Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

“Эрдэнэс Монгол” нэгдлийн уурхайн тоног төхөөрөмжүүдийг цахилгаан болгоход анхаарна

-АҮЭБЯ: БНСУ-ын HANWHA групптэй боловсруулах үйлдвэрийн төслүүдэд хамтрах саналаа илэрхийллээ-

Салбарын сайд Г.Дамдинням тэргүүтэй “Эрдэнэс Монгол” нэгдлийн төлөөлөгчид БНСУ-ын Hanwha Group-ийн Дэд Ерөнхийлөгч Жон Жэ Хю тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайд аж үйлдвэр, эрдэс баялгийн салбар нь олборлолтоос боловсруулах чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцолж, сэргээгдэх эрчим хүчний салбарт Hanwha Group оролцох боломж нээлттэй байгааг дурдлаа. Тэрбээр сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааг дэмжиж ажиллахаа илэрхийлэв.

Тэрбээр “Бид гурван чиглэлээр хамтран ажиллах саналтай байна. Нүүрс боловсруулах, технологийн чиглэлд хамтрах, Аж үйлдвэрийн парк байгуулах боломжтой. Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжих чиглэлээр бодлогоор ажиллаж байна. Цаашид түлш, шатахууны хэрэглээг эрс бууруулах зорилгоор уул уурхайн төслүүдийг ногоон эрчим хүчээр хангах, тоног төхөөрөмжүүдийг цахилгаан болгох чиглэлд анхаарч байна” гэлээ. Тухайлбал, “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа уул уурхайн компаниуд сэргээгдэх эрчим хүчээр ажиллах, тоног төхөөрөмжүүдийг цахилгаан болгох чиглэлд үүрэг даалгавар өгөх, дэмжих зэргээр анхаарал хандуулж байгаа аж. Мөн Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт гангийн цогцолбор барих төсөлд олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан бөгөөд үүнд Hanwha группийг оролцох нь нээлттэй болохыг дурдлаа.

Hanwha групп нь үйл ажиллагаа, цар хүрээгээрээ улсдаа долдугаарт эрэмбэлэгддэг. Хойд Америк, Европ, Ази Номхон далайн бүсэд 700 гаруй салбар нэгжтэй. Аж үйлдвэр, эрчим хүч тэр дундаа сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр голлон үйл ажиллагаа явуулдаг.

Эх сурвалж: АҮЭБЯ