
Т.Бямбанаран
Алтны үнэ Лхагва гарагт /2026.04.01/ дахин бага зэрэг нэмэгдэж, энэ долоо хоногийн өсөлтөө хадгалав. Ойрх Дорнодод хурцадмал байдал намжих шинжтэй байгаа тул хөрөнгө оруулагчдын инфляцын талаарх болгоомжлол суларчээ.
Спот алтны үнэ 1.8 хүртэл хувиар өсөж, нэг унц нь ойролцоогоор 4,760 ам.долларт хүрсэн. Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп дайн эхэлснээс хойш анх удаагаа Ираны эсрэг пуужингийн цохилтоо түр зогсоохоо зарласан. Үүнээс хойш алтны үнэ дөрвөн арилжааны өдрийн хугацаанд нийтдээ 4.5%-иар өсөөд байгаа.
Мөн Трамп Ирантай хэлэлцээр байгуулахгүй байсан ч дайныг дуусгах бодолтой байгаагаа илэрхийлж, хөрөнгийн зах зээл хоёр дахь өдрөө дараалан сэргэв. Ийнхүү ам.долларын ханш буурсан бол алт зэрэг үнэт металд чиглэх сонирхол улам нэмэгджээ.
“Бид тун удахгүй цэргээ татна” хэмээн Трамп Мягмар гарагт Цагаан ордонд хийсэн мэдэгдэлдээ дурдаад, “хоёр долоо хоногийн дотор, магадгүй гурван долоо хоногийн дотор” дайралтаа зогсооно гэдгээ мэдэгджээ.
Сүүлийн нэг сарын хугацаанд Ойрх Дорнод дахь дайны улмаас дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тавны нэгийг тээвэрлэдэг Ормузын хоолой хаагдаж, эрчим хүчний үнэ өсөн улмаар дэлхийн инфляц нэмэгдэх эрсдэлийг улам гааруулж байгаа.
“RJO Futures”-ийн Ахлах зах зээлийн стратегич Боб Хаберкорн, “Хэрэв нөхцөл байдал намжвал бодлогын хүү буурах хүлээлт дахин нэмэгдэж, алтны үнэ нэг унц нь 5,000 ам.доллароос дээш өсөх боломжтой” гэж үзжээ.
Эх сурвалж: mining.com