
Б.Төгс
Аж үйлдвэрийн гол метал зэсийн ханш Лондоны металын бирж дээр гуравдугаар сарын 20-ны байдлаар тонн тутамдаа 12021.5 ам.долларт хүрч хаагдсан байна. Ингэснээр аранжин металын ханш өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр үзүүлсэн оргил ханшийн түвшин болох 13844 ам.доллар/тонн-оос даруй 15 орчим хувиар буураад байна.
Ийнхүү зэсийн ханш буурах болсон нь биржүүдийн агуулах дахь нөөц нэмэгдэж буйн сацуу эрэлт буурч болзошгүй гэсэн болгоомжлолоос үүдэлтэй ажээ. Одоогийн байдлаар Лондоны металын биржийн агуулах дахь зэсийн нөөц сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд гуч орчим мянган тонноор нэмэгдэж 340 гаруй мянган тоннд хүрсэн нь 2019 оны есдүгээр сараас хойших хамгийн өндөр дүн болж байна.
Ойрхи Дорнодын хурцадмал байдлаас үүдэн түлш шатахууны үнэ ханш өсч, улмаар инфляцыг өдөөснөөр аж үйлдвэрлэлийн эрчмийг удаашруулж, зэсийн эрэлтийг хумина гэсэн болгоомжлол үүсээд байна.
Голлох эдийн засаг болох АНУ, Хятадын эрэлт буурч байгааг шинжээчид онцолж байна. АНУ-ын төв банк сүүлд гаргасан шийдвэртээ бодлогын хүүг бууруулахгүй, хэвээр барихаар болсноо (2026.03.18) зарласан. Ингэснээр хөрөнгө оруулагчдын дунд америк долларын ханш хүчтэй хэвээр байх төлөвийг баталгаажуулж, улмаар энэ нь доллароор худалдаалагддаг түүхий эдийн эрэлтэд төдийлөн эерэг нөлөө үзүүлэхгүй гэдгийг шинжээчид тайлбарлалаа.