Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал боллоо

-ЭТТ: 2025 онд 27.6 сая тонн нүүрс борлуулж, 1.7 тэрбум долларын орлоготой ажиллав-

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал (2026.04.28) боллоо. Хурлыг тус компанийн төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай даргалж, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, компанийн удирдлагууд, хувьцаа эзэмшигч иргэдийн төлөөлөл оролцов.

 Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар:

1. Компанийн 2025 оны санхүүгийн болон үйл ажиллагааны тайлан,

2. Ногдол ашиг хуваарилах эсэх,

3. Төлөөлөн удирдах зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны тайлан;

4. Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүдийг сонгох тухай зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцэн шийдвэрлэлээ.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь төрийн төлөөлөл хэрэгжүүлэгч 5 гишүүн, хараат бус 4 гишүүн нийт 9 гишүүнтэй.  ТУЗ-ийн гишүүдийг сонгон шалгаруулахдаа Компанийн тухай хууль, “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх журам”, “Төрийн өмчит компанийн ТУЗ-ийн хараат бус гишүүнийг сонгон шалгаруулах нийтлэг журам”, “Эрдэнэс Тавантолгой” компанийн дүрмийг тус тус үндэслэн Төлөөлөн удирдах зөвлөлийн ердийн болон хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг нийтэд нээлттэй зарлаж, холбогдох журмын дагуу явуулж өнөөдөр хуралд танилцууллаа.

Компанийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу 2025 оны үйл ажиллагааны тайланг танилцууллаа. Тайланд дурдсанаар “Эрдэнэс Тавантолгой” компани 2025 онд 30.2 сая тонн нүүрс олборлож, 27.6 сая тонн нүүрс борлуулан, 1.7 тэрбум ам.долларын орлоготой ажиллаж, Монгол Улсын төсөвт 1.7 их наяд төгрөгийн татвар төвлөрүүлж, нийт хувьцаа эзэмшигчдэд 2025 оны цэвэр ашгаас 786.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгох шийдвэр гарсныг танилцуулав.  Мөн нэмүү өртөг шингэсэн дэд бүтцийн болон үйлдвэрлэлийн төслүүдийг амжилттай хэрэгжүүлэх замаар уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, олборлосон бүтээгдэхүүний үнэ, чанарыг нэмэгдүүлэх, өртөг зардлыг бууруулахад онцгой анхаарч ажиллаж буйг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбуу танилцуулгадаа дурдлаа.

Танилцуулгын дараа хуралд оролцогч хувьцаа эзэмшигчид ногдол ашгийн талаар, нээлттэй хувьцаат компани болох тухай, нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг өвлүүлэх талаар асуулт асууж хариулт авлаа.

Нээлттэй хувьцаат компани болох ажлын хүрээнд нас барсан иргэдийн хувьцааг өвлүүлэх тухай тогтоолын төслийг боловсруулж маргааш Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцүүлэхээр төлөвлөснийг Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ц.Нацагдорж танилцууллаа.

 

Эх сурвалж: "Эрдэнэс Тавантолгой" ХК