Оюу толгой үйлдвэр 2025 оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, тайлант хугацаанд “Оюу толгой” ХХК-ийн зэсийн нийлүүлэлт болон санхүүгийн гүйцэтгэл түүхэн дээд түвшинд хүрч, 2024 онтой харьцуулахад зэсийн үйлдвэрлэл нь 61 хувь, алтных 121 хувиар нэмэгдсэнийг онцолсон. Ингэснээр тус компани зэс үйлдвэрлэлийг өнгөрсөн оноос 50%-иар өсгөх төлөвлөгөөгөө биелүүлжээ.
Баяжмал дахь зэс үйлдвэрлэлийн хэмжээ 345,199 тонн, баяжмал дахь алт үйлдвэрлэл 455,864 унц, баяжмал дахь мөнгө үйлдвэрлэл 2,179,862 унц болжээ.
Оюу толгойн гүний уурхайн үйл ажиллагаанд хэд хэдэн чухал амжилт гарсан байна. Тухайлбал, 12 дугаар сард хоногт дунджаар 42 мянган тонн олборлож, нэг өдрийн дээд амжилт 52 мянган тоннд хүрэв. Эдгээр амжилт нь Материал зөөвөрлөх систем болон гүний уурхайн ачилтын тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, гүний уурхайн чадварлаг багийн ажлын гүйцэтгэл сайн байсныг илтгэнэ.

Баяжуулах үйлдвэрийн тохируулгын төслийг амжилттай хэрэгжүүлж дуусгасан нь 2025 оны онцлох ажлуудын нэг байсан хэмээн 2025 оны жилийн тайландаа онцолжээ. Энэхүү төсөл нь гүний уурхайн өндөр агууламжтай хүдрийг боловсруулж, металл ялгалтыг сайжруулахын зэрэгцээ үйлдвэрлэх хүчин чадлыг хэвээр хадгалах юм.
Тус компани Монголдоо анхдагч Гүний уурхайгаас газрын гадарга руу хүдэр тээвэрлэх туузан дамжуургыг амжилттай ашиглалтад оруулсан. Найман километр урт инженерчлэлийн уг шийдэл нь 1,300 метрийн гүнээс өдөрт 95,000 тонн хүдэр тээвэрлэх хүчин чадалтай.
"Хиймэл оюунт ухаалаг үйлдвэр" системийг уурхай даяар нэвтрүүлж, "Хөрөнгийн хяналтын төв"-ийг байгуулснаар найдвартай байдлын удирдлагыг үндсээр нь шинэ шатанд гаргасан байна. Эдгээр технологи нь эвдрэл гэмтлийг урьдчилан тооцож илрүүлэх, төлөвлөгдөөгүй зогсолтыг бууруулах ач холбогдолтой. Үр дүнд нь уурхайд ухаалаг технологи ашиглан аюулгүй тогтвортой, үйл ажиллагааг хангахад хэмжигдэхүйц сайжруулалтыг бий болголоо.
Оюу толгойн уурхай 8 дугаар сард Гүний уурхайн Панель 2-ын анхны "Хүдэр буулгуур"-ын Тэсэлгээг төлөвлөгөөнөөс есөн сарын өмнө амжилттай гүйцэтгэжээ. Энэ нь Гүний уурхайгаас гадарга руу тээвэрлэх туузан дамжуурга, Баяжуулах үйлдвэрийн тав дахь бөмбөлөгт шинэ тээрэм, хоёр дахь Анхдагч бутлуурыг гүний уурхайд ашиглалтад оруулсан зэрэг амжилттай хослон цаашдын үйл ажиллагааны бат бөх суурийг тавьж байгаа аж. Гэвч уурхайн тогтвортой үйлдвэрлэлд онц чухал "Шивээ Толгой", "Жавхлант" ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг "Оюу толгой" ХХК-д шилжүүлэх асуудал удааширсан тул, 2025 оны 6 дугаар сард уулын ажлын төлөвлөгөөндөө өөрчлөлт оруулж, Панель 1-ийн бүтээн байгуулалтыг түр зогсоож, хүн хүч, техник хэрэгслийг Панель 2 руу шилжүүлэх шаардлага үүссэн байна.
Ил уурхайн үйл ажиллагаа нь ил болон гүний уурхайгаас баяжуулах үйлдвэрт харилцан адилгүй зэсийн агууламжтай хүдрийг тэнцвэртэй нийлүүлэхэд төвлөрөв. Түүнчлэн уурхайн гүн нэмэгдэхийн хэрээр геотехникийн нөхцөлийг аюулгүй удирдан, техник, олборлолтын найдвартай ажиллагааг хангаж ажилласан. Ил уурхайгаас зөөвөрлөсөн чулуулгийн хэмжээ 2025 онд 99.8 сая тоннд хүрсэн, том оврын өөрөө буулгагчийн дундаж ашиглалт 74.6 хувь байсан нь өндөр үзүүлэлт юм.
Ил уурхайн өөрөө буулгагчийн нэг удаагийн ачилтын жингийн үзүүлэлт Рио Тинтогийн бусад уурхайг тэргүүлэхүйц буюу 101.7 хувь байв.
Энэ нь уулын ажиллах дарааллын өөрчлөлтөөс шалтгаалан хурдан эргэлттэй материалын эзлэх хувь нэмэгдэж, жингээр бус багтаамжаар хязгаарлагдах горимд шилжсэнтэй холбоотой аж. Гэвч нийт өөрөө буулгагчийн үйл ажиллагааны бэлэн байдал 88.7 хувь байсан нь дээрхээс үүссэн сөрөг нөлөөг бууруулахад чухал нөлөө үзүүлсэн бөгөөд энэ нь Засварын багийн хүч хөдөлмөрийн үр дүн юм.
Ийнхүү тус компани Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимаас жил бүр шалгаруулдаг ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад гурав дахь жилдээ дараалан тэргүүлжээ.