
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Иран улс дэлхийн зах зээлийг тогтворгүй болгоод буй дайныг зогсоох хэлэлцээрийг эцэслэн боловсруулах зорилгоор хоёр долоо хоногийн хугацаанд гал зогсоохоор тохиролцсоны дараа алтны ханш өслөө.
Алтны ханш 3.1%-иар өсөж, нэг унц нь 4,850 ам.доллароос давлаа. Газрын тосны үнэ нэг торх нь 100 ам.доллароос доош орж огцом унасан бөгөөд ам.долларын ханш мөн суларсан нь алтны үнэ өсөхөд нөлөө үзүүлэв. Хувьцааны зах зээл 2%-иас дээш өсөлт үзүүлэв. Ойрх Дорнодод дайн эхэлснээс хойш алт нь хувьцаатай ижил чиглэлд арилжаалагдах болсон бөгөөд хөрөнгө оруулагчид багцынхаа бусад алдагдлыг нөхөхийн тулд алтаа зарж эхлээд байсан.
Зургаа дахь долоо хоногтоо үргэлжилж буй уг мөргөлдөөн нь эрчим хүчний үнийг хөөрөгдөж, инфляцын эрсдэлийг нэмэгдүүлсэн тул төв банкууд хүүгээ бууруулахаа хойшлуулах, эсвэл бүр нэмэгдүүлэх магадлалыг бий болгосон. Бондын арилжаачид Холбооны нөөцийн сан (FED)-г оны эцэс хүртэл зээлийн хүүг тогтвортой барина гэж таамаглаж байгаа бөгөөд энэ нь хүүгийн өгөөжгүй алтны хувьд сөрөг нөлөөтэй.
2 дугаар сарын сүүлээр дайн эхэлснээс хойш алтны үнэ бараг 10%-иар унаад байсан юм.
"Ойрын хугацаанд алтны ханш улс төрийн үйл явдалд маш мэдрэмтгий хэвээр байна" гэж Pepperstone Group Ltd-ийн стратегич Ахмад Ассири хэлэв.Тэрээр "Одоогийн гал зогсоох шийдвэр нь түр зуурын амсхийх боломж олгож байгаа ч энэ нь тодорхой нөхцөл, шаардлагатай. Хэлэлцээр тасрах, ялангуяа Ормузын хоолойтой холбоотой ямар нэгэн асуудал гарвал тогтворгүй байдал дахин үүсэж, ханш унах эрсдэлтэй" гэж анхаарууллаа.
Сингапурын цагаар өглөөний 8:02 цагийн байдлаар алтны спот үнэ 3%-иар өсөж, унц нь 4,849.01 ам.долларт хүрэв. Мөнгөний үнэ 5.4%-иар өсөж 76.92 ам.долларт хүрсэн бол платинум болон палладийн үнэ мөн өсөлттэй байна. Bloomberg-ийн ам.долларын индекс 0.8%-иар буурчээ.
Эх сурвалж: mining.com