
Рио Тинто (ASX: RIO) компани Аризона муж улсад "Резолюшн Коппер" уурхайг барихад шаардлагатай газрыг өөрийн мэдэлд авснаа мэдэгдлээ. Энэхүү төсөл нь АНУ-ын чухал ашигт малтмалын хамгийн том эх үүсвэрүүдийн нэг болох төлөвтэй байгаа ч уугуул америкчууд 20 гаруй жилийн турш эсэргүүцсээр ирсэн юм.
Рио Тинто АНУ-ын Ойн албанд Аризона муж дахь 5,400 акр (8.4 хавтгай дөрвөлжин миль) газрыг өгч, хариуд нь цахилгаан автомашин, кабель, электрон хэрэгслийн гол түүхий эд болох 40 тэрбум гаруй фунт (18.1 сая тонн) зэсийн нөөц бүхий 2,400 акр газарт нэвтрэх эрхийг авчээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын давж заалдах шатны шүүх уг газар солилцоог зогсоох хүсэлтийг дахин няцааж, АНУ-ын Дээд шүүх яаралтай арга хэмжээ аван хөндлөнгөөс оролцоогүй тул ийнхүү газар солилцоо хийгдсэн байна. Рио Тинто одоо ордыг судлах 500 сая долларын өрөмдлөгийн ажил эхлүүлэх бөгөөд энэ нь зэс олборлолт хэзээ эхлэхийг урьдчилан таамаглахаас өмнө хийгдэх ёстой зайлшгүй алхам юм.
АНУ-ын Хөдөө аж ахуйн сайд Брук Роллинс даваа гарагт хэлэхдээ, “Энэхүү хариуцлагатай уул уурхайн төсөл нь Ерөнхийлөгч Трампын Америкийн ашигт малтмалын хараат бус байдлын талаарх алсын харааг биелүүлж байна” гэв. Хөдөө аж ахуйн яам нь АНУ-ын Ойн албыг хянадаг юм.
Сан Карлос Апачи (San Carlos Apache) омгийнхон болон тэдний холбоотнууд 2014 онд Конгрессоос зохион байгуулсан газар солилцоог зогсоохын тулд олон жилийн турш тэмцсэн. Учир нь уурхай байгуулагдсанаар тэдний шүтээнээ тахидаг Оак Флат (Oak Flat) буюу Апачи хэлээр Чи’чил Билдаготейл (Chi’chil Biłdagoteel) гэж нэрлэгддэг газрыг залгих юм. Гэвч Дээд шүүх зэрэг олон шатны шүүхүүд "Резолюшн" төслийг хаах хүсэлтийг нь удаа дараа няцаасаар ирсэн.
Трамп өнгөрсөн наймдугаар сард уг төслийг дэмжиж байгаагаа олон нийтэд илэрхийлсэн. Тэрээр тухайн үед өөрийн "Truth Social" платформдоо уурхайг эсэргүүцэгчдийг “Америкийн эсрэг үзэлтэй, зэс олборлолтоор өрсөлдөгч бусад орнуудыг төлөөлж байна” гэж бичиж байжээ.
Рио Тинто болон цөөнхийн хувь эзэмшигч BHP групп нь ямар ч зэс олборлож эхлээгүй байхдаа уг төсөлд 2 тэрбум гаруй доллар зарцуулаад байна. Рио Тинтогийн зэсийн бизнес хариуцсан захирал Кэти Жэксон: “Зэсийн эрэлт хэрэгцээ өссөөр байгаа тул Резолюшн шиг төслүүд дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгдэв.
Төслийн 45%-ийг эзэмшдэг BHP групп нь Резолюшн төслийг “АНУ-ын эдийн засгийн өсөлтийн хөдөлгүүр болж, орон нутагт өндөр өртөг бүхий мянга мянган ажлын байр бий болгож, улсын хэмжээнд тэрбум тэрбумын эдийн засгийн идэвхжил үүсгэх боломжтой” гэж тодотгожээ.
Эх сурвалж: mining.com