Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

TMK Energy “Гурвантэс XXXV” хийн төсөлд түнш хайж эхэллээ

О.Дөлгөөн

Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "TMK Energy" компани Филиппиний Манила хотноо зохион байгуулагдсан Зүүн Өмнөд Азийн газрын тосны хайгуулын нийгэмлэгийн (SEAPEX) бага хурлын үеэр Монгол дахь метан хийн төсөлдөө стратегийн түнш хайж буйгаа албан ёсоор зарлалаа.

Компани Өмнөговь аймгийн нутагт хэрэгжиж буй "Гурвантэс XXXV" нүүрсний давхаргын метан хийн төслийнхөө "farm-out" (эрхээ шилжүүлэх замаар хөрөнгө оруулалт татах) үйл явцыг эхлүүлж, мэдээллийн сангаа (data room) нээсэн байна.

Төсөл нь 1.2 триллион шоо фут (Tcf) хэмжээний баталгаажсан хийн нөөцтэй бөгөөд цаашид нэмэгдэх бүрэн боломжтой. Одоогоор долоон цооногоос туршилтын олборлолт хийж байгаа бөгөөд хийн урсгал, десорбцийн үзүүлэлтүүд өндөр гарсан нь арилжааны олборлолт хийхэд бэлэн байгааг илтгэж байна. Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 8,400 км² талбайг хамарсан Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу хэрэгжиж буй Монголын хамгийн том эх газрын хийн төслүүдийн нэг юм.

"TMK Energy" компани ирэх хоёр жилийн хугацаанд төслийг бүрэн арилжааны шатанд шилжүүлж, олборлолтыг эрчимжүүлэх зорилго тавиад байна. Дэлхийн байгалийн хийн зах зээл дээр нийлүүлэлт хумигдаж буй энэ үед уг төсөл нь Азийн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй эрэлтийг хангах, Монгол Улсын дотоодын эрчим хүчний сүлжээг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Хөрөнгө оруулагчдад зориулсан мэдээллийн сан нээгдсэнээр олон улсын томоохон компаниуд төсөлтэй танилцаж, стратегийн түншлэл тогтоох боломж нээгдэж байна. Энэхүү алхам нь Монгол Улсын уул уурхай, эрчим хүчний салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах, байгаль орчинд ээлтэй цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг дотооддоо бий болгоход томоохон түлхэц болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Эх сурвалж: globalflowcontrol.com