
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн Багануур дүүрэгт ажиллах үеэрээ “Эрдэнэс Монгол” нэгдлийн харьяа “Багануур” ХК-ийн уурхайчид, ажилтан, албан хаагчидтай уулзлаа.
Энэ үеэр Ерөнхийлөгч тус уурхайн 48 жилийн турш төвийн бүсийн эрчим хүчний нүүрсний хэрэгцээг тасралтгүй хангаж, иргэдийн ая тухтай амьдрал, орон нутаг, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн хамт олонд талархал илэрхийллээ.
Багануур” ХК улсын эрчим хүчний нүүрсний хэрэглээний 47%, төвийн бүсийн хэрэглэгчдийн 52%-ийг дангаараа хангадаг.
Өнгөрсөн онд 4.8 сая тонн нүүрс олборлож, 37.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсний зэрэгцээ олон жил хуримтлагдсан өр төлбөрөө барагдуулан 2.7 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна.
Улсын төсөвт 105 тэрбум, Нийгмийн даатгалд 19 тэрбум, Үндэсний баялгийн санд 126 сая төгрөг тус тус төвлөрүүлжээ.
Энэ жил 4.8 сая тонн нүүрс олборлох бөгөөд 2028 он гэхэд олборлолт 8 сая тонн болж нэмэгдэнэ гэдгийг компанийн Гүйцэтгэх захирал Т.Отгонболд хэллээ.
“Эрдэнэс Монгол” нэгдлийн 255 тэрбум төгрөгийн санхүүжилтээр барих Нүүрс пиролизын үйлдвэр ашиглалтад орсноор жилд 600 мянган тонн хөх нүүрс, 82 мянган тонн нам температурын давирхай үйлдвэрлэж, 40 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэнэ.
Ингэснээр орон нутагт 400 гаруй ажлын байр бий болох тооцоо гарсан байна.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд улсын хэмжээнд 116 сая мод тарьж, ургуулаад байна. “Багануур” ХК хөдөлгөөнд нэгдэн 520 орчим мянган мод, бутны суулгацыг мод үржүүлгийн газартаа бойжуулж, 2 тэрбум төгрөгийг нөхөн сэргээлтэд зарцуулжээ.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Японы хөнгөлөлттэй зээлийн 23.5 тэрбум төгрөгийг тус компанийн технологийн автомашин, механизмын 27%-ийг шинэчлэхэд зарцуулах шийдвэр гаргаж байсан юм. Ерөнхийлөгч уулзалтын үеэр мөн төрийн тэргүүний бодлого, үйл ажиллагаа, үндэсний хэмжээний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар товч танилцууллаа.