэр зохион байгуулалтын бэлтгэлийг хангаж, шаардлагатай асуудлаар тухай бүр санал солилцож хамтран ажиллах;

Хоёр төмөр замын байгууллагууд өөрсдийн боловсруулсан Төмөр замын байгууллага хоорондын Хилийн төмөр замын гэрээ, Хилийн төмөр замын хамтарсан комиссын хуралдааны протоколын төслийг албан тоотоор солилцож төслийг тохиролцож байгуулах бэлтгэлийг хангах зэрэг болно.

 

Эх сурвалж: "Монголын төмөр зам" ТӨХК