
О.Дөлгөөн
Дэлхий ертөнц улам бүр хуваагдаж, улс орнууд ам.доллароос татгалзан нөөцийн үндсэн хөрөнгөөрөө алтыг сонгох болсон нь алтны ханшид томоохон түлхэц үзүүлэхээр байна гэж "Deutsche Bank" үзэж байна.
Тус банкны онцолсноор, Төв банкууд 2008 оны санхүүгийн хямралаас хойш нөөцдөө 225 сая гаруй унц алт нэмсэн байна. Харин тэдний нөөц дэх ам.долларын эзлэх хувь 2000-аад оны эхээр 60 гаруй хувьтай байсан бол өнөөдөр 40 орчим хувь болж буурчээ.
Зөвхөн томоохон эзэмшигчид болох Хятад, Орос, Энэтхэг, Турк улсууд алт худалдаж аваад зогсохгүй байгааг "Deutsche Bank" тэмдэглэв. Худалдан авалтын цар хүрээ тэлж Казахстан, Саудын Араб, Катар, Египет болон Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсуудыг хамарч эхэлжээ.
Хэрэв энэ чиг хандлага үргэлжилбэл дэлхийн Төв банкуудын нөөцөд эзлэх алтны хэмжээ одоогийн 30%-иас 40%-д хүрэх боломжтой гэж тус банк таамаглаж байна. Энэхүү хуваарилалтад үндэслэн "Deutsche Bank"-ны хийсэн симуляциар (загварчлалаар) алтны үнэ ирэх таван жилийн дотор нэг унц нь 8,000 ам.долларт хүрэх магадлалтай гэж гарчээ. Энэ нь одоогийн түвшнээс бараг 80%-иар өснө гэсэн үг юм.
Хэдийгээр энэхүү үнийн төсөөлөл нь албан ёсны урьдчилсан таамаг биш, концепц шинжтэй боловч АНУ-ын хөрөнгөд итгэх итгэл суларсаар байгаа тул дэлхийн "долларгүйжүүлэх" хөдөлгөөний хамгийн том хожоог алт гаргана гэсэн салбарын мэргэжилтнүүдийн ерөнхий байр суурьтай нийцэж байгаа юм.
Өнгөрсөн жил Дэлхийн Алтны Зөвлөлөөс (World Gold Council) явуулсан судалгаагаар Төв банкууд эдийн засаг болон геополитикийн тодорхойгүй байдлыг алт нөөцлөх шийдвэр гаргахад нөлөөлж буй гол хүчин зүйл гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.
Энэ он гарсаар алтны үнэ бараг 8%-иар өсөөд байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн жилийн Төв банкуудын идэвхтэй худалдан авалтын эрч хүчийг үргэлжлүүлж буй хэрэг юм. Гэсэн хэдий ч АНУ-Ираны хурцадмал байдал үүссэнээс хойш үнэ бага зэрэг буурч, нэгдүгээр сард түүхэн дээд хэмжээндээ хүрч байсан өсөлтийнхөө гуравны хоёрыг алдаад байна.
Source: mining.com