Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Сурвалжилга

"Mongolia Mining 2026": Уул уурхайн салбарын технологийн шинэчлэл, зардлын үр ашгийг онцолж байна

"Mongolia Mining 2026" олон улсын уул уурхайн үзэсгэлэн Буянт-Ухаа спортын ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж, салбарын гол тоглогчид технологийн дэвшил, үйл ажиллагааны зардлыг бууруулах шийдлүүдээ танилцуулж байна. Өнөөдрийн хөтөлбөрт уул уурхайн дижитал шилжилт, хүнд механизмын шинэчлэл болон Industry 4.0 стандартын асуудлууд голлох байр суурийг эзэллээ.

Хөтөлбөрийн хүрээнд үндсэн тайзнаа салбарын шинэ шийдэл, дэвшилтэт технологиудыг танилцуулсан илтгэлүүд тасралтгүй үргэлжлэв. Тухайлбал, SmartGPS ХХК-ийн засвар төлөвлөлтийн ухаалаг систем, FARO лазер сканнерын уул уурхайн хэрэглээ болон Трансвест Монголиа ХХК-ийн Комацу HD1500 автосамосвалын танилцуулга зэрэг техник, программ хангамжийн шийдлүүдийг онцоллоо.

Үдээс хойших хэлэлцүүлгүүд "Ногоон технологи" болон зардлын удирдлагад төвлөрөв. Big Mogul Equipment ХХК-ийн зүгээс уурхайн тээвэрт зардлыг бууруулж, бүтээмжийг өсгөх ногоон технологийн шийдлүүдийг дэлгэрэнгүй танилцуулсан юм. Энэ нь дэлхий нийтийн чиг хандлага болсон ESG (Байгаль орчин, нийгэм, засаглал) шаардлагуудад нийцэхүйц шийдэл болж байгааг салбарын шинжээчид тэмдэглэж байна.

Экспод зөвхөн дотоодын компаниуд бус олон улсын үйлдвэрлэгчид идэвхтэй оролцож байна. Тухайлбал, Италийн Euroricambi Group болон хөдөлмөр хамгааллын гутлын дэлхийн брэнд Bata Industrials-ийн төлөөллүүд өөрсдийн технологийн онцлог, Монголын зах зээлд нийлүүлэх боломжит шийдлүүдээ танилцууллаа.

Үзэсгэлэнгийн хоёр дахь өдөр салбарын залгамж халааг дэмжих зорилготой "Next Generation" илтгэлийн тэмцээнээр үргэлжлэн өндөрлөв. Маргааш үзэсгэлэнгийн сүүлийн өдөр тул салбарын мэргэжилтнүүд, сонирхогч та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.