Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Энэтхэгийн Оросоос импортолж буй нефтийн хэмжээ 90% өслөө

Ч.Сансар

Энэтхэгийн Оросоос импортолж буй газрын тосны хэмжээ гуравдугаар сард өмнөх сартай харьцуулахад 90%-иар өссөн байна. Энэ нь Ойрхи Дорнод дахь мөргөлдөөний улмаас нийлүүлэлт тасалдаж, мөн  тээвэрлэгч хөлөг онгоцонд ачигдсан Оросын газрын тосыг худалдан авахыг АНУ зөвшөөрсөнтэй холбоотой юм байна.

Гэсэн хэдий ч Энэтхэгийн түүхий нефтийн нийт импорт Ормузын хоолой хаагдсанаас болж 15%-иар буурсан гэж The Times of India сонин зах зээлийн судалгааны Kpler компанийн мэдээллээс иш татан мэдээлэв.

Ирак, Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсаас Энэтхэгт нийлүүлэх түүхий нефтийн хэмжээ гуравдугаар сард буурсан бол Африкийн тэргүүн  үйлдвэрлэгчдийн нэг болох Ангол улсын нийлүүлэлт гурав дахин нэмэгдсэн байна.

Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмиратын зарим экспорт нь Ормузын хоолойг тойрч Энэтхэгт хүрч байгаа хэдий ч энэхүү арга хэмжээ нь дэлхийн нефть, хийн  дамжин өнгөрдөг гол суваг хаагдсанаас болж алдагдсан нийлүүлэлтийг нөхөж чадахгүй байна.

"Бусад улсууд Ормузын хоолойгоор саадгүй дамжин өнгөрөхийн тулд Ирантай шууд хэлэлцээр хийж байгаа гэсэн мэдээлэл байна. Жишээлбэл, Иран улс Энэтхэг, Тайланд зэрэг орнуудын хөлөг онгоцыг дамжин өнгөрөхийг зөвшөөрсөн" гэж Kpler-ийн ахлах шинжээч Фред Асиеду энэ долоо хоногийн эхээр мэдэгджээ.

АНУ далайгаар тээвэрлэж буй Оросын нефтийг худалдан авахыг зөвшөөрснөөс хойш Энэтхэгийн нефть боловсруулах үйлдвэрүүд олон сая баррель нефть худалдан авчээ.

Энэ оны эхээр АНУ Оросын нефтийн худалдааг хязгаарлах шийдвэр гаргаж, Энэтхэгт шахалт үзүүлж Оросын импортыг бууруулсаны улмаас ихэнх худалдан авагчид (Хятадаас гадна) Оросын нефтээс зайлсхийдэг болсон. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж улмаар Хятад, Энэтхэг зэрэг улсууд Оросын нефтийн төлөө өрсөлдөж эхэллээ.

Эх сурвалж: Oilprice