
Дэлхийн зах зээл дээр зэсийн үнэ огцом өсөж, 2026 оны эхээр тогтоосон бүх цаг үеийн дээд үзүүлэлт рүү дахин дөхөж ирлээ. Өмнө долоо хоногт зэсийн үнэ 5 гаруй хувиар өсөж, Нью-Йоркийн бирж дээр нэг фунт нь 6.11 ам.долларт хүрсэн байна. Энэ нь тонн тутамдаа 13,480 ам.доллартай тэнцэж байгаа бөгөөд Ираны дайн эхлэхийн өмнөхөн бүртгэгдэж байсан түүхэн дээд үнийн түвшинд маш ойрхон үзүүлэлт юм.
Энэхүү үнийн өсөлтөд Хятадын хайлуулах үйлдвэрүүдийн идэвхжил түүхэн дээд түвшинд хүрсэн нь голлон нөлөөлжээ. "Earth-i" компанийн хиймэл дагуулын шинэ дата мэдээллээр Хятадын хайлуулах үйлдвэрүүдийн идэвхтэй хүчин чадал 10.73 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн жилийнхээс 775,000 тонноор нэмэгдсэн байна. Тус улсын сул зогсолт ердөө 3.9 хувь хүртэл буурсан нь эрэлт эргэн сэргэснийг илтгэж байна.
Нөхцөл байдлыг улам хурцатгаж буй нэг хүчин зүйл нь хүхрийн хүчлийн үнийн өсөлт юм. Ираны дайны улмаас нийлүүлэлт тасалдаж, хүхрийн хүчлийн үнэ 1-р сараас хойш 74 хувиар өсжээ. Энэ нь хайлуулах үйлдвэрүүдэд дагалдах бүтээгдэхүүнээсээ ашиг олох боломж олгож байгаа тул тэд баяжмал боловсруулах зардлаа (TC/RC) түүхэн доод түвшин буюу тэг ам.доллар хүртэл бууруулж, баяжмал авахаар уралдаж эхэлжээ. Жишээлбэл, "Antofagasta" компани Хятадын хайлуулах үйлдвэртэй 2026 оны гэрээгээ ийм нөхцөлөөр байгуулсан байна.
Гэвч дэлхийн бусад бүс нутагт нөхцөл байдал Хятадынхаас өөр байна. Хойд Америкийн хайлуулах үйлдвэрүүдийн сул зогсолт 32.3 хувьд хүрч, дэлхийн хэмжээнд хамгийн сул үзүүлэлттэй байгаа бол Австралийн "Mount Isa" үйлдвэрийн зогсолт үргэлжилсээр байна. Цаашид Индонезийн уурхайнуудын экспортын зөвшөөрөл дуусч, Конго улс дотооддоо баяжмалаа хайлуулж эхлэх нь зах зээл дэх зэсийн хомсдолыг улам даамжруулж, үнийг түүхэн дээд түвшнээс давуулах магадлалтай байна.
Эх сурвалж: mining.com