
Хятадын газрын ховор элементийн томоохон үйлдвэрлэгч үнээ огцом өсгөсөн нь зах зээлийн хомсдол нүүрлэж, Ойрхи Дорнод дахь мөргөлдөөнөөс үүдэлтэй геополитикийн хурцадмал байдал дээд цэгтээ хүрснийг харуулж байна.
Өнгөрсөн Баасан гарагт (2026.04.10) China Northern Rare Earth Group компани 2026 оны хоёрдугаар улирлын газрын ховор элементийн баяжмалын арилжааны үнээ 50%-ийн агуулгатай (REO) түүхий эдэд үндэслэн тонн тутамд 38,804 юань (ойролцоогоор 5,390 ам.доллар, татвар тооцоогүй) байхаар тогтоосноо мэдэгдэв.
ӨМӨЗО-д төвтэй тус компани нэмж дурдахдаа, агуулгын нэг нэгж хувийн өөрчлөлт тутамд үнийг тонн тутамд 776.08 юаниар (ойролцоогоор 108 ам.доллар) тохируулна гэжээ. Энэхүү шинэчлэгдсэн үнэ нь нэгдүгээр улиралтай харьцуулахад 44.6%-иар өссөн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны мөн үеэс хоёр дахин өндөр байна.
Компанийн зүгээс тайлбарласнаар, уг үнийг өөрийн хамаарал бүхий нийлүүлэгч болох "Inner Mongolia Baotou Steel Union" компанитай байгуулсан одоогийн хэлэлцээрийн дагуу, 2026 оны нэгдүгээр улирлын газрын ховор элементийн оксидын үнэд тулгуурласан баяжмалын үнийн томьёог ашиглан тогтоожээ. Шинэ жишиг үнийг дотоод удирдлагын хурлаар хэлэлцэж, баталсан байна.
Ормузын хоолойгоор дамжин өнгөрдөг түүхий эдээс хамааралтай олон салбарт нийлүүлэлтийн сүлжээний эрсдэл нэмэгдэж буй үед энэхүү үнийн өсөлт болж байна. Ойрх Дорнод дахь дайн нь хөнгөн цагаан зэрэг бусад ашигт малтмал шиг газрын ховор элементийн тээвэрлэлтэд шууд хүчтэй нөлөөлөөгүй ч, хүдэр угаах болон баяжуулахад ашиглагддаг хүхрийн хүчлийн дэлхий даяарх хомсдолыг үүсгээд байна.
Үүнтэй тэмцэхийн тулд Хятад улс ирэх тавдугаар сараас эхлэн хүхрийн хүчлийн экспортоо зогсоох төлөвлөгөөтэй байгаагаа өнгөрсөн долоо хоногт зарласан. Энэхүү шийдвэр нь Хятад АНУ-ын тарифийн эсрэг хариу арга хэмжээ авч, салбарт давамгайлах байр сууриа ашиглан газрын ховор элементийн бүтээгдэхүүнд экспортын хязгаарлалт тогтоосноос яг нэг жилийн дараа гарч байна.
Эх сурвалж: mining.com