Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Судалгаа

ХЯТАДЫН ТОГТВОРТОЙ ӨСӨЛТ ТООНООС ЧАНАРТ ШИЛЖИЖ БАЙНА

Т.Бямбанаран

БНХАУ-ын хууль тогтоох, төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэх дээд байгууллага Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал /БХАТИХ/-ын хаврын чуулганаар төрийн бодлогын хэрэгжилтийг жил тутам дүгнэж, ирээдүйн төлөвлөгөөгөө нийтэд танилцуулдаг.

БНХАУ-ын 5 жилийн төлөвлөгөөний үндсэн чиглэл, улс төр, эдийн засгийн хөгжлийн бодлогын чиг хандлагыг тодорхойлж буй дээрх чуулган энэ сарын эхээр Бээжин хотноо хуралдсан бөгөөд Бүх Хятадын Улс Төрийн Зөвлөлдөх Бага Хурлын Үндэсний хорооны хуралдаантай давхацдаг тул эдгээрийг хамтад нь "Хоёр чуулган" хэмээн нэрлэдэг аж.

Сүүлийн жилүүдэд "Хоёр чуулган"-ы ач холбогдол улам бүр өндөрсөж, БНХАУ-ын хөгжлийн бодлого хаашаа чиглэхийг илтгэдэг гол индикатор болоод байна. Чуулганы үеэр уламжлал ёсоор БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Засгийн газрын ажлын тайланг танилцуулж, өнгөрсөн оны гүйцэтгэлийг нэгтгэн дүгнэхийн хамт 2026 оны зорилт, цаашлаад 2026-2030 оныг хамрах XV дугаар Таван жилийн төлөвлөгөөний үндсэн агуулгыг дэлгэв. Анх 1953 оноос хэрэгжиж эхэлсэн Таван жилийн төлөвлөгөөнүүд нь БНХАУ-ын эдийн засаг, нийгэм, үйлдвэрлэлийн хөгжлийн ерөнхий зураглалыг тодорхойлдог стратегийн гол баримт бичиг юм.

Энэ удаагийн нүсэр төлөвлөгөөнд Хятад улс технологийн инновац, ногоон хөгжил, судалгаа-хөгжил (R&D), хиймэл оюун ухаан, үйлдвэрлэлийн аюулгүй байдал зэргийг бодлогын тэргүүн эгнээнд тавьжээ. Анхаарал татаж буй гол зүйл нь Бээжин хурдтай өсөлт, хөөсөрсөн тоон үзүүлэлтийг хангахаас илүүтэй чанар, тогтвортой хөгжил рүү чиглэж, хөгжлийн шинэ үеийг эхлүүлж байна.

ДНБ-ИЙГ 4.5-5%-Д БАРИНА

Энэ удаагийн чуулганаар БНХАУ өнгөрсөн оны эдийн засаг, нийгмийн гүйцэтгэлийг үндсэн 7 чиглэлд багцлан дүгнэв. Тэдгээрээс онцолбол, байгаль орчны бодлогын хүрээнд "Үзэсгэлэнт Хятад"-ыг цогцлоох зорилтыг үргэлжлүүлэн, Ногоон эрчим хүчийг дэмжиж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлжээ. Харин 2026 оны эдийн засгийн бодлогын хүрээнд тус улс харьцангуй бодитой, боломжит зорилтуудыг дэвшүүлсэн байна. Тухайлбал, дотоодын нийт бүтээгдэхүүний (ДНБ) еселтийг 4.5-5%-д барих, ажилгүйдлийн түвшинг ойролцоогоор 5.5%-д тогтвортой хадгалах, хот суурин газарт 12 саяас дээш шинэ ажлын байр бий болгох зорилт тавьсан аж. Үүнээс гадна, ДНБ-ий нэгжид ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг 3.8 орчим хувиар бууруулах зорилт тусгасан байна. Эдгээрээс харахад, БНХАУ тогтвортой байдал, бүтцийн шинэчлэл, ногоон шилжилтэд төвлөрсөн бодлогыг тууштай баримталж буй нь тодорхой байна.

Хятад улс ирэх 5 жилийн хөгжлийн төлөвлөгөөндөө ДНБ-ий өсөлтийг 4.5-5%-д хадгалах зорилготой аж.

Энэ тооны ард тус улсын эдийн засгийн бодлого, хүлээлтийн ерөнхий шинж агуулагдаж, макро эдийн засгийг тодорхойлох тулгуур зангилаа оршдог. Онцлох зүйл нь уг зорилтыг тодорхой нэг хувь биш, 4.5-5%-ийн "хүрээ" хэлбэрээр тогтоосон явдал юм. Эдийн засгийн гадаад, дотоод орчны тодорхойгүй байдлыг бодлого боловсруулагчид бодитоор хүлээн зөвшөөрч байна. Ийм төрлийн тоон үзүүлэлт БНХАУ-ын хувьд шинэ зүйл биш. Зах зээлийн орчин бүрхэг байсан 2016, 2019 онуудад ч ижил төрлийн аргачлалыг ашиглаж байв. Өнгөц харвал энэ нь хөгжлийн амбиц буурсан мэт сэтгэгдэл төрүүлж болох ч илүү нарийвчилсан тооцоололд тулгуурлаж, прагматик, стратегийн шинжтэй болсон гэж судлаачид үнэлж байна.

Нэг ёсондоо Бээжин тодорхойгүй байдлыг "нуух" бус илүү ил тод, бодит байдалтай нүүр тулж ажиллахыг зорьж байна. АНУ-Хятадын худалдааны зөрчил үргэлжилсэн, гадаад эрэлт сул, дэлхийн зах зээл савлагаатай байгаа нь үнэн. Тиймээс геополитик болон зах зээлийн таатай нөхцөлд эдийн засгийн өсөлт 5%-д хүрэх боломжтой ба муугаар бодоход 4.5%-иас доош оруулахгүй хадгалж чадна гэж үзсэн хэрэг. Энэ зорилт нь нэг зүйлийг тодорхой харуулж байна. Тус улс хурдтай, тоон үзүүлэлтийг хангах бус илүү чанартай, тогтвортой хөгжлийг эрхэмлэж буйг тодотгож байна.

ЭДИЙН ЗАСГИЙГ "ТЭТГЭГЧ" НОГООН ШИЛЖИЛТ

ХV дугаар 5 жилийн төлөвлөгөөнд тэргүүлэх чиглэл болгон тусгасан 5 салбарын нэг нь ногоон хөгжил.

Энэ хүрээнд урд хөрш нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах, агаар, орчны бохирдлыг багасгах, экологийн тэнцвэрийг хадгалах бодлогыг илүү эрчимжүүлнэ. "Үндэсний тодорхойлсон хувь нэмэр"-ийн зорилттой уялдуулан ДНБ-ий нэгжид ногдох нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2030 он гэхэд нийтдээ 17%-иар бууруулна гэжээ.

2026-2030 онд хэрэгжих төлөвлөгөөний хүрээнд 6 салбарт нийт 109 томоохон төсөл хэрэгжүүлэхээр тусгаснаас 18 нь шууд ногоон шилжилтийг дэмжихэд чиглэж байна. Сүүлийн жилүүдэд цэвэр эрчим хүчний салбар Хятадын нийт эдийн засгаас илүү хурдтай тэлж байна. Цахилгаан тээврийн хэрэгсэл (EV), батарей, нарны эрчим хүчийг багтаасан "шинэ гурвал" хурдацтай урагшилж, эдийн засагт нэлээд жин дарж байна. Өнөөдрийн байдлаар Хятад улсад эдгээр салбар нь эрчим хүчний нэмүү өртгийн гуравны хоёрыг бүрдүүлж, салбар дахь нийт хөрөнгө оруулалтын бараг 90%-ийг цэвэр эрчим хүч дангаараа эзэлж буй нь анхаарал татаж буй юм.

Түүнчлэн, хэрэв цэвэр эрчим хүчний салбар ийнхүү эрчимтэй тэлээгүй бол БНХАУ-ын эдийн засгийн өсөлт өнгөрсөн онд ойролцоогоор 5% бус, 3.5%-д л хүрэх байсан гэж "Carbon Brief" судалгааны байгууллага дурдсан.

Үүнээс харахад, ногоон шилжилтийн үйл явц тус улсын эдийн засгийг "тэтгэгч” шинэ тулгуур болжээ.

Хятад улсад сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал дээд түвшинд хүрсэн. Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, Хятад улс 2025 онд цэвэр эрчим хүчний салбарт 627 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгээд байна. Харин нүүрс, нефть, байгалийн хий тэргүүтэй уламжлалт эрчим хүчний эх үүсвэрт 257 тэрбум ам.доллар зарцуулсан нь хөрөнгө оруулалтын чиглэл хаашаа хэлбийж буйг тод харуулна. Нөгөө талаас, цахилгаан тээврийн хэрэгслийн зах зээл Хятадад үлэмж тэлж, дотоодын хэрэглээнд ноёрхох тал руугаа аажмаар орж байна. 2025 оны 11 дүгээр сарын байдлаар тус улсад борлуулагдсан нийт автомашины 60 орчим хувийг цахилгаан автомашин эзэлж буй юм. Энэхүү чиг хандлага цаашид улам гүнзгийрэх төлөвтэй байна.

ШИЛЖИЛТИЙН ҮЕИЙН "ТЭСВЭРТЭЙ" ТҮЛШ

Хятадад сэргээгдэх эрчим хүч рүү чиглэсэн бодлого эрчимжиж буй ч уламжлалт чулуун нүүрсний салбар тийм ч амар орхигдохгүй нь. Эрчим хүч ба Цэвэр агаарын судалгааны төв, Дэлхийн эрчим хүчний хяналт-шинжилгээний байгууллагын 2025 оны II хагасын тайланд дурдсанаар, Хятадад нүүрсний цахилгаан станцын шинэ төслүүдийн санал 161 ГВт-д хүрэв.

Хятад улс "Үндэсний тодорхойлсон хувь нэмэр," ХV дугаар 5 жилийн төлөвлөгөөндөө чулуужсан түлшний хэрэглээг үе шаттай бууруулж, сэргээгдэх эх үүсвэрийг нэмэгдүүлнэ хэмээн дурдсан. Гэвч 2025 онд ч нүүрсний цахилгаан станцуудын өргөтгөл шинэ дээд түвшинд хүрчээ. Эрчим хүчний аюулгүй байдал, суурь ачааллыг хангах шаардлага нүүрсний хэрэглээг хэвийн хэмжээнд хадгалж байна.

ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН САЛБАРЫН ХЯМРАЛ БА ГАНГИЙН ЭРЭЛТ

Нөгөө талд, Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар 5 дахь жилдээ дараалан агшиж, 80 сая орчим борлогдоогүй орон сууц эзнээ хүлээн зах зээлийг "гацааж" байгаа тухай "Atlantic Council" байгууллага судалгаандаа бичжээ.

Энэхүү хямрал ган, цемент зэрэг суурь салбаруудын эрэлтийг шууд хумиж байна. 2026 оны эхний 2 сард Хятадын гангийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 3.6%-иар буурч, 160.3 сая тоннд хүрсэн нь 2018 оноос хойших хамгийн бага үзүүлэлт юм. Гэхдээ гангийн эрэлтийг дэмжих гол салбар болох үл хөдлөх хөрөнгийн зах зээлд бодлогын дорвитой дэмжлэг "Хоёр чуулган"-аас харагдсангүй.

Энэ салбарт чиглэсэн хөрөнгө оруулалт өмнөх оны түвшинтэй ойролцоо байгаа нь төдийлөн том дэмжлэг болж чадахгүй. Үүний үр дагавар нь тодорхой. Гангийн үйлдвэрлэл суларна, коксжих нүүрсний эрэлт буурна, улмаар нүүрс экспортлогч орнуудад дарамт нэмэгдэнэ. Энэ мэт харилцан хамааралтайгаар нэг нэгэндээ нөлөөлөх аж.

БНХАУ-ын ирэх 5 жилийн ерөнхий төлөвлөгөө, тэргүүлэх чиглэлүүдийг ажиглаваас хэд хэдэн гол санаанууд тод гарч ирж байна. Нэг талаас, Хятадын эрчим хүчний системд нүүрсний үүрэг багасаагүй тул богино хугацаанд эрэлт хадгалагдах боломжтой. Үүний зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө, гангийн салбарын өсөлт саарсан нь коксжих нүүрсний эрэлт буурах эрсдэлийг дагуулж байна. Тус улс цаашид түүхий нүүрснээс илүүтэй боловсруулсан, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн импортлохыг илүүд үзэх нь тодорхой байна.