Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

ЗЭСИЙН АМНАТ-ИЙГ ХӨДӨЛГӨХ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ БАТЛУУЛНА

MMJ сэтгүүлийн 2 дугаар сарын дугаарт:

Б.Төгсбилэгт

Cалбарын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийн сарсар байлаа, хоёрдугаар сар үндсэндээ. Хуулийн төслийн олон нийтийн урьдчилсан хэлэлцүүлэг хоёрдугаар сарын 6-нд зохиогдож, улмаар орон нутагт үргэлжлээд ээлж дараатайгаар болж өрнөв. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл боловсруулснаа салбар яам дэлгэн танилцуулж, цомхон хугацаанд олон нийтийн сонсголыг амжилттай зохион байгуулж чадлаа. Хуулийн төслийн талаарх олон нийтийн сонсголоор салбарынхан сонирхолтой саналуудыг дэвшүүлцгээлээ. Маргаан мэтгэлцээн их өрнөсөн ч салбарынхан шинэ хуулийг ихэд хүсэн хүлээцгээж байгаа нь илэрхий анзаарагдав. Салбарын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг салбар яамнаас гуравдугаар сарын дундуур УИХ-аар хэлэлцүүлэхээр өргөн барих зорилттой. Одоо олон нийтийн хэлэлцүүлгүүдээс гарсан үр дүнг дахиж эмхэтгэн, хуулийн үр нөлөөг эцэслэн боловсруулах ажил үлдсэн.

Хуулийн төслийг боловсруулж өргөн барих болсны гол зорилго, үндэслэл нь улс орны эдийн засгийн гол зангилаа болсон эрдэс баялгийн салбарын тогтвортой эрчмийг алдагдуулалгүй хадгалах явдал ажээ. Эрдсийн экспорт өсөлттэй яваа ч нөгөө талд салбарын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хадгалах гол хүчин зүйлс уруудан доройтох хандлагатай байна. "Эрнст энд Янг"-ийн хийсэн судалгаагаар одоогийн энэ хэвээр үргэлжилбэл манай улсын уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт 2050 он гэхэд ёроолдоо хүрэх төлөв гарчээ. Түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрөл олголт буурсаар байгаа нь цаашид шинэ ордуудыг нээж илрүүлэх боломжийг улам бүр хязгаарлах болжээ. Оюутолгойн бүтээн байгуулалт дуусч, хөрөнгө оруулалт мөн адил зогсох тал руу эргэж буй энэ үед дараагийн шинэ урсгалыг бодох ёстойг эдийн засагчид анхааруулсаар ирсэн. Гэхдээ эдгээр асуудал нь уул уурхайн экспортын өндөр өсөлтийн үед олон нийтэд яг одоохондоо төдийлөн сонин биш байж болох юм. Илүү сонин зүйл бол АМНАТ-тэй холбоотой өөрчлөлт. Шинэ хуулийн төслөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг илүү ахиу хэмжээгээр баялгаа ашиглуулж буй тухайн аймаг суманд нь хуваарилах өөрчлөлт хуулийн төсөлд тусгалаа олжээ. Энэхүү санал нь цоо шинэ зүйл биш боловч бодит биеллээ ололгүй байсаар ирсэн зохицуулалт юм. 

Нөгөөтээгүүр улсын экспортын голлох түүхий эд болох зэсийн салбарт шинэ төслүүд ашиглалтад орох нөхцөлийг бүрмөсөн хааж буй өсөн нэмэгдэх АМНАТ-ийн зохицуулалтыг илүү хөнгөвчлөх заалт уг хуулийн төсөлд мөн багтжээ. Мөн бусад олон асуудал шинэ хуулийн төсөлд тусгалаа олсон нь чуулганаар "босго давах" эсэх тухай эргэлзээг эрхгүй төрүүлнэ. Гэхдээ хуулийн төслийг хэлэлцэн баталж гэмээнэ салбарын тогтвортой хөгжлийг баталгаажуулж, тэр нь эргээд улс орны урт хугацааны өсөлтийг нөхцөлдүүлэхийг салбарын яам онцлон тэмдэглэж байна. Аж үйлдвэр,эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн хуулийн төслийг урьдчилсан хэлэлцүүлгээр танилцууллаа. 

Түүний тайлбарласнаар,  Ашигт малтмалын тухай хуулийг анх 1997 онд баталж, 2006 оны долдугаар сарын 8-нд 11 бүлэг, 66 зүйлтэйгээр шинэчлэн найруулан баталсан байдаг. Түүнээс хойш 16 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 11 бүлэг 59 зүйлийн хэсэг, заалтууд ямар нэгэн байдлаар хөндөгдсөн байна. Тодруулбал 2009 онд 61, 2010 онд 15, 2011 онд 8, 2012 онд 28, 2013 онд 6, 2014 онд 79, 2015 онд 26, 2016 онд 16, 2017 онд 26, 2018 онд 3, 2019 онд 30, 2021 онд 2, 2022 онд 10 зүйл, хэсэг, заалтад тус тус өөрчлөлт оруулж байсан бөгөөд нийт 400 гаруй өөрчлөлт оржээ.

Одоо танилцуулж буй хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр дараах өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Хуулийн хамрах хүрээний тухайд салбарын хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр дараах асуудлыг хөндөнө. Үүнд:

Шинэ хуулийн төслийн хамрах хүрээ:

1. Хайгуулын тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгох,

2. Чухал ашигт малтмалын эрх зүйн орчин,

3. Баяжуулах үйлдвэрийн тусгай зөвшөөрөл, үйл ажиллагаа,

4. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт хүргэх өгөөж

Хуулийг дагалдаж хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүд:

1. Түгээмэл тархацтай АМ-ын тухай хуулийг хүчингүй болгох тухай,

2. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай,

3. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

4. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

5. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,

6. Ирээдүйн өв сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

7. Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

8. Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

9. Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

11. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай,

12. Урт нэртэй хуульд нэмэлт оруулах тухай,

13. Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай,

14. Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай,

15. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах. 

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Ашигт малтмалын тухай хууль нь 620 гаруй зүйл заалттай. 2006 оноос хойш 410 гаруй зүйл, заалт дээр өөрчлөлт орсон. Харин одоогийн шинээр өргөн барих нэмэлт, өөрчлөлтийн төслөөр нийт 209 хэсэг дээр тусгасан. Хууль өөрчлөлт оруулахаар тогтоомжийн тухай хуульд тусгасны дагуу одоо байгаа хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа зүйл заалтынхаа 50%-д хүрэхгүй буюу нэмэлт, өөрчлөлт хэлбэрээр төсөл боловсруулагдаад явж байгаа гэсэн үг. Хуулийн шинэчилсэн найруулгын тухайд 80%-иас дээш хэсгийг хамруулан өөрчлөлт оруулахыг хэлдэг.

Хэлэлцүүлэгт мөн салбарын сайд Г.Дамдинням оролцож тодорхой тайлбар хийсэн. Салбар яам энэ удаад шинэчилсэн найруулгын төслөөс зайлсхийж, нэмэлт, өөрчлөлтийн төслийг сонгох болсон нь хугацаа хэмнэх, нөгөө талаас байдлыг одоогийнхоос дордуулахгүйн үүднээс ийнхүү алхам хийжээ. Салбарын сайд асуудлаас зугтаалгүйгээр  Шинэ хуулийн төслийг боловсруулж батлуулах ажлыг хийж буйгаа хэлэлцүүлгээр нуусангүй. Хариуцлагатай уул уурхайг дэмжиж, улс орны урт хугацааны өсөлтийг хангах нь хуулийн төслийн зорилго болохыг салбарын сайд Г.Дамдинням хэлэлцүүлгийн үеэр онцоллоо. Уул уурхайн салбарын одоогийн үйл ажиллагаа нь гагцхүү 90-ээд оноос өмнөх ордуудын нээлтүүдэд үндэслэн явагдаж буйг тэрбээр тэмдэглэлээ. Иймээс ирээдүй хойч үедээ сайн сайхан амьдралыг тогтвортой хадгалж үлдээхийн тулд геологи, хайгуулын ажлыг эрчимжүүлж, хариуцлагатай уул уурхайг дэмжих нь чухал ажээ. Эсрэгээр хариуцлагагүй уул уурхайг таслан зогсооно. Улс орны эдийн засаг урт хугацаандаа уул уурхайг түшсэн хэвээр байх тул тус салбарын хөрөнгө оруулалтыг тогтвортой хадгалах, түүнд тохирсон хууль эрх зүйн орчныг бий болгох нь тулгамдсан ажил болоод буйг сайд цохон тэмдэглэв.

Шинэ хуулийн үндсэн концепцийн эхний асуудал болох хайгуулын тусгай зөвшөөрөл олголтын тухайд гэвэл 2004, 2005, 2008 онд лиценз олголт хамгийн өндөр байсан бол 2011-2013 онд огт олгогдоогүй тухай Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Уул уурхайн бодлогын газрын дарга Г.Намчинсүрэн танилцууллаа. Ингээд 2019 оноос үндсэндээ сонгон шалгаруулалтаар лиценз олгож байгаа нь хүссэн үр дүнд хараахан аваачихгүй байгаа ажээ. Өөрөөр хэлбэл цаашид эдийн засгийн аюулгүй байдлаа хамгаалах, дараа дараагийн ордоо нээж эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлд хангалтгүй байна гэсэн дүгнэлтэд хүрчээ.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг шинэ хуулийн төслөөр нэгдүгээрт өргөдлөөр олгоё. Мөн сонгон шалгаруулалтаар олгодог одоогийн зарчмыг давхар хадгалъя гэсэн томъёоллыг баримталжээ. Одоогоор улсын төсвийн хөрөнгөөр геологийн суурь судалгааны ажлыг гүйцэтгэж байгаа юм. Судалгааны дүнгээр хэтийн төлөв бүхий талбай илэрвэл үнэлгээг талбайгаар байдлаар Сонгон шалгаруулалтын батлуулан хайгуулын зарлах тусгай зөвшөөрөл олгож байна. Нөгөөтээгүүр судалгаа хийж үзээд хэтийн төлөвтэй гэж тодорхойлогдоогүй газар үлддэг ажээ. Тэдгээр талбайд сонирхсон этгээд ороод ирвэл өргөдлөөр төлөвлөжээ. олгохоор Түүнчлэн талбайд тохиолдолд Сонгон шалгаруулалтын оролцогч хангалтгүй тухайн талбайг өргөдлөөр олгохоор заажээ. Ингэхдээ Засгийн газраар тухайн талбайг батлуулаад нийтэд зарлахаар хуулийн төсөлд тусгасан байна. 

Хуулийн төсөл боловсруулах үндсэн зорилгын томоохон хэсэг нь чухал ашигт малтмалын тухай юм. Дэлхийн улс орнууд нарийн технологийн түүхий эд болох чухал ашигт малтмалын талаарх бодлогоо тодорхойлж, төрлийн ашигт малтмалын хайгуул, олборлолт, баяжуулалт, боловсруулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Манай улс чухал ашигт малтмалынхаа жагсаалтыг баталж дэлхий нийтийн чиг хандлагад нийцсэн өөрийн бодлогыг тодорхойлох цаг нь болсон гэж яам үзэж байна. Манай улсад чухал ашигт малтмалын чиглэлээр хамтрах тухай хорь гаруй улс орон санал хүсэлтээ хэдийнэ илэрхийлжээ. Гэвч манай улсын хувьд энэ чиглэлд тодорхой бодлого боловсруулах ажил хангалтгүй байгаа юм. Иймд манай улс юун түрүүнд энэ чиглэлд бодлогоо сайн тодорхойлох шаардлага байна. Улмаар чухал ашигт малтмалын жагсаалтаа батлах шаардлагатайг Г.Намчинсүрэн дарга онцоллоо. Энэ чиглэлийн үйл ажиллагааг дэмжихийн тулд чухал ашигт малтмалын тухайд "урт нэртэй” хуульд хамаарахгүй байхаар шинэ хуулийн төсөлд тусгажээ.

Баяжуулалтын тусгай зөвшөөрлийн тухайд ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч өөрөө баяжуулалтын үйл ажиллагаа явуулдаг бол баяжуулалтын тусгай зөвшөөрөл шаардахгүй. Ашиглалтын тусгай зөвшөөрөлгүй буюу түүхий эдээ бусад хэлбэрээр шийдэж байгаа үйлдвэрүүдээс баяжуулалтын тусгай зөвшөөрөл шаардаж байгаа юм.

Үүсмэл ордын тусгай зөвшөөрөл байхгүй болсон бөгөөд баяжуулалтын тусгай зөвшөөрлийн хүрээнд үүсмэл ордын үйл ажиллагааг шийдэж өгсөн байна. Гаалийн ерөнхий газрын дүн мэдээллээр, 2019 оноос өмнөх баяжуулах үйлдвэрүүдийн идэвхи өндөр байсан бол АМНАТ-ийн зөрүү төлбөрийг төлж буйтай холбоотойгоор тэдгээр үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл огцом буурах болжээ. Байдал 2025 онд эргээд сэргэх хандлагатай байгаа нь түүхий эдийн үнэ өсч байгаатай холбоотой. Одоогоор тусгай зөвшөөрөлгүй баяжуулсан бүтээгдэхүүн экспортолсон 96 аж ахуйн нэгж байна. Үүний 21 аж ахуйн нэгж нь АМГТГазарт уулын ажлын төлөвлөгөө, тайлан өгч батлуулж байгаа бол үлдсэн 75 аж ахуйн нэгжийн талаар тодорхой мэдээлэлгүй байна. Тэдгээрийг бүртгэлжүүлэх шаардлагатай гэж үзэн тусгай зөвшөөрлийн зүйл заалтад тусгаж өгчээ.

Түүнчлэн баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний дотоодын борлуулалтад AMHAT төлөөд, дараа нь баяжуулаад экспортод гаргахад АМНАТ-ийг зөрүүн дээр нь ногдуулаад өндрөөр ногдуулаад байгааг давхардуулж ногдуулахгүй, нэг удаа төлөх заалт оруулсан байна. Ингэснээр боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулах боломж нь нэмэгдэх болов уу гэсэн төсөөлөлтэй байна.

АМНАТ-ийн хуваарилалтын өөрчлөлт нь шинэ хуулийн голлох өөрчлөлтийн нэг. Монгол улсын 21 аймаг, 330 сум ямарваа нэгэн байдлаар энэ салбарын төсөвт төвлөрүүлсэн орлогоос хүртдэг. Гол суваг нь Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан юм. Энэ сан нь бүхэлдээ уул уурхайн орлогоос бүрддэг. Тухайлбал одоогийн хуулиар АМНАТ-ийн 10%-иар ОНХНСан үндсэн орлогоо бүрдүүлдэг. Үүний сацуу хайгуулын тусгай зөвшөөрлийн орлогыг бүхэлд нь, ашиглалтын тусгай зөвшөөрлийн орлогын тал хэсгийг, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн 30%-ийг уг санд төвлөрүүлдэг. 2026 оны төсөвт уг санд нийт 441 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн.

Салбарын яам Сангийн яамтай тохиролцоод одоогийн зохицуулалтаар АМНАТ-ийн 10% нь тус санд төвлөрч буйг 20% болгох нэгдсэн байр сууринд урьдчилсан байдлаар хүрч чаджээ. Орлого хуваарилалтын тухайд, одоогийн Төсвийн тухай хуулиар АМНАТ-ийн 20 хувиас дээш хувийг бүрдүүлж байгаа аймаг, суманд орж ирсэн орлогын 10%-ийг хуваарилахаар зохицуулсан байдаг. Харин шинээр өргөн барих төсөлд АМНАТ-ийн 20%-иас дээш хэсгийг бүрдүүлж байгаа сум руу нь шууд нийт орлогын 30%-ийг төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Ингэснээр төсөл хэрэгжиж буй суманд өгөөж илүү мэдрэгдэж, ОНХНСанд орж ирж байгаа орлогоосоо сум, дүүргийн хөгжлийн тулгамдсан зарим асуудлуудаа шийдэх боломжтой болох ач холбогдолтой ажээ. Энэ зохицуулалт нь орон нутаг уул уурхайг илүү ойлгож хүлээж авах нөхцөлийг бүрдүүлнэ гэж салбарын яам найдаж байна.

Түүнчлэн зэсийн АМНАТ-ийг суурь 5% дээр нэмэх нь үнийн өсөлтөөс хамааруулан 5 хүртэлх хувийн өсөн нэмэгдэх төлбөр тооцохоор хуульчилж өгчээ. "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тухайд 21.5%-ийн АМНАТ төлж буй бөгөөд шинэ хууль батлагдвал хуулиараа 10 хүртэлх хувийн төлбөр төлнө. Энэ нь Сангийн яамны хувьд төсөв бүрдүүлэх гол эх үүсвэрээ алдах эрсдлийг үүсгэнэ. Зөвхөн 2025 онд гэхэд "Эрдэнэт үйлдвэр" даруй 1.1 их наяд төгрөгийн АМНАТ төлжээ. Гэвч гурван жилийн "цонх үе"-ийг хуулинд суулгаж өгчээ. Энэ хугацаанд "Эрдэнэт үйлдвэр"-ийн АМНАТ- ийг одоогийн хэмжээнд царцаахаар хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр улсын төсвийн орлого дунд хугацаандаа хэлбэлзэлгүй байх боломжтой. Нөгөөтээгүүр "Эрдэнэт үйлдвэр"-ийн төлөх АМНАТ буурах ч эсрэгээр төрийн өмчийн компанийн хувьд ногдол ашиг нь нэмэгдэх тул ард түмэнд очих ашгийн хувь хэмжээ буурахгүй гэсэн тайлбарыг салбарын яам өглөө. Үүний дараа бусад хувийн хэвшлийн компаниуд зэсийн төслөө ашиглалтад оруулах боломжтой болж, тэр хэрээр хөрөнгө оруулалт, зэсийн АМНАТ өсөх бололцоотой ажээ.

Мөн баяжмал бүтээгдэхүүнд агуулагдах дагалдах элементийн тухайд эдийн засгийн үр ашиггүй байх нөхцөлд АМНАТ ногдуулахгүй байхаар хуулийн төсөлд тусгасан байна. Одоогоор "Эрдэнэт үйлдвэр" нь 21.5%-ийн АМНАТ төлж буйн 1.5% нь дагалдах элементэд ногдуулсан төлбөр байдаг ажээ. УИХ АМНАТ ногдуулах дагалдах элементийн жагсаалт, чухал ашигт малтмалын жагсаалтыг тус тус батлахаар хуулийн төсөлд тусгаад буй юм. Түүнчлэн АМНАТ тооцох жишиг үнийг Монголын Хөрөнгийн биржийн үнээр тогтоохоор хуулийн төсөлд тусгаад байгаа нь компаниудад хэт өндөр жишиг үнээр төлбөр төлөх нөхцөл үүсгэхээс сэргийлж өгчээ.

Хуулийн төслийг дагаж өөрчлөлт орох зарим хуулийн өөрчлөлтийн талаарх тайлбарууд:

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох тухай, 1. Хуулийн төсөлд дагалдуулан энэ талаар нарийвчлан оруулсан. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журамд одоогийн олгогдсон байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдээ бүртгэлжүүлээд Ашигт малтмалын тухай хуулиараа зохицуулахаар хуулийн төсөлд тусгасан.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 2. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд дараах өөрчлөлтийг оруулахаар тусгасан. Тухайлбал тус хуульд "биржийн арилжаа нь экспортод гаргах харилцааг хэлнэ" гэж заасан байдаг. Гэвч биржийн арилжааны нөхцөл нь хил залгаа орны хилийн боомтын үнээр худалдана гээд хуульчлаад өгчихсөн учраас дотоодод түүхий эд нийлүүлэх асуудал нь сул орхигдсон. Тэгэхээр дотооддоо түүхий эд борлуулах тохиолдолд биржээр арилжиж болохын сацуу хүргэлтийн нөхцөлөө уян хатан болгох асуудлыг хуулинд оруулж өгчээ. УИХ-ын 2025 оны 124 дүгээр тогтоол гарч, үүн дагуу биржийн арилжаанаасаа тээврийн харилцаагаа салгах чиглэлийг Засгийн газарт өгчээ. Иймд худалдагч, худалдан авагч тээврээ тусдаа зохицуулах боломж бүрдэх төлөв харагдаж байна.

Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт орохоор "Эрдэнэс Монгол"-ын харьяанд "Чингис байна. Тодруулбал Хаан ҮБС" ХХК-ийг байгуулж, баялгийн санг удирдуулахаар болсон. Үндэсний баялгийн сан нь Ирээдүйн өв сан, Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн гурван сангаас бүрдэнэ. Харамсалтай нь Хөгжлийн сан нь улсын төсөв ашигтай гарвал түүний тал хэсгээр санхүүжих хуультай. Одоогоор төсөв ашигтай гарсан тохиолдол ховор. Салбарын яамнаас ИӨСан руу орж ирж буй АМНАТ-ийн 65%- ийн орлогын тодорхой хэсгийг Хөгжлийн сан руу хуваарилахаар хуулинд тусгаж өгчээ.Ингэснээр УИХ, Засгийн газарт эрэмбэлсэн хөгжлийн төслүүдийг санхүүжүүлээд явах боломж бүрдэнэ. Мөн үнэхээр төсөв ашигтай гарвал Хөгжлийн сан руу орох зохицуулалт нь хэвээр хадгалагдах бөгөөд нэг ёсондоо Хөгжлийн санг орлогын хоёр эх үүсвэртэй болгохоор хуулийн төсөлд тусгасан.

Цөмийн энергийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Газрын ховор элементийг уран, торийтой андуурч ойлгох асуудал байгааг цэгцлэх үүднээс нэршил дээр нь өөрчлөлт оруулаад ГХЭлемент нь Цөмийн энергийн хуулиар бус Ашигт малтмалын тухай хуулиар зохицуулахаар тусгасан.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Геологийн суурь судалгааны ажлыг улсын тусгай хамгаалалттай газар Дээр өнгөрсөн жилүүдэд гүйцэтгэсээр ирсэн. Гэтэл 2023 оны Төсвийн хуулийн дагалдах хуулиар улсын тусгай хамгаалалттай газар дээр геологийн суурь судалгааны ажил хийхийг хориглосон. Улс орны эрх ашигт нэн шаардлагатай цэвэр судалгааны зорилготой уг ажлыг хийх эрхийг нь нээж өгөх зорилгоор энэ хуульд өөрчлөлт орж байгаа ажээ.

Газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Орон нутгийн тусгай хэрэгцээний газарт хайгуул, ашиглалт хийхийг Ашигт малтмалын тухай хуулиараа хориглочихсон. Зарим тохиолдолд эрдсийн хуримтлалтайг нь мэдмэгцээ орон нутгийн тусгай хэрэгцээнд авчихдаг асуудал бий. Үүнийг орон нутгийн үзэмжээр шийдэхгүй, засаг шийднэ гэдэг утгаар хуульд өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Хуулийн төслийг өргөн бариад батлагдах үйл явц нь төсвийн хуулийг УИХ ногоон гэрлээр тэгсгээд баталдаг шиг зүйл мэдээж болохгүй. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл үнэхээр батлагдах эсэх нь маш эргэлзээтэй. Чуулган дээр асар их мэтгэлцээн өрнөх нь тодорхой юм. Ямар ч байсан салбарын яам асуудлыг илүү зоригтойгоор авч үзэж, хуулийн төслөөр дамжуулан салбарын тогтвортой хөгжлийг дэмжихээр эрмэлзэж, тэдгээрийг нь салбарынхан дэмжиж байна.