
Хонконгийн хөрөнгийн биржид бүртгэлтэй "Mongolian Mining Corporation" компани (MMC, 975.HK) 2026 оны 3-р сарын 31-нд дуусгавар болсон эхний улирлын аудит хийгдээгүй үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Тайлант хугацаанд тус компанийн нүүрсний олборлолт болон алтны борлуулалт өмнөх оны мөн үеэс мэдэгдэхүйц өсөлттэй гарсан байна.
ММС нь Өмнөговь аймаг дахь "Ухаа Худаг" болон "Баруун Наран" уурхайнуудаас олборлосон нүүрснийхээ нэгдсэн үзүүлэлтийг танилцуулсан бөгөөд олборлолтын хэмжээ өмнөх оны мөн үеэс 32%-иар нэмэгджээ.
2026 оны эхний улиралд нийт 4.8 сая тонн түүхий (ROM) нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс (3.6 сая тонн) 32%-иар, өмнөх улирлаас 22%-иар өссөн үзүүлэлт юм. Нийт 3.9 сая тонн нүүрс боловсруулж, 2.27 сая тонн баяжуулсан коксжих нүүрс үйлдвэрлэжээ. Баяжуулсан коксжих нүүрсний борлуулалт өмнөх оны мөн үеэс 60%-иар өсөж, 2.55 сая тоннд хүрсэн байна.
Энэ оны эхний улиралд 8,527 унц алт борлуулсан нь өмнөх улирлаас 20%-иар өссөн үзүүлэлт боллоо. Алтны зах зээлийн таатай нөхцөл байдлын улмаас нэг унц алтны дундаж үнэ өмнөх улиралд 4,173 ам.доллар байсан бол энэ улиралд 4,872 ам.доллар болж, 17%-иар өсжээ.
ММС нь зөвхөн коксжих нүүрсээр хязгаарлагдахгүй, алт, мөнгө, зэс болон бусад өнгөт металлын төслүүдийг хөгжүүлж, Монгол улсын өмнөд болон баруун бүс нутагт үйл ажиллагаагаа өргөжүүлж байна.